“Кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй”

Монгол кино урлаг ид сэргэн мандаж байна. Гэвч сайныг дагаад саар гэгчээр энэ сард нээлтээ хийсэн зарим кинонуудыг кино театрт гаргахгүй, хориглолоо гэсэн мэдээлэл шуугиан тариад байгаа билээ. Бид энэ удаа “Тэнгис” кино театрын Маркетингийн албаны дарга Х.Жигжидсүрэнгээс энэ талаар тодрууллаа. Бусад кино театруудын байр суурийг удахгүй та бүхэнд хүргэх болно.

-Сүүлийн үед кино театруудад монгол киног гаргахгүй, хориглолоо гэсэн яриа гарч үзэгчид ч нэлээд бухимдангүй байна. Та энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-“Тэнгис” кино театрын хувьд бол кино урлагийг дэмжиж ажилладаг. Гэхдээ мэдээж манай техникийн шаардлагын төвшинг хангасан, үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн кинонуудыг гаргахыг зорьдог. Мэдээж энэ нь монгол киноны хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж бид үздэг. Сүүлийн үед урлагийг хэт улстөржүүлэх асуудал газар авч байх шиг байна л даа. Манай кино театрт “Бурхан өршөөг”, “Долоон бурхан харвадаггүй” хоёр кино хоёр долоо хоногийн зайтай нээлтээ хийсэн. Энэ хоёр киног манай техникийн шаардлагыг хангасан бас үзэгчдийн үзэх ёстой сэдэв мөн байсан учраас гаргадаг журмынхаа дагуу асуудалгүй гаргаж байгаа. Харин бусад кино театрууд гаргах, гаргахгүй нь өөрсдийнх нь дотоод асуудал. Гэхдээ ер нь кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй юм. Бид үйлчилгээ үзүүлдэг байгууллагынхаа хувьд уран бүтээлчдэдээ шаардлага тавихдаа хэт нэг талыг барьсан, нийгэмд буруу, сөрөг үр дагавар өгөх кинонуудыг гаргахгүй байхыг шаарддаг. “Бурхан өршөөг” киноны хувьд ардчиллын тухай өгүүлсэн нэгхэн хэсгээс болж аль нэг намынх гэж харах нь өрөөсгөл гэж бодож байна. Харин “Долоон бурхан харвадаггүй” киноны хувьд бидний үеийн залуучууд түүхийг үнэн мөнөөр харах, ойлгох, мөн сүүлийн үеийн залуучуудад одоо бидний амьдарч байгаа эрх чөлөөт амьдралыг тэр долоон хүн яаж тэмцэж олж авсаныг яг үнэн бодитоор нь гаргаж өгч байгаа хамгийн анхны дэлгэцийн томоохон хэмжээний бүтээл болсон гэж үзэж байгаа. Энэ кино их нүсэр бүтээл болсныг үзсэн хүмүүс бол мэдэж байгаа, үзээгүй хүмүүст сонирхуулахад массын хэсэг, дайн тулааны хэсэг гээд ямар их ажил, хүн хүч орсон нь тодорхой харагдах байхаа. Харин хувь хүнийхээ үүднээс дүгнэхэд залуу уран бүтээлчид хийсэн гэхэд сайн кино болсон гэж бодсон. Яагаад гэвэл хамгийн наад зах нь киноны дүр сонголт маш оновчтой, яг бодит түүхэн хүмүүстэйгээ их адилхан болсон байна лээ.  Үзсэн хүмүүс надтай маргахгүй байх аа. Кино урлаг бол маш олон урлагийн нийлмэл, маш богино хугацаанд асар олон мэдээллийг өгдөгөөрөө онцлог л доо. Энэ кинон дээр 30 гаруй жилийн түүхийг кино урлагаар дамжуулж, XXI зууны залуучууд 2 цаг 20 минутад багтааж авах боломжтой болж байгаа юм. Би өөрөө киноны салбарт ажиллаад арав гаруй жил болж байгаа хүний хувьд 1921 оны хувьсгалын тухай ардчилалаас хойш хийгдсэн хамгийн далайцтай бүтээл гэж хэлмээр байна. Кинонд тулаантай хэсгүүдийн тэсрэлт дэлбэрэлт, буудалцаан зэрэг пиротехникийн ажлыг асар өргөн хэмжээнд хийсэн байсан. Гэхдээ эцсийн дүндээ хэний захиалгаар яаж хийсэн нь чухал биш хамгийн гол нь сайн бүтээл бий болж олны хүртээл болж байгаагаараа үзэгчид л хожиж байгаа юм.

-Гадуур гарч байгаа мэдээлэл тэгвэл үндэслэлгүй гэсэн үг үү?

-“Тэнгис” кино театрын хувьд тийм асуудал байхгүй. Манайх байгуулагдсан цагаасаа киног урлагийнх нь хэмжээнд, монгол киногоо аль болох дэмжиж ажиллах бодлого барин ажилладаг. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд монгол кино урлагийн хувьд асар том тэсрэлт бий болсон. Үүний хүчинд өнөөдөр ийм том хэмжээний уран бүтээл төрөх боломжтой болсон нь баярлууштай. Монголын кино урлагийн түүхэнд бас нэгэн том түүх бичиж байна гэсэн үг л дээ. Тэрийг үзэгчид үзэж байна, энэ л хамгийн гол нь. Хэн санхүүжүүлсэндээ биш.

-“Тэнгис” кино театрт кино үзэгчдийн хэдэн хувь нь зорьж очиж байгаа вэ, танай дээр судалгаа байдаг уу?

-Манайх найман жилийн өмнө байгуулагдсан, дэлхийн стандартад нийцсэн монголын хамгийн анхны кино театр. Тэр ч утгаараа монголын кино урлагт манлайлагч, тэргүүлэгч компани нь байсан, байсаар ч байгаа. Тиймээс ч үзэгчдийн 55-60 хувь нь манайхыг зорин ирж үйлчлүүлдэг. Зах зээлийнхээ дийлэнх хувийг эзэлж байгаагийн хувьд бусад кино театрууддаа үлгэр дууриал үзүүлж явдаг. Урьд нь “Тэнгис” кино театр гадны хөрөнгө оруулалттай байсан бол 2011 оноос 100 хувь монгол компани болсон.

-Тэгвэл үзүүлж байгаа киноны хувьд монгол, гадаад гэсэн харьцаа нь ямар байгаа вэ?

-Анх байгуулагдахдаа дан Холливудын кино гаргадаг байсан бол сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа киноны 70 хувийг монгол кино эзэлж байгаа. Энэ бол асар хурдан хугацаанд хийгдэж байгаа өөрчлөлт. Учир нь монгол кино их хийгдэж байгаа учраас тэднийгээ дэмжих үүднээс Холливудын кино захиалгаа багасгаж байгаа. Тэрний хүчинд кино урлагийг ойлгодог бизнесменүүд, сангууд бий болж, төр засаг ч их анхаарч үздэг болсон байна. Үүнийг дагаад уран бүтээлийн чанар чансаа ч мэдэгдэхүйц дээшилж байгааг үзэгчид мэдэж байгаа байх аа.

-Танд баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж