Бин Ладены эхнэр мэдүүлэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Бин Ладены эхнэр мэдүүлэг өгчээ

Осама бин Ладены залуу бэлэвсэн эхнэр Пакистаны тусгай албаныханд мэдүүлэг өгөхдөө түүнийг 2001 оны 9/11-ны халдлагын дараа эхнэр, хүүхдүүдтэйгээ хэрхэн нуугдаж, дүрвэж амьдарч байсан талаар ярьжээ. Амал Ахмед Фатех гэгч бүсгүй Осама бин Ладены амьдралын сүүлчийн өдрүүдийн үнэн дүр зургийг гаргаж өгсөн аж. Олон улсын хамтарсан тусгай хүчин түүний араас мөшгиж эхэлснээс хойш тэрбээр эхнэр, хүүхдүүдийнхээ хамт аюулгүй, найдвартай газар хайн нэг газраас нөгөө рүү нүүж байсан гэнэ. Хамгийн зартай алан хядагч гэгдэж байсан Осама бин Ладеныг 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабадад АНУ-ын тусгай албаныхан олж, устгасан. Тусгай ажиллагааны дараа Пакистаны хууль сахиулагчид түүний бэлэвсэн гурван эхнэрийг баривчилж, хуурамч бичиг баримт хэрэглэж, хууль бусаар хил нэвтэрсэн гэдэг ял тулгасан аж.  Хэрэв тэд буруутай нь тогтоогдвол 10 жил хоригдох ял сонсох аж. Мэдүүлэг өгсөн Фатех бүсгүйг Йеменийн Засгийн газар эх орондоо ирэхэд нь татгалзахгүй гэсэн бол Саудын Арабаас гаралтай хоёр бүсгүйг тус улсын тал хил нэвтрүүлэхээс татгалзжээ.  Мужахад буюу дайчин эртэй гэрлэхийг хүсдэг байсан Фатех бүсгүй Осама бин Ладентай 9/11-ны халдлагаас өмнө Афганистаны Кандагарт гэрлэсэн гэнэ. Бүсгүйг хуримын дараа Пакистаны Карачи хотод аваачсан бөгөөд тэрбээр охинтойгоо есөн сар хамт амьдрахдаа Бин Ладеныг хараагүй аж. Түүнийг Карачид байхад Бин Ладены ууган хүү түүнийг эргэж тойрч байжээ. Харин 2005 онд Осама бин Ладен Пакистаны Абботабад хотод гурван эхнэрийнхээ хамт суурьшсан байна.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж