”Герман бол Монголын том “хөрөнгө оруулагч” юм”

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

”Герман бол Монголын том “хөрөнгө оруулагч” юм”

ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт бараалхлаа. Ноён Н.Ламмерт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг хүндэтгэн Монгол Улсад зочилж байснаа дурссанаар яриагаа эхэллээ. “2006 онд миний бие танай улсад  айлчилж байснаас хойш  5 жилийн дараа Холбооны Канцлер айлчилсан нь Монгол Улсыг Герман Улс  дэмжиж байгаагийн  томоохон илрэл  юм” гэж тэрээр хэлэв.

“Манай улс дэлхийн 190 гаруй оронтой дипломат харилцаатай.  Эдгээр улс орон бүр Бундестагтай идэвхтэй харилцаа тогтоохыг эрмэлздэг. Мэдээж ийм хэмжээний боломж хомс. Гэвч монголтой харилцах бидний харилцаа маш идэвхтэй, ойр дотно байдаг. Хүн ам цөөтэй жижиг улс гэсэн ялгаа харилцаанд байж болохгүй юм гэдгийг танай оронтой хөгжүүлж буй харилцаа харуулдаг” гэж Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэллээ.

Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн амаргүй цаг  үед ХБНГУ-ын зүгээс  эрхзүйт төр байгуулах, хууль тогтоох байгууллагыг бэхжүүлэх,  улс төрийн институцуудыг чадавхижуулахад сурган, тусалж дэмжиж ирсэн Германы Засгийн газар, улс төрийн сангуудад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ уулзалтын үеэр илэрхийлсэн. Цаашид ч  шүүх, хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд  Герман Улсаас сурах зүйл  их байгааг дурдав. “Ардчилал , хүний эрх, шударга ёсыг дээдлэх чиглэлээр Герман Улс бидний хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тэрээр онцлов.

Монголын парламентын болон Германы Бундестагийн удирдлагын түвшний,мөн байнгын хорооны дарга нарын харилцаа улам бүр эрчимжиж байгааг энэ уулзалтын үеэр санал нэгтэй сайшаалаа. Олон улсын парламентын холбооны хүрээнд хоёр талын төлөөлөгчид байнга уулзаж, тогтмол ярилцдаг. Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Германы бүлэг, Германы Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж