“Авдрант” газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Авдрант” газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Black Ridge” компани Монголын газрын ховор элементийн салбарт орж ирж буй шинэ компани юм. Тус компани Төв аймагт газрын ховор элементийн “Авдрант” хайгуулын төслийг өөр нэг компанитай хамтран хэрэгжүүлж буйгаа энэ сарын эхэнд мэдээлсэн.

Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоогоод байгаа юм. “Black Ridge” хайгуулын ажлаар зууван хэлбэрийн 550 метрийн урт 200 метрийн  өргөнтэй, 20-25 сая тонн хүдэр илэрнэ гэсэн тооцоотой байна.

Энэхүү хүдэр дэх газрын ховрын хүнд элементийн агууламж нь 300-400 ppm байх магадлалтай ажээ. Өөрөөр хэлбэл хүдэр дэх элементийн агууламж 0.03-0.04 хувь гэсэн үг.
“Авдрант” төслийн талбай нь Улаанбаатараас зүүн зүгт 80 км-ийн зайд 7750 га газрыг хамарч буй юм.
“Авдрант” дахь газрын ховор элементийн илэрцийг 1970-аад онд Оросын геологичид илрүүлж байжээ.

Одоогоор газрын ховор элементийн нийлүүлэлт Хятадаас хэт хамааралтай байна. Учир нь тус улс газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг. Хятад улс 2009 онд 50 мянган тонн газрын ховор элемент экспортолж байсан бол 2010 оноос эхлэн экспортоо 30 мянган тонн болгож бууруулсан юм. Харин энэ хугацаанд дэлхийн улс орнуудын газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм.

2015 он гэхэд дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 185-210 мянган тонн болох төлөв гарчээ. Энэ үеэр дэлхийн газрын ховор элементийн зах зээлд 45-70 мянган тонн газрын ховор элементийн хомсдол үүсэх магадлал өндөр байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж