Нуригийн хамгийн их шуугиан тарьж, өмнөх бүх киног нь нийлүүлсэнтэй тэнцэхүйц хөрөнгө мөнгө, хүн хүчээр хийсэн “Анатолияд нэгэн удаа” бүтээлийг монгол хадмал орчуулгатайгаар маргааш буюу гуравдугаар сарын 31-нд 16.00 цагт “Black Box” театрт толилуулах гэж байна. Кино хийх тухай номын дуу сонсоогүй Нури Түрэгийн бахархал, хайр хүндлэлийг нь хүлээсэн хамгийн хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд түрэгийн шинэ үеийн давалгааг эхлүүлэгч нэгэн юм.
Нуригийн бүтээлд нэвтрэх нь Зэнгийн коаныг дотроо бясалган саторид тэмүүлэх мэт! Нуригийн бүтээлийг үзэхдээ өөрийнхөө бодол санааг хоосолж, ямар нэгэн зүйл хүлээж, хүсэхгүйгээр цэвэр оюун бодлоор үзэх хэрэгтэй. Эгээ л бясалгал хийж буй мэт. Түүний дараа өмнө нь өдөр бүрийд л харж байсан үзэгдэх юмс бүхэн амьтай, сэтгэлт тань мэдрэгддэг зовлон шаналал, баяр хөөр зуурдын болохыг хүлцэх гэгээрэлд хүргэж ч мэднэ хэмээн кино судлаач нэгэн хэлжээ.
Түүний кинонд гүн утга агуулга бүхий харилцан яриа, ээдрээтэй зөрчил тэмцэл, ерөөсөө үйл явдал ч байхгүй. Уйтгартай, дүнсгэр тэрхүү байдал нь таныг бүр залхааж мэдэх. Бидний үзэж туулахаас айдаг, зугтдаг хэдий ч гарцаагүй туулж өнгөрөх сэтгэл татам юмгүй хувь тавиланг дүрүүдийх нь хүйтэн, сул дорой, залхмаар гунигт амьдрал гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл бүр хэн нэгэн цэцэн мэргэн шиг тайвнаар танд хүүрнэх вий. Хоёр цагийн турш үргэлжлэх уг киноны талаас илүү хэсэг нь шөнө дундад өрнөх төдийгүй гайхалтай үзэсгэлэнт зураглалаар дүүрэн бүтээл юм.