Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг Цагаан ам хэмээх газарт буюу хилийн дөрөвдүгээр заставын ойролцоо хилийн цаана түймэртэй байгаа талаар онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Түймэр хилээс 4-5 км цаана байгаа ч Монголын нутаг руу орж ирж болзошгүй нөхцөл бүрдээд байгаа гэнэ. Иймд Дадал сумын ЗДТГ, хилийн 0287 дугаар анги, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид урьдчилан сэргийлэхээр хамтран ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн оны буюу 2011 оны байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 76 суманд 161 удаагийн ой хээрийн түймэр гарч 20.2 мянган га ой, хоёр сая га бэлчээр өртөж, улсад нийт 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулж байжээ. Түймрийг унтраахад ОБЕГ-аас 2099 хүн, 198 автомашин, орон нутгаас 5161 хүн, 482 автомашин 35 мотоцикль, Хилийн цэргийн 462 албан хаагч дайчлагдсан байна. Ой хээрийн түймрийн эзэн, шалтгааныг авч үзвэл тамхи, шүдэнзний галаас 32, отогны галаас 10, хил давж орж ирсэн зургаа, машин тракторын янднгийн очноос зургаа, аянганаас 31, ил задгай гал, үнс нурамнаас 24, бусад шалтгаанаар 30-н удаа гал гарсан хэмээн ойн газрын судалгаанд бүртгэгдсэн байдаг байна.
Б.Саран