Чөлөөтийн эрчүүд олимпийн эрх авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эрчүүд олимпийн эрх авч чадсангүй

Казахстан улсын нийслэл Астана хотноо өчигдөр эхэлсэн “Лондон-2012” зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээний эхний өдөр Монголын зургаан бөх зодоглосон ч олимпийн эрх авч чадсангүй. Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон юм. Монголын багаас 55 кг-д Д.Цогтбаатар, 60 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 66 кг-ын жинд Б.Батзориг, 74 кг-д Д.Гомбодорж, 84 кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нарын бөхчүүд барилдсан.

Олимпийн наадмын эрх олгох журмын дагуу энэ удаагийн Казахстаны тэмцээнээс олимпийн жин болох эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад Лондонгийн олимпийн эрх олгоно. Харамсалтай нь, өчигдөр барилдсан Монголын бөхчүүдээс 55 кг-д Д.Цогтбаатар, 60 кг-д Г.Мандахнаран, 74 кг-ын жинд Д.Гомбодорж, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар олимпийн эрхийн төлөөх барилдаанд ялагдсан байна.

Тодруулбал, 55 кг-ын жинд 12 бөх өрсөлдсөнөөс ОУХМ Д.Цогтбаатар нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Нурлан Макеналиевийг 1:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт Японы бөх Шиничи Юмотод 0:1, 1:0, 0:6 онооны харьцаагаар дийлдсэнээр олимпийн эрхийн гадна хоцорчээ. Улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх И Во-жуг 1:0, 3:0-ээр ялж, медалийн тавцанд гарсан байна.

Харин 60 кг-ын жинд 10 бөх өрсөлдсөнөөс ОУХМ Г.Мандахнаран эхний тойрогт Туркменистаны бөх Рамил Режеповыг 1:0, 7:0 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Сенг-Чул Лийг 3:1, 0:1, 2:1 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт Энэтхэгийн бөх Югешвар Дуттай барилдаж 0:1, 0:7 онооны харьцаагаар ялагдан, хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн бөх Улан Надырбектай таарч 0:1, 0:3 онооны харьцаагаар дийлджээ.  

66 кг-ын жинд
барилдсан Б.Батзоригийн тухайд эхний тойрогт Узбекистаны бөх Ихтияр Наврузовт 0:4, 1:1 харьцаатай, улмаар дагах барилдаан БНСУ-ын бөх Ким Дэ-сунд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

74 кг-д
11 бөх өрсөлдсөнөөс ОУХМ Д.Гомбодорж эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тажикистаны бөх Азамат Сюфиевийг 3:0, 2:0 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт японы бөх Сошике Такатанид 5:3, 0:4, 1:4 онооны харьцаагаар ялагдсан. Хэдийгээр олимпийн эрхийн төлөөх барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөө БНСУ-ын И Юн-сиктэй барилдаж, ялсан байна.

Харин 84 кг-ын жинд зодоглосон О.Үйтүмэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Заурбек Сокиевт 0:1, 0:5 онооны харьцаагаар дийлджээ. Дагах барилдаанд мөн Японы бөх Ацуши Мацумотод 6:0, 1:1, 2:3 онооны харьцаагаар ялагдан, хүрэл медалиас мултарчээ.

96 кг-ын жинд
найман бөх өрсөлдсөнөөс ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Муасам Хатрийг 1:1, 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Тажикистаны бөх Рустам Искандарт 2:0, 0:6, 3:5 оноогоор ялагдсан байна. Улмаар Хятадын бөх Хиаоченг Гуиг 3.0, 2:3, 2:0 онооны харьцаагаар ялж, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний эхний өдөр Узбекистан, Энэтхэг, Япон улсын тамирчид тус бүр хоёр, Иран, Казахстан, Киргизстан болон Тажикистаны баг тамирчид тус бүр нэг эрх авчээ.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг, ба сонгомол бөхийн барилдаан болно. Өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон ДАШТ-ээс 120 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат олимпийн эрхээ авсан тул өнөөдөр Монголын тамирчид барилдахгүй. Харин маргааш эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн олмипийн дөрвөн жингийн барилдаан болно. Монголын тамирчдаас 48 кг-д Ц.Энхжаргал, 55 кг-ын жинд Э.Сумъяа, 72 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж