“Цагдаагийн дарга нарыг шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулна”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Цагдаагийн дарга нарыг шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулна”

Цагдаагийн албан тушаалтан Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Сүхбаатар дүүргийн шүүхийн зарласан шүүх хуралдаан удаа дараа хойшилж, “7 сарын 1-ний” гэх тодотголтой хэргийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учирч байгаатай холбогдуулан Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэргийг хаалттай хэлэлцэх болсон үндэслэл шалтгаан, Шүүгдэгч нарт хэрэглэх хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байхад шүүх хуралдаан зарласан шалтгаан, үндэслэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь ЭБШХ-д заасан шүүх хуралдааны журам болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн талаар, шүүх хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаварласан эсэх зэрэг асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байхад хурлыг түтгэлзүүлэх ёстой гэх тайлбарыг өмгөөлөгчдийн зүгээс байнга тавьж байна. Үнэхээр цэцэд маргаан үүссэн байхад хэргийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл байдаг юм уу?

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлд Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол шүүгч хэргийг түдгэлзүүлэх тухай заасан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч ЭБШХ-ийн 225 дугаар зүйлд заасны дагуу 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг захирамжаар шийдвэрлэдэг. Байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрвэл шүүгч захирамж гарган хэргийг түдгэлзүүлэх нь тодорхой юм. 

Харин Цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байсан тул шүүгч захирамж гаргаж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх бүрэлдэхүүн томилогдсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатнаас эхлэн тухайн эрүүгийн хэргийн талаар гаргах процесс ажиллагааны шийдвэрүүд нь шүүх хуралдааны явцад хамтын зарчмаар буюу гурван  шүүгч бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэгдсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл нэгэнт товлогдсон шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний зарчмаар хэргийг тал бүрээс нь хэлэлцсэний эцэст мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн бусад үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүх бүрэлдэхүүнээс тогтоол гарах боломжтой юм. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоож, гэм буруутай этгээдэд зохих ялыг шударгаар оногдуулах, нөгөө талаас гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад чиглэдэг. Энд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим үйлчилнэ. Гэтэл нэр бүхий цагдаагийн албан хаагч нарт холбогдох хэрэгт ажилласан өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслахын оронд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх явдалд янз бүрийн хэлбэрээр саад учруулж, шүүгдэгч нарын болон олон нийтийн эрх ашгийг хохироож байна.

-Цэргийн гэмт хэрэг буюу 294 дүгээр зүйл ангиар өмнө нь нэг ч хүн ял шийтгэл авч байгаагүй гэх яриа гарсан байна. Өмнө нь энэ зүйл ангиар ял шийтгүүлсэн тохиолдол байдаг уу?

-Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаар сүүлийн 15 жилийн судалгаа бий. 1986 онд цэргийн гэмт хэргийн зүйлчлэл нь 292 байсан. Шинэчилсэн хуулиар одоо 294 гэж явж байгаа. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ зүйл ангиар нийслэл дүүргийн шүүхэд 200-аад хэрэгт 300 гаруй хүн ял шийтгэл авсан судалгаа байна. Одоогийн цагдаагийн удирдлагуудад үүсгэсэн 294.2- т зааснаар ял шийтгэл авсан тохиолдол бий.

-Өмгөөлөгчид үйлчлүүлэгчээс татгалзсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байж чадах уу. Ямар тохиолдолд өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалздаг юм бэ?

-Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Мэргэжпийн өмгөөлөгч хүн ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, хуулийн хүрээнд ажиллах нь өмгөөлөх үйл ажиллагаанд баримтлах нэн тэргүүний зарчим юм. Гэтэл Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нар өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байхад өмгөөлөгч нар нь “мэдлэг, чадвар хүрэхгүй байна” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн нь тэдний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, мэргэжлийн нэр хүндийг унагасан хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаанд нэгэнт орж эхэлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явцад нь татгалзах, хэргийг хэвийн үргэлжлүүлэхэд саад хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийг татгалзах, солих, нэмж авах асуудал нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдэх учиртай. Хэрэв тэд үйлчлүүлэгчээсээ татгалзах гэж байгаа бол өмгөөлөл үзүүлж байгаа хүндээ хүсэлтээ өгөх ёстой юм. Тухайн үйлчлүүлэгч өмгөөлөгчийн саналыг хүндэтгэн үзээд өөр өмгөөлөгч авахаар болвол гэрээгээ цуцлаад, хөлс мөнгө авсан бол түүнийгээ буцааж өгөөд явах ёстой. Хэрэв үйлчлүүлэгч өөр хүнээр өмгөөлөл хийлгэхгүй гэвэл тухайн хэргийг дуустал нь өмгөөлөл үзүүлж, үүргээ биелүүлэх учиртай. Гэтэл татгалзах хүсэлтээ үйлчлүүлэгчдээ биш, шүүхэд тавиад байгаа нь буруу. Үүнийг шүүх шийдэх боломжгүй.

-Тэгэхээр дараагийн шүүх хурал шүүгдэгч нар өмгөөлөгчтэй болсны дараа л товлогдоно гэсэн үг үү?

-Шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах эрх шүүхэд бий. Тиймээс шүүн таслах ажиллагааг таслахгүйн тулд үйлчлүүлэгчдийг өмгөөлөгчөөр хангана. Шүүх хурлыг үргэлжлүүлэн хийх болно. Өмгөөлөгчдийн гаргасан энэхүү  хууль зөрчсөн үйлдэлд зүгээр нэг арга хэмжээ аваад өнгөрч болохгүй. Өмгөөлөл үзүүлэх эрхийг нь хасах хэмжээнд асуудал яригдах ёстой.

-Энэ хэрэгт төрийн нууцтай холбоотой гэх зүйлийг агуулга талаас нь харвал нууцлаад байх зүйлгүй. Тийээс нээлттэй явуулж болно гэх байр суурь илэрхийлж байгаа юм билээ?

-Энэ хэрэг эхнээсээ дуусахх хүгтлээ төрийн нууцтай холбоотой тоо, баримт материал яригдах учир нээлттэй явуулах ямар ч боломжгүй. Хэрэв нээлттэй явуулбал шүүх хууль  зөрчих болно. Тиймээс  хуулиа л барьж ажиллана. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан  Цагдаагийн экс дарга Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэрэгт төрийн нууцад хамаарах мэдээ баримт авагдсан ба тэрхүү мэдээ баримт шүүх хуралдааны аль ч үе шатанд хэлэлцэгдэх боломжтой . Тэгэхээр төрийн нууцтай холбоотой хэсгийг тусад нь хэлэлцэнэ гэсэн ойлголт байхгүй. Төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримтыг задруулах нь Төрийн нууцын тухай хуулиар хориглосон үйлдэл,  эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогддог.

-Өнгөрсөн сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хурлын үеэр Г.Ганбаатарын өмгөөлөгч ирээгүй учир тусгаарласан. Ингэж тусгаарласан нь  хууль бус гээд байгаа? 

-Энэ хэрэг  өмгөөлөгчдөөс  шалтгаалж дөрвөн удаа саатаад байна. Шүүн таслах ажиллаганд саад учруулж байгаа учраас  шүүх хурлаа хийж чадагүй гурван сар болж байна. Шүүх хэргийг тусгаарлахдаа хуульд нийцүүлэн гаргасан. Шүүх бүх шийдвэрээ хуулийн хүрээнд гаргаж байгаа.

-Энэ сарын 28-ны өдөр болсон шүүх хуралд хэвлэл мэдээллийн байгууллагаас гурван телевиз оруулсан. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагад ялгавартай хандсан мэт ойлголт төрөхөөр байсан? 

-Шүүх хурлыг сурвалжлах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журмаар зохицуулдаг. Энэ хэргийн тухайд нэгдүгээрт хаалттай хурал, хоёрдугаарт 461 дүгээр анги онцгой обьект. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас  шүүх хуралдааны танхимд нэг ч сэтгүүлч оруулахгүй  гэж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс тус хорих ангитай санал солилцсоны үндсэн дээр хүсэлтээ ирүүлсэн гурван телевизийг оруулсан. Үүнийг ялгаварласан гэж ойлгож, ярьж байгаа нь буруу.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж