Шарапова шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Шарапова шигшээд шалгарлаа

АНУ-ын Майамид болж буй ATP болон WTA ангиллын мастеруудын “Sony Ericsson Open” тэмцээний шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо.

Тус тэмцээний чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ОХУ-ын теннисчин Мария Шарапова хагас шигшээ тоглолтод Данийн Каролина Возняцкиг 4:6, 6:2, 6:4-ийн харьцаатай, тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радванска дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Виктория Азаренкаг 6:4, 6:2-ийн харьцаатай буулган авч, шигшээ тоглолтод шалгарлаа.

Мария Шараповагийн хувьд 2005, 2006, 2011 онд “Sony Ericsson open” тэмцээний шигшээд шалгарч байсан ч түрүүлээгүй юм. Харин Польшийн Агнешка Радванска анх удаа шалгараад байна. Тиймээс тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд шинэ аварга төрөх боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга Сербийн Новак Жокович Испаний Давид Феррерийг 6:2, 7:6-ийн харьцаатай, Их Британий Энди Муррей, Сербийн Типсаревик (9)-ийг 4:6, 6:3, 6:4-р, Испаний Рафаэль Надаль Францын Жо Уильфред Цонгаг 6:2, 7:5, 6:4-өөр буулган авлаа.

Харин эрэгтэйчүүдийн хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх хамгийн сүүлийн тоглолт эзэн орны тамирчин Мэрди Фиш болон Аргентиний Хуан Монако нарын хооронд боллоо. Эзэн орны ганц найдвар Фишийн хувьд Америкчуудын итгэлийг даасангүй 1:6, 3:6-ийн харьцаатай ялагдан, тэмцээнийг орхилоо. Өдгөө дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж буй Монасын хувьд 1/16-д АНУ-ын Энди Роддикийг мөн буулган авсан бөгөөд өчигдөр болсон төрсөн өдөртөө сайхан бэлэг барьж чадлаа. Мөн эрэгтэй хосын төрлийн хагас шигшээд шалгараад байсан АНУ-ын ах дүү Майк, Боб Брайн нар Энэтхэгийн Леандэр Пайс, Чехийн Радек Штепанек нарын хослолыг баралгүй 4:6, 4:6-аар ялагдал хүлээсэн байна.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээд:

Сербийн Новак Жокович (1) & Аргентин Хуан Монако (21)

Испаний Рафаэль Надаль (2) & Их Британы Энди Мурруй (4)

Нэр хүнд, чансаа өндөртэй Sony Ericsson Open тэмцээний шагналын сан 4,8 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 712 мянган ам.доллар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиулах боломжтой юм. Харин хосын төрөлд түрүүлсэн баг тамирчид 216,000 мянган ам.доллар хүртэж, чансаандаа 1000 оноо нэмэх юм.

Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу дөрөвдүгээр сарын 1-нд тодорно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж