Захиргааны давж заалдах шатны шүүхтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Захиргааны давж заалдах шатны шүүхтэй танилцав

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа болон тус танхимын шүүгчид өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр орж, шүүгч ажилтнуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас  болж зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор анхны дагнасан шүүх буюу Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад найман жилийн нүүр үзэж байгаа бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан юм. Нэг жилийн  ойтойгоо золгож буй энэ шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт энэ үеэр шүүн таслах ажлын дүн болон бусад ажлынхаа талаар танилцуулсан байна.

Тус шүүх байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд нийт 499 хэрэг шийдвэрлэсний дотор газар, төрийн алба, ашигт малтмал, татвар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэргүүд дийлэнх хувийг эзэлжээ.

Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор www.admincourt2.gov.mn вэб хуудас болон http://twitter.com/appellatecourt,   
“http://www.facebook.com/pages/Захиргааны-хэргийн-давж-заалдах-шатны-шүүх” хуудсыг нээж, мэдээ, мэдээллүүдийг тогтмол байрлуулж байгаа аж. Мөн шийдвэрлэсэн хэргийнхээ магадлалуудыг өөрийн сайтад, энэ оноос эхлэн шүүхийн нэгдсэн www.shuukh.mn вэб сайтад тус тус байрлуулж, олон нийтэд хүргэж байгаа талаараа Ц.Цогт танилцуулсан юм.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа тус шүүхийн шүүгч, ажилтнуудыг хангалттай сайн ажиллаж байна гэж дүгнээд цаашдаа шүүн таслах ажилд анхаарах зарим асуудлын талаар ярьж, харилцан санал бодлоо солилцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж