Маш сонирхолтой нэгэн жүжгийг өнөөдөр тоглох гэж байна. Нэр нь “Үтрээний хүүрнэл”. Үтрээ юу хүүрнэх бол? Танд сонирхолтой санагдаж байвал өнөөдөр 18.00 цагтУлсын филармонийг зориорой. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дахины V-Day аяны хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу Үтрээний хүүрнэл хэмээх хандивын жүжгийг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб үзэгчдэд хүргэж байна. “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсч, туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих гэнэ.
"Үтрээний хүүрнэл" жүжгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглоно. Өнгөрсөн жил мөн “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клубээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дахины V-Day
аяны хүрээнд дээрх жүжгийг "Black Box" театрт англи, монгол хэл дээр тоглож байсан юм. Тухайн үед манай сэтгүүлч А.Алтантуяагийн хийсэн сурвалжлагыг хүргэж байна.
“Black box” шинэхэн театрын үүдний бяцхан хэсэгт төслийн менежер гэмээр охид намуухан дуугаар мэнд мэдэн “Үтрээний хүүрнэл” хэмээх содон нэртэй жүжгийг үзэхээр ирсэн зочдыг угтана. Нэрнээсээ эхлээд сонирхолтой санагдах энэ жүжгийг эмэгтэйчүүдийн сайн дурын байгууллагынхан амилуулж байгаа бөгөөд жүжигчид нь ч мэргэжлийнхэн бус сайн дурынхан тоглоно гэсэн танилцуулгыг уншаад тэд яаж зохион байгуулсан хэрхэн тоглох бол, яагаад заавал “үтрээний хүүрнэл”-ийг олны өмнө дэлгэв гэх мэт олон асуулт сонирхол татна.
Басхүү “Боролдой” студийн гэх урлаг соёл, зар сурталчилгааны салбарынхан төдийгүй олонхийн танил болсон найруулагч С.Мягмарын босгосон шинэхэн театрт энэхүү жүжиг хэрхэн зохицох бол гэдэг сонирхолтой. Уг нь энэ театрт дэлгэцийн шилдэг бүтээлийн “Гоо марал” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулсан. Чамгүй олон хүн оролцсон энэ ёслолын хүндэт зочид, нэр дэвшигчдийг “Black box” театрт, харин уран бүтээлчид, найз нөхөд, хамт олныг нь МҮОНРТ-ын 600-гийн их студид байрлуулан хоёр танхимыг цэнхэр дэлгэцээр шууд холбож хийсэн нь бас л сонирхолтой шийдэл болсон. Шагнал авсан уран бүтээлчид телевизийн 600-гийн студи руу гүйж ороод л, ойрхон болохоор. Урлагийнхан товчхондоо “Боролдой Мягмарын хар хайрцаг” гээд нэрлэчихсэн байсан. Кабаре шоу тоглолтод зохимжтой гэмээр жижигхэн театрт жүжгийг хэрхэн “тавих” бол гэдэг бас л нэг сонирхолтой хүлээлт байлаа. Тэр тусмаа “Үтрээний хүүрнэл” гэсэн эсэргүү нэртэй жүжиг шүү дээ. Жүжиг үзэхээр ирсэн танил маань “Нэрийг нь хэлэхэд жаахан эвгүй юм уу” гэж шоолонгуй мушилзсан мөртлөө бас ичингүйрсэн дүр сүүмэлзүүлээд л байсан юм даг.
Нэгдүгээр давхрын хэсэгт зөөлөн бөгөөд авсаархан сандлууд эгнүүлэн тавьжээ. Зохион байгуулагчид нь 200 гаруй суудалтай гэж байсан. Эдгээр суудлууд жүжиг эхлэхээс 10 гаруй минутын өмнө хэдийнэ эзэдтэй болжээ. Бүгд л V-өдөр хийгээд сайн дурынхны үйл ажиллагааны талаар мэдээлэл, мэдлэгтэй, дэмжигчид болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлэхээр. Гэхдээ эмэгтэйчүүд голдуу. Өмнөх өдрийн тоглолтод эрэгтэй үзэгч илүү олон байсан гэж нэгэнбээр хэлээтэхсэн. Сайн дурынхны жүжгийг монгол хэл дээр хувилбарыг хоёр удаа, харин англи хэлээр ганцхан удаа буюу өнгөрсөн бямба гаригт тоглосон юм.
Жүжигчин, өөрөөр хэлбэл “Үтрээний хүүрнэл”-ийг өгүүлэх гэж байгаа сайн дурын бүсгүйчүүд улаан хар, хар улаан гэсэн сонголт хийжээ. Тас хар бие барьсан даашинз, эгдүүтэй улаанхан туфль. Эсвэл улаан оготорхон чамин банзал, хар цамц. Мөн л улаахан бас тас хар аксессуарыг тус бүрдээ донжтойхон сонгож. Бүсгүйчүүдийн хувцас сонголт, нүүр будаг, үс засалт үнэхээр чамбай бөгөөд донжтой эрхэмсэг, нийцтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мэдээж хэрэг бүгд тачаангуй халуун, бас эрх чөлөөтэй, донжтой. Шийдэмгий хар даашинз дээр аальгүй мөртлөө энхрийхэн улаан сарнайн чимэглэл гэсэн богинохон үгээр тэдний дүр төрхийг илэрхийлж болмоор ч юм шиг.
Сониуч хүлээлт, бүсгүйчүүд бидний бүгдийнх нь мэддэг мөртлөө тэр бүр ил хэлж чаддаггүй гашуун үнэн, бас ёжтэй зүйрлэл, шорвогдуу хошигнол, хөнгөхөн зугаа, гүн гүнзгий утга агуулгатай дүрслэл гээд мөч бүр сониучирхал, гайхашрал… Бас хацар улайлган бяцхан ичингүйрэл төрүүлэм зүйрлэлүүд гээд хормын ч төдий анхаарал сарниулах аргагүй тун сонирхолтой жүжиг үргэлжилсээр.
“Үтрээний хүүрнэл” л юм болохоор жүжиг монологи хэлбэрийн зохиомжтой. Анхны бүтэлгүй болзооноосоо хойш насан туршдаа өөрийгөө цоожлон ганцаардсан эмээ, хуульч мэргэжлээ хаяж орхиод биеэ үнэлэгч болсон халуухан эмэгтэй, харь цэргүүдэд доромжлуулан мөхөсдсөн араб бүсгүй, оготор банзлаар эрх чөлөөгөө тунхагласан бардам гоолиг бүсгүй гээд өөр өөр ертөнцийн өгүүлэл мэт. Басхүү зарим талаараа эмэгтэй хүн болгонд ижилхэн мөн чанарын илэрхийлэл ч юм шиг хүүрнэл үргэлжилнэ.
Үтрээгээ уран байж үрээ төрүүлж байгаа эмэгтэйн тухай хүүрнэлийн “Би тэнд байсан” хэсэг гэхэд зохиолч Eve Ensler охиноо хүүхэд төрүүлэхэд нь хажууд нь байхдаа төрсөн сэтгэгдлээс бичсэн гэсэн тайлбартай. Eve Ensler-ийн энэ зохиолыг дэлхийн нэртэй хэвлэлүүд “хөгжилтэй бөгөөд зүрх шимшрүүлэм, оюунлаг бөгөөд эрэлхэг зоригтой” гэж тодотгож байжээ.
Жүжиг өндөрлөхөд саяхан өөр өөр хувь тавилангийн дүрийг бүтээсэн бүсгүйчүүд, ялалтын бахдам инээмсэглэл гэрэлтүүлэн, үзэгчдийн алга ташилтад бүр хөөрөн байж ядан чангаар хашгиран тэврэлдэн бие биедээ баяр хүргэх хурц эмоци танхимыг бүрхэв. Арга ч үгүй юм, магадгүй хуульч, эмч, багш гээд өөр өөр мэргэжилтэй тэдний хувьд бүхэл бүтэн жүжгийг амилуулан бүтээнэ гэдэг амаргүй даваа байсан биз. Зүгээр л өөрийнхөө жирийн амьдрал, ажил төрлөө “сэгсрэн” хаяад тайзнаа гарна гэдэг маш их зориг ч шаардсан байж болох. Үгүйдээ л тайзан дээр гараад сандарч ээрч мууран, үгээ мартчих вий гэхээс эхлээд түм буман айдсыг тэд давсан болов уу гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Жирийн л бүсгүйчүүдийг зангидан ийм гайхалтай жүжгийг бүтээсэн сайн дурынхныг хүчийг ч бахархах хэрэгтэй байх. Хүмүүсийг нэгтгэж, санаа оноогоо солилцон, ийм хэмжээний бүтээл гаргах хүртэл ихээхэн хүч чармайлт хэрэгтэй байсан нь эргэлзээгүй.
Хувцас аксессуар гайхалтай байсан гэснээс үтрээний эрх чөлөөг хашгиран тунхагласан хар улаан хослолт бүсгүйчүүдийг жирийн амьдрал дээр, өдөр тутам ямар ажил хийдэг, ямар дүр төрхтэй хүмүүс байдаг болохыг нь харах юм сан гэсэн сониучирхал төрөөд байсан шүү. Нүдний шил хамар дээрээ тохсон хуульч бүсгүй, хавтас тэврэн яаран гүйдэг төслийн менежер, дадлага ажлаа дуусгаж ядан толь бичиг шагайн суугаа оюутан охин, намуухан дуугаар утасны дуудлагад хариу өгөх лавлахын ажилтан … янз бүрийн ажил мэргэжил, дүр төрхтэй бүсгүйчүүд байгаа байх. Тэд өөр өөрийнхөө өвөрмөц онцлогтой дүрийг бүтээсэн нь бас гайхамшиг. Жүжиг үзээд сууж байхад энэ дүрд хэрвээ мэргэжлийн жүжигчид тоглосон бол… гэсэн бодол байн байн эргэлдэнэ. Сайн дурын жүжигчин бүсгүйчүүд огтхон ч алдаа гаргасангүй. Тэдний оронд мэргэжлийн жүжигчид тоглосон бол жүжиг харин ч “утгаа алдах” байсан болов уу гэсэн бодол төрүүлнэ. Бид цөөхөн хэдэн жүжигчдээ өөр өөрийнхөөр нь хүлээж аваад сурчихсан. Хэтэрхий мэргэжлийн тэд маань ч бас заримдаа хэтэрхий “мэргэжлийн” тоглолт жүжиглэл, мэргэжлийн өндөр ур чадвараа шавхан гайхуулж, үзэгчдээ “ядраачих” нь ч бий. Зарим үзэгч жүжгийн гол санаа, аугаа шийдэл, нийгэмд үзүүлэх үр нөлөө, жүжигчдийн ур чадвар гэх мэт “чухал” асуудлуудыг тунгаан харж шүүн хэлэлцэх дуртай ч юм шиг. Гэтэл энэ жүжигт тийм зүйл алга. Бүр зарим нэг нь олон нийтэд хавтгайруулан үзүүлж болохгүй “ба ба” ч гэж магадгүй. Тиймээс ч мэргэжлийн жүжигчид биш сайн дурынхан чин сэтгэлээрээ амьдруулан бүтээсэн биз. Тэд ямар нэгэн изм тунхаглан зарлах гээгүй, жүжгээ хэн бүхэнд тулган үзүүлэх гээгүй. Бас ашиг олох гээгүй. Зүгээр л хэний ч танил бус бүсгүйчүүд хэн бүхний танил юм шиг мөртлөө тэр бүр илэрхийлэн гаргадаггүй, гаргая гэвч чаддаггүй үнэнийг л өгүүлсэн. Гэхдээ бас хөгжилтэй, аальгүй, эрэмгий дайчин, ичмээр гээд янз бүрийн өнгө төрх, шигтээ чимэглэлтэйгээр…
Зовж шаналсан, ичингүйрэн нуугдсан, эсвэл дурлал таашаалын ид бахыг тунхаглан зарласан, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн асч дүрэлзсэн бүсгүй хүн болгоны өөр өөр ертөнцийн хүүрнэлийг тэд хүргэсэн. Магадгүй энэ бүхэн бүгдээрээ нийлээд ч нэг хүнд цогцолсон байгаа ч юм уу. Бүсгүйчүүдийн таагдашгүй ертөнц өө гэж… Таагдашгүй ертөнцийн эгэл үнэнийг өгүүлдэг болохоороо ч энэ жүжиг ийм алдартай, бас шохоорхол татам байсан биз ээ.