“УБ-Дели шууд нислэгийн боломжийг судалж байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“УБ-Дели шууд нислэгийн боломжийг судалж байна”

Манай улс Энэтхэг, Сингапур, Лаос, Куба, Австрали, Вьетнам, Египет, Итали, Польш, БНАСАУ, Тайланд, Унгар зэрэг улсад суух Элчин сайдуудаа шинээ томилох шийдвэр гаргасан билээ. Эдгээр шинэ Элчин сайдын нэг болох Бүгд найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяртай ярилцлаа. Түүнийг Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуух бичгээ гардаж аваад байхад нь уулзсан юм.


-Юуны өмнө Монгол Улсаа төлөөлөн БНЭУ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэе!

-Баярлалаа.

-Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа өнө эртний түүхтэй. Ийм эртний түүхтэй оронд улсаа төлөөлөн сууна гэдэг нэг талаар их нэр хүнд, нөгөө талаар их хариуцлага гэж ойлгож байна?

-Тийм шүү. Манай хоёр орныг 2500 жилийн харилцаатай гэж түүхчид үздэг. Ерөнхийдөө Буддын шашинаар холбогдсоор ирсэн. Энэ том соёлын харилцаа үргэлжилсээр 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Энэ нь Монгол Улс анхны социалист бус хөрөнгөтөн оронтой дипломат харилцаа тогтоосон явдал болсон. Ингэснээр хоёр тал 1956 онд Элчин сайдуудаа харилцан томилж, Монгол Улс 1956 онд Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн байдаг. Дараа нь харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий зарчмуудаа тодорхойлоод 1973 онд хамтарсан тунхаглал, 1989, 2001, 2004 онд хамтарсан мэдэгдэл гаргаж байсан.

-Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам идэвхжиж байгаа. Өнгөрсөн жил гэхэд Энэтхэгийн Ерөнхийлөгч манай улсад айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарах болсон?

-Хоёр орны харилцаа маш их идэвхжиж байна. Сүүлийн гурван жилд хоёр орны төрийн тэргүүнүүд томоохон айлчлал хийлээ. Олон ч салбарт гэрээ хэлэлцээр байгуулсан. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цөмийн эрчим хүч ашиглах чиглэлээр санамж бичиг байгуулсан. Мөн хөдөөд аж ахуй, уул уурхайн салбарт хамтын ажиллагаа идэвхжиж байна. Батлан хамгаалах салбар, аюулгүй байдлыг хамгаалах байгууллагууд хоорондоо тогтмол харилцаатай байдаг. Ерөнхийдөө хоёр орны хамтын ажиллагааны 40 орчим гэрээ, хэлэлцээр байгуулагдаад байна.

-Энэтхэгийн талаас нэлээд зээл, тусламж үзүүлж байсан. Энэ талаар?

-Энэтхэгийн Засгийн газраас манайд хэд хэдэн буцалтгүй тусламж үзүүлсэн. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр ч Засгийн газарт урт хугацааны, 25 сая ам.долларын зээл олгосон. Энэ мэт хөнгөлөлттэй зээлээр мэдээллийн технологийн сургалтын төв баригдсан юм.

-Монголчуудын хувьд Энэтхэг улс бурхан шашнаараа хамгийн ойр байдаг. Цаашид хоёр оронд зорчих асуудлыг хөнгөвчлөх боломж бий юү?

-Мөргөл хийх, шашны ариун дагшин газраар явах мөргөлчдийн цуваа их байна. Гэхдээ визээр зорчдог боловч хоёр тал визний хураамжаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Монголоос явж байгаа жуулчид Энэтхэг рүү 180 хоног, Энэтхэгээс Монголд ирж байгаа жуулчид 30 хоног буюу нэг сар визний хураамжгүй зорчих боломжтой. Ер нь бодит бэрхшээл гэвэл манай хоёр орон хоорондоо их алслагдсан. Үүнийг хөнгөвчлөх үүднээс Улаанбаатар, Дели чиглэлд шууд нислэгхийх боломжийг судалж байна. “МИАТ” ХК-иас энэ тал дээр анхаарал хандуулж байгаа. Удахгүй сайхан мэдээ дуулдах байх.

-Энэтхэгт суралцах монгол оюутнуудын тоо өсч байгаа гэсэн. Ер нь Монголын хичнээн иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ?

-Одоогийн байдлаар Энэтхэгийн их, дээд сургуульд 300 орчим, сүм хийдэд шашны чиглэлээр мөн 300 орчим гаруй оюутан суралцаж байна. Үүнээс гадна хэлний болон мэдээлэл, технологийн чиглэлийн курс, дамжаанд суралцахаар очдог иргэд ч бий. Энэ тоо улам өсөх байх. Харин тэнд суурин амьдарч байгаа иргэд харьцангүй цөөн.

-Тэнд очиж суралцахаас гадна иргэд эмчлүүлэхээр явах нь олон?

-Тийм. Энэтхэг рүү эмчилгээнд явах нь ихэссэн. Ер нь Энэтхэгийг эмчилгээ, анагаах ухаан өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн. Хамгийн гол нь эмчилгаа сайн мөртлөө зардал нь хямд. Энэ нь монголчуудыг татах гол шалтгаан болдог. Тухайлбал, манайхан нүдний мэс засал, лакер хагалгаанд түлхүү ордог юм билээ. Цаашид ч эмчлүүлэгчид нэмэгдэх хандлагатай байна.

-Манай улсын уул уурхайн салбар дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Энэтхэгийн тал энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Одоогоор манайд Энэтхэгийн хөрөнгө оруулалттай хичнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Энэтхэгийн хөрөнгө оруулалттай 2-3 томоохон компани бий. “Стийл энд Паур”, “Меско стийл”, “Лайт уоркс” компаниудыг дурдаж болно. Эдгээр компанийн төлөөлөгчийн газар манайд бий. Энэ мэтээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж байна. Энэ уламжлалтай сайхан харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах болно.

Б.ДАВААХҮҮ

Зохиогчийн эрх: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж