Нуугаад
яахав, Ч.Анугийн тухай би сайн мэдэхгүй л дээ. Түүнтэй уулзаж
ярилцатлаа л би түүний талаарх ойлголтоор маруухан байлаа. "Гала"
хамтлагийн дуучин байсан гэдгээс бусдыг нь шүү дээ. Улаан, ногоон, шар
гээд элдвийн өнгөөр үсээ будуулж, гартаа элдэв зүүлт зүүн, тоодойсон
банзлаар гоёх эрхдүүхэн төрхтэй жаахан охин томоожчихоо юу гэлтэй.
Байгаа байдал, ярих үгийг нь сонсч суухдаа би ийн дүгнэсэн. Үсээ
бараанаар будуулж, өмссөн хувцасных нь имиж эрс өөрчлөгджээ.
"Хайр гэрэлтсэн нүдээрээ чи
Хамгаас
түрүүнд над руу ширтээд" хэмээн дуулж байсан үеэсээ өөрчлөгдөхийг
хүссэнээ тэр нуугаагүй. Дурлах завгүй дуулж яваа энэ бүсгүйтэй уулзаж
ярилцсанаа толилуулья.
-Ану, ямар өөр болоо вэ. Би чамайг урьдын адил үсээ тод өнгөөр будуулж, өнгө өнгийн хувцсаар гоёсон байх гэж бодож байлаа шүү?
-Хорь
гарчихсан бүсгүй нөгөө жаахан "Гала"-гийн охин хэвээр байгаад байж
болохгүй шүү дээ. Үсээ тод өнгөөр будуулж, богинохон банзлаар гоёж
байсан тэр үеийнхээсээ би өөрчлөгдөхийг үнэндээ хүсч байна.
-Имижээ
ингэж өөрчилсөн чинь ямар нэгэн шалтгаантай л байх. Зарим хүмүүс таныг
найз залуугаасаа болоод имижээ өөрчилсөн гээд байгаа?
-Үгүй
ээ, ёстой тийм юм болоогүй. Имижээ өөрчлөх болсон явдлыг найз залуу,
энэ тэртэй холбох хэрэггүй болов уу. Үзэл бодол маань өөрчлөгдөж, ажил
байдлын маань цар хүрээ өргөжихийн хэрээр би өөрийгөө өөрлөгдөх ёстой
гэж үзсэн. Хамгийн түрүүнд гадаад имижиндээ өөрчлөлт хийхийг
чухалчилсан. Хараа хяналтгүй, өнчин ядуу нэг үгээр хэлбэл, нийгмийн
эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах үүднээс "Хөөрхөн дэглий" нэртэй төрийн
бус байгууллага байгуулсан.
Хүүхдүүдтэй ажиллаж байгаа
болохоор стиль, имижээ солих хэрэгтэй юм шиг санагдсан. Бас уран
бүтээлдээ ч шинэчлэлт хийхээр шийдсэн байгаа. Уран бүтээлдээ шинэчлэлт
хийхийн хэрээр би "Гала"-гийн нэг гишүүн шиг байж болохгүй гэдгийг
ойлгосон л доо. Яагаад гэвэл "Гала" хамтлаг тарсан. Би өнөөдөр бие дааж
уран бүтээл туурвихыг илүүд үзэж байгаа. Тийм учраас л ганцаарчилсан
уран бүтээл туурвиж байна. Гэтэл охидын хамтлагт байсан тэр үеийнхээрээ
гарч ирвэл намайг хүмүүс "Гала"-гийн гишүүн гэдгээр минь хүлээж авч
магадгүй шүү дээ. Харин би дуучин Ану гэж хэлэгдэхийг хүсч байна. Хийж
буй ажил, туурвиж буй уран бүтээл маань намайг хүссэн хүсээгүй
өөрчилсөн дөө.
-Чи хамар амаа цоолоод элдвийн ээмэг, бөгж, гархи зүүдэг байсан шүү дээ?
-Хүсвэл
би зүүж магадгүй л дээ. Гэхдээ чанартай зүйл хэрэглэхийг ээж маань
зөвлөөд байгаа. Хүүхэд байхад гял цал хувцаслах их гоё санагддаг байсан
байх. Одоо би насанд хүрчихлээ. Тэгэхээр гял цал биш арай чанартай зүйл
хэрэглэхийг илүүд үздэг болсон. Хурц тод өнгийн биш даруухан хэрнээ
ихэмсэг хувцаслах нь эмэгтэй хүнийг их гоё харагдуулдаг гэдэг юм билээ.
Хувцаслах тал дээр урлагийнхан их мэдрэмжтэй гэдэг шүү дээ. Би лав
өөрийгөө хувцаслах талаар их мэдрэмжтэй гэж үнэлдэг/инээв/
-Ганцаараа уран бүтээл хийхэд амаргүй байгаа биз дээ?
-Тийм
шүү. Амаргүй юм билээ. Маш их зав чөлөөгүй ажиллаж байна. Гэхдээ энэ
байдал ч надад их таалагдаж байгаа. Хүн завгүй ажиллахын хэрээр их ажил
амжуулдаг юм билээ.
-Өмнөх найз залуугаасаа салсан гэж сонссон. Өөр хэн нэгэнтэй болзож байна уу?
-Ёстой
үгүй. Дурлах зав үнэндээ алга. Хэн нэгэн залуутай ямар нэгэн харилцаа
тогтооё гэхээр түүнд зориулах цаг зав хомсхон байдаг юм билээ, уран
бүтээлч хүнд. Би түүнийг ойлгосон. Тэгэхээр одоо бол дурлал энэ тэрээс
үнэндээ хол байгаа. Тэгээд ч албан ёсоор болзоонд урьсан хүн ч алга.
Болзож явах бодол ч надад алга даа. Мэдээж, эмэгтэй хүн л юм хойно
хэзээ нэгэн цагт амьдралынхаа хань ижилтэй таарах байх. Хэн нэгний
эхнэр болохоосоо өмнө би эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламаар байна.
Тэдэнд ирээдүйд итгэх итгэл бага ч атугай өгмөөр байна. Залуу насандаа
ихийг амжуулмаар байна.
-Болороотойгоо уулзаж байгаа юу. Ний нуугүй хэлэхэд хүмүүс та хоёрыг сүрхий муудалцсан гэж ярьдаг?
-Бид
хоёр үргэлж холбоотой байдаг. Ялангуяа сүүлийн хоёр сард байнгын
холбоотой байгаа. Хэн хэнийхээ хийж буй зүйлд урам дэмжлэг өгдөг гэх үү
дээ. Бидэнд бие биенээ үл ойлголцох, бие биедээ туних явдал гарсан нь
үнэн. Гэхдээ Болороо бид хоёр арван жил үерхсэн найзууд. Яаж ч бодсон
биднийг холбох олон дурсамж байгаа. Тийм болохоор бид бие биенийгээ
уучилсан. Одоо урьдын адил сайхан үерхдэг. Зовлон жаргал, сэтгэл зүрхээ
хуваалцах найз бол Болороо маань байдаг. Ер нь бол муудалцах сайдалцах
явдал хүн хоорондын харилцаанд байдаг л нэг хэвийн үзэгдэл шүү дээ. Хэн
нэгэнтэй муудалцлаа гэхэд хамгийн гол нь тэр явдлаа уучилж чаддаг байх
ёстой гэж бид боддог л доо. Бид муудалцсан гээд хоёр тийшээ хараад
яваад байх утгагүй биз дээ. Болороо маань сургуулиа төгсөх гээд бас их
зав чөлөө муутай байгаа. Хичээл ном гээд л гүйгээд байгаа.
-Та хоёр дахин хамтарч уран бүтээл хийх болов уу?
-Яг
одоо хариулахад бол, үгүй л байх аа даа. Гэвч цаг хугацаа гэдэг агуу
зүйл болохоор хэзээ нэгэн цагт хамтдаа уран бүтээл туурвих талаар ярих
юм бол битгий гайхаарай. Магадгүй нэгэн цагт бид хамтдаа уран бүтээл
хийхийг үгүйсгэх аргаггүй шүү дээ.
-Таныг сүүлийн үед гоо сайхны хагалгаа хийлгэх болсон гэж сонссоне
-Нээрээ
тийм зүйл нэг сонин дээр гарсан байсныг уншсан юм байна. Хүн намайг юу
гэх нь хамаагүй ээ. Би өөрийнхөөрөө байх ёстой биз дээ. Би мэс ажилбар
хийлгээгүй. Тэгэх ч шаардлага байгаагүй. Гоо сайханы хагалгаа
хийлгэлгүйгээр гоё болох өөр олон арга байна. Тэгээд ч гоо сайхны
хагалгаа хийлгэнэ гэдэг буруу зүйл биш шүү дээ. Энэ чинь хүн гайхаад
байх гаж үзэгдэл биш.
-Ану хэр шоудаж байна?
-Найз
нөхөдтэйгөө элдвийг яриад суух сайхан л даа. Харамсалтай нь, надад тийм
зав байдаггүй юм. Би ер нь зав чөлөөтэй байх дургүй. Үеийнхнээ юу хийж,
яаж байгааг хараад байхад тэд их зав чөлөөтэй байдаг учраас бар, кафенд
их ордог юм шиг байна лээ. Хүн хэтэрхий их зав чөлөөтэй байх ер нь
дэмий. Зав ихсэх хэрээр хийж бүтээсэн зүйл бага байдаг л даа.
-"Хөөрхөн дэглий" цомгийнхоо талаар яриач?
-Тийм
ээ, хүүхдэд зориулсан цомог гаргасан. Ирэх гуравдугаар сарын 1-нд
цомгийнхоо нээлтийг хийнэ. CD-ний баярт ирсэн хүүхдүүддээ өөрийн гарын
бэлгээ гардуулна.
-Цаашдаа хүүхдийн дуугаар дагнах уу?
-Надад олон хүн энэ тал дээр хамтарч ажиллах санал тавьсан.