Авлигын их эздээр хоёр хөрш “тодорчээ”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Авлигын их эздээр хоёр хөрш “тодорчээ”

Авлигатай тэмцэх олон улсын Transparency International (TI)-ийн удирдсан саяхны  нэгэн судалгаагаар Орос, Хятадын бизнесийн салбарынхан гаднын  оронд бизнес хийх үедээ хамгийн ихээр хахууль  өгдөг гэсэн дүгнэлт гарчээ.

Нийт 28 орны 3000 гаруй бизнес  эрхлэгчдийн дунд явуулсан энэхүү судалгаанд манай урд, хойд хоёр хөрш хамгийн бага авлигад автдаг орнуудын жагсаалтад сүүл мушгиж байгаа аж. Судалгааны нэгдүгээрт Недерланд, Швейцар улс оржээ. Харин Их Британи наймдугаарт, Америк, Франц зэрэг улс удаалж буй гэнэ.
 
Олон нийтийн байгууллага болон барилгын салбарт авлига, хээл хаахууль өгч, авалцах нь  элбэг тохиолддог байна.

Авлигатай тэмцэх олон улсын тус байгууллага судалгаандаа дүгнэхдээ “Дэлхийн том гүрнүүд болох Хятад, Орос нь авлигын индексээрээ тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээх асуудал мөн. Учир нь,  эдийн засаг, бизнесийн салбарт дэлхийд түрэн орж байгаа энэ орнуудын хувьд гаднын  түнш байгууллагуудад авлига, хээл хахууль гэх ойлголтыг дэлгэрүүлэх аюултай. Ингэснээр бизнесийн зах зээлд шударга өрсөлдөөнийг үгүй хийж болзошгүй” гэжээ. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Энэтхэг болон Бразиль улс 19, 14 дүгээр байрт тус тус бичигдсэн аж.
 
Transparency International (TI) байгууллага судалгаандаа гадаадын компаниудыг авлига, хээл хахуулиас ангид байлгах зорилгоор олон улсын хэмжээнд үүнд чиглэсэн дорвитой арга хэмжээ авахыг уриалсан юм. Тус байгууллагын ерөнхийлөгч Хюжеттэ Лабелль хэлэхдээ “G 20-ийн удирдлагууд авлигын асуудлыг цаг алдалгүй  анхааралдаа авах хэрэгтэй. Мөн үүнтэй тэмцэхэд чиглэсэн хяналт, шалгалтыг зохион байгуулж шүүхийн мөрдлөг  явуулах нь чухал” хэмээн онцолсон байна. Transparency International (TI) байгууллагын үзэж буйгаар авлигын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн бэрхшээлтэй улс нь Орос  байх гэнэ. Энэ талаар тус байгууллагын Оросын талыг хариуцсан захирал Илина Панфилова хэлэхдээ “Харамсалтай нь Орос улсад шударга, шулуун замаар бизнес хийнэ гэдэг нь олон нийтийн дунд тийм ч түгээмэл ойлголт биш” гэв.
 
Хээл, хахууль газар авсан аливаа улс, орны Засгийн газар ч мөн авлигад автсан байдаг гэсэн дүгнэлт гарсан төдийгүй олон нийтэд чиглэсэн хангамж үйлчилгээний салбар хамгийн ихэд өртдөг ажээ. Учир нь,  аль нэг улсын Засгийн газар хог, хаягдал цэвэрлэхээс эхлээд зам засварын ажилд байгууллага, компаниудыг хамарсан тендер зарладаг. Энэ нь өрсөлдөгч  байгууллагууд нэгнээ ялахын тулд холбогдох газруудад хахууль өгөх нь түгээмэл  байдагтай шууд холбоотой байдаг юм. Авлигын бас нэг эх үүсвэр бол уул, уурхай болон газрын тос үйлдвэрлэгчид. Энэ салбарт Хятад, Орос идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь судалгаанд авлигад автсан хамгийн том орноор тодрох нэг үзүүлэлт болжээ.

Харин авлигад хамгийн бага өртдөг нь хөдөө, аж ахуйн салбар бол банк, санхүүгийн салбар удаалдаг юм байна.  
 

Б. Үүрийнтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж