Түүний тооцоолсноор Хятад, Энэтхэг зэрэг түүхий эдээр цангасан үйлдвэрлэгч орнуудад эрэлт тасралтгүй өсч буйгаас дэлхийн гангийн үйлдвэрлэл жилийн дунджаас 5.2 хувиар өсөх гэнэ.
Ган үйлдвэрлэлийн хайлуулах зуух болон хүчилтөрөгчөөр хайлуулах технологийн гол түүхий эд коксжих нүүрсний худалдаа түүхий эдийн зах зээлд 2000-2010 оны хооронд 58-73 хувиар өссөн байна.
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг коксжих нүүрсний үйлдвэрлэл дэлхий даяар 5.5 хувиар өсч, хэрэглээ 5.1 хувиар нэмэгдсэн аж.
Дээрх тоо баримтаас харахад коксжих нүүрсний эрэлтийг урьдчилан тооцоолж болохоор байгаа юм. Хятадад ч мөн коксжих нүүрсний импорт өсөх хандлагатай байгаа ч гангийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний үнээс шалтгаалах ажээ.
Хятадын ган үйлдвэрлэл 2001-2010 оны хооронд 14.9 хувиар буюу 151.6-607.6 сая тонноор нэмэгдсэн юм. Энэ үе хэдийгээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн оргил үе байсан ч ирэх 2015 он гэхэд гурван хувиар нэмэгдэх урьдчилсан үзүүлэлт гарсан байна.
Харин коксжих нүүрсний гол экспортлогч орнуудын тоонд Мозамбик, Индонези, Монгол, ОХУ, Хойд Америк багтаж байна. Дэлхийн коксжих нүүрсний 64 хувийг экспортлогч Австрали 2015 он гэхэд экспортынхоо хэмжээг жилд 192 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Коксжих нүүрсний асар их нөөцтэй Монгол Улс ойрын ирээдүйд Тавантолгойн ордоос жилд 15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа ч төмөр зам зэрэг дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага тулгарсан юм.
Дэлхийн банкнаас саяхан гаргасан илтгэлд Тавантолгойг Хятадын хилтэй холбосон төмөр зам барьснаар коксжих нүүрсийг зах зээлд гаргах бүрэн боломжтой.
Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 56.5 ам.доллараар Хятадын Баотоу хотоор дамжуулан Хуангуа боомт руу гаргах нь хамгийн хямд тээвэрлэлт болно.
Харин ОХУ-ын Восточной боомтоор экспортлоход нэг тонн нь 125 ам.доллар болдог аж. Төмөр зам, дэд бүтцийн асуудлыг шийдвэл Тавантолгой коксжих нүүрсний экспортоор Австралийн өмнө гишгэх боломжтой юм.