СБД уян дурангийн аппараттай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

СБД уян дурангийн аппараттай боллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өчигдөр ходоодны видео дурантай боллоо.

79 сая төгрөгийн үнэтэй тус аппаратыг авахад дүүргийн удирдлагууд дэмжлэг үзүүлжээ. Видео уян дурангийн аппаратад нэмэлт төхөөрөмж суулган уушги, шулуун гэдэсний оношилгоог хийж болох аж. Өмнө нь оптик дурангаар оношлогоо хийдэг байсан эмч нар төхөөрөмжөө шинэчилсэнд баяртай байв.

Ходоодны видео дуран нь ходоодны зовиур, эмгэгийг 5-10 минутын дотор 260 хувь томруулан харж оношлох чадвартай бөгөөд хариу нь шууд хэвлэгдэн гардгаараа бусад аппаратаас давуу талтай аж. Нэг сантиметрээс жижигхэн ходоодны хавдрыг эрт илрүүлэх боломжийг олгож байгаа нь өвчнийг цааш хүндрэх аюулаас бүрэн сэргийлэхэд чухал ач тустай хэмээн эмч нар ярьж байлаа.

"FUJIFILM" корпорацийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагч Си-Ай-Ти ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр зургаан жил гаруй ажиллаж байгаа бөгөөд энэхүү аппаратыг Япон улсаас оруулж иржээ. Цаашид аппаратад ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд нийлүүлэгч байгууллага засвар үйлчилгээг хариуцан ажиллах юм байна.

Л.Болорцэцэг
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж