Монгол, Германы ЭЗ-ийн харилцаа эрчимжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Монгол, Германы ЭЗ-ийн харилцаа эрчимжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Холбооны дэд канцлер, Эдийн засаг, технологийн сайд ноён Филипп Рөслер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 3 дугаар сарын 29-нд бараалхав. Энэхүү уулзалт найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд талууд хоёр орны эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, харилцаа,хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Холбооны сайд ноён Филипп Рөслер нар Канцлер хатагтай А.Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан Монгол-Германы ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсан заалтуудын хэрэгжилтийн талаар ярилцаж, бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

Айлчлалын үеэр тус хэлэлцээрт заасны дагуу Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсэг, Монгол-Германы эдийн засгийн хороо анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг  сайшаалаа.

ХБНГУ нь Монгол Улсын хувьд хандивлагч томоохон орон төдийгүй худалдаа эдийн засгийн хувьд Европ дахь чухал түнш юм. 2011 оны байдлаар Монгол Улсад Германы дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 156 компани үйл ажиллагаа явуулж байна. 2007 оноос хойш германы уул уурхайн компанийн төлөөлөгчид манай улсад тогтмол ирж, уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх, коксжих нүүрс, жонш, магнезит зэрэг германы аж үйлдвэрт чухал шаардлагатай газрын ховор элементийг монголоос худалдан авах, энэ чиглэлийн уурхайд хөрөнгө оруулах талаар идэвхитэй ажиллаж байгаа. Тухайлбал Германы Сиймэнс, РВЭ зэрэг компани цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам барихад оролцох, Тюссен Груп Таван толгойн төсөл болон нүүрснээс шатахуун гаргаж авах, коксын үйлдвэр барих зэрэг төсөлд оролцохоор монголын аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байгаа юм. Германы Дойче банк, КФВ, Коммерц банк зэрэг санхүүгийн байгууллага уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар судалгаа хийж байна.

Энэ мэтчлэн эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх ажил хэрэг урагштай байгааг уулзалтын үеэр дурдаж байлаа.

Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Дойчэ банкны ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Ю.Фитчен нар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахад /IPO/ хамтран ажиллах гэрээнд, мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Германы Сийменс компанийн эрчим хүчний асуудал эрхэлсэн захирал М.Такэтай цахилгаан станцын төслийн хүрээнд трубин нийлүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж