Тус хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ одоогоос 3 жилийн өмнө Берлин хотноо болсон Монгол–Германы Чуулганы наймдугаар бага хуралд монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогын асуудлаар санал бодлоо солилцож байснаа эргэн дурслаа. Энэ хугацаанд Монгол–Германы харилцаанд ихээхэн ахиц дэвшил гарч хоёр талын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд улам бүр өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэлээ. Энэхүү харилцааны өрнөл, хөгжилд Холбооны Канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц үзүүлснийг мөн цохон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал Монгол-Германы харилцааны түүхэнд бас нэгэн чухал хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд илэрхийллээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат Монгол-Германы Чуулганы Ерөнхийлөгчөөр байгуулагдсан цагаас нь тэргүүлэн ажиллаж иржээ. Энэхүү чуулган нь Монгол–Германы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байдаг нэгэн суваг төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал индэр болсон юм.
Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлснийг чуулганд оролцогсдод уншиж танилцуулав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.