Хуурамч бүтээлийн үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Хуурамч бүтээлийн үзэсгэлэн гаргана

АНУ-ын Огая мужийн Синсинатийн их сургууль инээдмийн баярт зориулсан нэгэн өвөрмөц үзэсгэлэнг гаргах гэж байна. Дэлхийд алдартай уран зургуудын хуулбаруудыг тэд дэлгэн үзүүлэхээр шийджээ. Ялгахын аргагүй тэр дуураймлуудын яаж музейн өмч болсон түүх нь өөрөө хөгжилтэй аж.

Марк Ландис хэмээх эр алдарт бүтээлүүдийг яг адилхан хуулбарлаад музейд хандивладаг байна. Христийн лам эсвэл чинээлэг хандивлагч эрийн дүрд хувирсан тэрбээр улаан “Кадиллак” хөлөглөн ирж бүтээлээ бэлэглэдэг ажээ. Тэрбээр голдуу санхүүгийн чадваргүй жижиг музейнүүдийг сонгон авдаг байна. Дуураймал зургуудаа зарж борлуулж мөнгө олдоггүй болохоор түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх аргагүй. Нарийн гэрлийн тусламжтай түүний бүтээлийг хуулбар гэдгийг хялбархан мэдэж болдог юм байна.

Өдгөө 57 настай Ландис анх 1985 онд Калифорнийн музейд хуулбар зургаа өгчээ. Одоогоор тэрбээр 15 музейд нийтдээ 100 шахам хуулбарыг “хандивлаад” байгаа гэнэ. Ямартай ч түүний бүтээлүүдийн үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Бүтээлүүд нь хуулбар учраас мөн л үзэгчид мөнгө төлөхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж