Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн тус улсын Ерөнхийлөгч Ё.Гаук хүндэтгэлийн зоог барилаа. Холбооны Ерөнхийлөгчийн “Бэллвью” өргөөнөө болсон энэхүү зоогт Германы төр засгийн өндөр албан тушаалтнууд, элчин сайдууд, нэр хүндтэй томоохон бизнесменүүд зэрэг 150 гаруй зочид уригдсан байлаа. Уг хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук нар үг хэллээ.

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ё.ГАУКААС
БАРИХ ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ  
                 


Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Эрхэмсэг хатагтай Д.Шадт aa,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгч намайг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад урин элэгсэг дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд хувиасаа болон төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Монгол Улс, монголын ард түмэнд хандан халуун дотно үг хэлсэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд гүнээ талархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн  айлчлал нь манай хоёр орны  ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг, энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын төр, засaг чухалчлан анхаарч байгааг илтгэн харуулж байна.

Та бидний хийсэн яриа хэлэлцээ чин сэтгэлийн, харилцан ойлголцсон уур амьсгалд боллоо. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон маань үр ашигтай боллоо. Та бидний харилцан тохирсон хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг хоёр улсын холбогдох байгууллагууд бодит ажил хэрэг болгож, хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч, түүний үр шимийг монгол, германы ард түмэн хүртэнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Хүндэт зочид оо!

Хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой гэдэгт би итгэдэг. Гэвч эрх чөлөөт амьдрал бол амар хялбар зам биш гэдгийг бид мэднэ. “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж Чингэс хаан хэлсэн юм. Дэлхийд хоёр дахь социалист улс болж гарч ирсэн тэр системийг өөрчлөхөд эрсдэлтэй хэцүү байсан. Түүнийг Монголчууд хийж чадсан. Харин шинэ, ардчилсан, шударга нийгмийг бүтээн байгуулах үйл явц өнөөдөр ч гэсэн Монгол улсад хүнд хэцүү сорилтуудтай тулгарсаар байна.

Эндээс долоон мянган километрийн алсад Лайпцигийн даваа гаригийн жагсаалуудтай зэрэг шахам, 1989 оны сүүлчээр тэсгим хүйтэн өвөл шинэ хаврыг угтаж өрнөсөн Монголын ардчилсан хөдөлгөөн манай бүс нутагт хосгүй амжилтад хүрснийг энд тэмдэглэе. Монголчууд хуучныг өөрчилж шинийг бүтээх ардчилсан хувьсгалаа тайван замаар нэг ч хүний хацар шалбалахгүйгээр хийж чадсан. Улс төр, эдийн засгийн иж бүрэн өөрчлөлтийг ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү амжилтад хүрэхэд 1990 оны эхээр Европ тивээс бидэнд хамгийн түрүүлж халуун гараа сунгасан орон бол Герман Улс, германы ард түмэн юм. Тэр үед ардчилал, нээлттэй нийгмийн тухай бидний ойлголт асар нимгэн байсан. Харин тэгэхэд Конрад Аденауер бидэнд ардчиллын хичээлийг А-гаас Я хүртэл заадаг байлаа. Фридрик Эберт иргэний нийгмийн байгууллагуудыг хөл дээр нь дэмжиж босгоход тусалсан. Ханс Зайдел Монголын шинэ ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахаас эхлээд, эрх зүй, шүүхийн шинэтгэлд ханцуй шамлан оролцсон.

Германы дээрх аугаа зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэсэн сангууд тэр нэрээрээ монголчуудын дунд тусч элэгсэг, зарчимч, дотно  герман хүмүүс шиг болтлоо танил ойрхон болсон юм. Ингэж манай улсад улс төрийн нээлттэй, ардчилсан, эрх зүйт, иргэний шинэ  тогтолцоог  бүрдүүлэхэд Герман улс хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол манай ард түмний шинэ сонголтын хувьд үнэхээр хосгүй, үнэлж баршгүй тус дэмжлэг болсон юм шүү. Монголчууд хүний тусыг мартдаггүй ард түмэн. Манай түүхэн эгзэгтэй цаг мөчид хэрэгтэй тусламж дэмжлэг үзүүлсэн герман нөхөддөө баярласнаа ард түмнийхээ нэрийн өмнөөс илэрхийлье.

Сүүлийн хорь гаруй жилийн эрчимтэй харилцааны үр дүнд манай хоёр улс зөвхөн ижил үнэмлэмжтэй, нэгдсэн ашиг сонирхолтой болсон төдийгүй, түүнийхээ төлөө хамтдаа зогсож бас хамтдаа ажиллаж чаддаг боллоо. Би нэгдсэн ашиг сонирхол гэж манай энхийг сахиулагчид хамтран хамгаалж байгаа тэр ашиг сонирхлыг хэлж байгаа юм. Эрх чөлөөтэй, шударга, нээлттэй нийгмийг байгуулахын төлөөх манай хоёр ард түмний хамтын хичээл зүтгэлийг би хэлж байгаа юм. Олон улсын тавцанд манай хоёр улс бие биеийнхээ санаачилга, хүчин чармайлтыг харилцан дэмжин ажиллаж байгааг би хэлж байгаа юм. Иймээс Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж улмаар стратегийн түншлэлийг тогтоох сонирхолтой байна.

ХБНГУ-ын Канцлер  Ангела Меркел  2011 оны 10 дугаар сард  Монгол Улсад анх удаа айлчилсан ба энэхүү түүхэн айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа шинэ шатанд гарч, бид олон чухал асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Бид ашигт малтмалыг олборлох, боловсруулах, аж үйлдвэр технологийн салбарт хамтран ажиллах стратегийн түншлэл тогтоож, гэрээ байгуулсан.

Миний айлчлалын үеэр нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барих, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах, Ази, Европыг холбосон төмөр замын дамжин өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн онцгой чухал төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлснээр манай хоёр орны эдийн засгийн харилцаа эрс эрчимжихийн зэрэгцээ эдийн засгийн биеэ даасан байдал баталгаажих юм.


Эрхэм нөхөд өө!

Монгол улс бүс нутагтаа нээлттэй, шударга, сайн засаглалын үлгэр жишээ байхын төлөө хичээж байна. Иргэдийнхээ нийтлэг хүсэл зоригийг удирдамжаа болгосон, хуулийн алагчлал үгүй хэрэгжилттэй нээлттэй нийгэмд, тийм улсад л  их ирээдүй бий.  Ийм ирээдүйг цогцлоох итгэлтэй нөхдөө  бид хайж байгаа болно. 19 дүгээр зууны Германы суут философичдын нэг болох Людвиг Фойэрбах “Бид хэдийгээр олон танилтай болдог ч цөөхөн хэдийг нь л найз нөхдөө болгон сонгон авдаг” гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэнчлэн германы цөөн найз нөхдийн нэг болохыг бид зорьж байна. Иймээс ч бид итгэлт түншээрээ  герман нөхдөө сонгож байна. Учир нь бидний нөхөрлөл танигдсан, бие биеэ хүндэтгэсэн үнэнч нөхөрлөл юм. Ийм нөхөрлөл удаан хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Найрсаг харилцаатай Герман Улсад төрийн айлчлал хийж, ард түмний нь аж амьдрал, ажил үйлстэй танилцаж байгаа энэхүү сайхан завшааныг ашиглан улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсдээ улам их амжилт олохын ерөөлийг германы ард түмэнд өргөн дэвшүүлье.

 
    Энэ хундагыг,

-Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ё.Гаук Таны болон Эрхэмсэг хатагтай Д.Шадт Таны эрүүл мэндийн төлөө

-Монгол, Германы ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжин хөгжихийн төлөө

-Германы ард түмний сайн сайхны төлөө өргөхийг зөвшөөрнө үү.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж