Пэпси дээд лигийн II тойрог өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Пэпси дээд лигийн II тойрог өндөрлөлөө

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Пэпси үндэсний дээд лигийн II тойргийн сүүлчийн тоглолтууд Спортын төв ордонд боллоо. Эхний тоглолт лигийн тав болон долдугаар байрт жагсч байгаа ШУТИС, QGX компанийн “Акулууд” болон лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “TLG-13 багийн хооронд өрнөлөө. Өгөө, аваатай тоглоот үзүүлдэг тус хоёр багийн тоглолтоос энэ удаад ч өмнөхийн адил дүр зураг харагдав. “TLG-13” багаас Кэн Блэйк онцгой байлаа.Түүний дөрөвдүгээр үед хийсэн нэг гарын хүчтэй тохолт үзэгчдийг төдийгүй багийн нөхдөө сэргээсэн юм. Уг нь “Акулууд” дөрөвдүгээр үед онооны зөрүүг ердөө гурав болгож ойртуулсан байсан. Кларенс Жеффрей бэртэлтэй байгаа ч түүний баг нь үндсэн цагт 69:66 харьцаатай “Акулууд” багийг буулган авч, тун чухал ялалт авсан юм. Энэ хожил тэднийг плей-оффын байрлалын төлөөх өрсөлдөөнд хэвээр үлдээж байна.

Хоёр дахь тоглолт энэ өдрийн хамгийн сонирхолтой нь байсан. “Энержи Ресурс”-ын “Харцага” болон “Хасын хүлгүүд” багууд плей-оффын байрлалын төлөө хүч үзсэн. Уг нь “Хүлгүүд” лигийг итгэл төгс тэргүүлж байсан ч хоёрдугаар тойрогт хоёр хожигдол хүлээснээр хүснэгтийн байдал бүр сонирхолтой болсон юм. “Харцага” энэ байдлыг ашиглан илүү гарахыг хичээсэн. Тиймээс ч гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Хүрэлбаатарыг гараанд гаргасан нь үр дүнгээ өгч, тэрбээр эхний үед багтаа тооцоолоогүй найман оноог авчирч, улмаар 18:0 харьцаатай “Харцага” илүүрхэх болсон. Гэвч энэ үеэс эхлэн “Хүлгүүд” тооны харьцааг бага багаар ойртуулж эхэлсэн. Тэр дундаа Шарлес Картерын хамгаалалт, Пүрэвдоржийн холын зайн шидэлт, Сэдбазарын ухаалаг тоглолтыг эцсийн мөчид байдлыг ашигтайгаар эргүүлэхэд чухал нөлөөг үзүүлсэн. Ингээд цаг өндөрлөхөөс зургаан секунд дутуу байхад хажуугийн шугамаас “Хүлгүүд” бөмбөгийг тоглолтод оруулж, улмаар шитний доороос Кемарли Уиллиамс хоёр оноог авснаар 51:50 харьцаатай “Хүлгүүд” ялалт байгуулсан юм.

Сүүлийн тоглолт “Офицер”, “SBL Becks” багийн тоглолт байлаа. Чансааны хол зөрүүтэй хоёр багийн тоглолт төдийлөн өрсөлдөөнтэй явагдсангүй. Үндсэн цагт 79-58 харьцаатай “Офицерууд” баг илүүрхснээр дөрөвдүгээр байраа баталгаажуулж үлдлээ.

Багуудын хожил, хожигдлын байдлыг танилцуулбал,

“Хасын Хүлгүүд”
                    9-3

“Харцага”                               8-4

“Буллс”                                   8-4

“Офицер”
                               8-4

“ТЛЖ-31                                   5-7

“СБЛ Бекс”                             3-9

Шаркс                                     1-11

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж