Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноосон юм. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа нь энэ аж.
Б.Эрдэнэбилэг гэгч нь 2009 онд найз М-ийн амь насыг хөнөөсөн бөгөөд энэ хэрэгтээ Ш.Гантулга гэх залууг оролцуулсан байна. Уг хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй явсаар хоёр жил гаруй болж, түүнийг батлан даалтад гаргасан. Гэвч тэрбээр батлан даалтад гараад удаагүй байхдаа гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн юм.