Үйлчилгээ сайтай амралтын газар байгуулъя

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Үйлчилгээ сайтай амралтын газар байгуулъя

Монголд стандарт хангасан тө­дий амралтын газар уул болгоны аманд бий. Стандарт хангасан гэдэг нь боломжийн үнэтэй, үйл­чилгээ сайтай газрууд гэсэн үг л дээ. Тэдэнд үйл ажиллагаа явуу­лах тусгай зөвшөөрөл олгодог газар нь ч хариуцлагагүй ханддаг болоод үйлчилгээ тааруу байдаг байх. Гэрчилгээг нь олгож л бай­вал үйлчилгээ нь ямар байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүсээс гом­дол хэр их ирдэг, үнэ хөлсөнд нь таарсан үйлчилгээ байнга шалгаад байдаггүй л болов уу. Товчхондоо, иргэд ихэнх амралтын газруудын үйлчилгээнд “онц” дүн тавиад байх нь юу л бол. Хүйтэн, дулаалга тааруу, гадна болон доторхи ариун цэврийн талаар ярих нь илүүц. За тэр ч яах вэ. Хамт олноороо салхинд гарах үе хэн бүхэнд тохиолддог. Амралтын газруудаар үйлчлүүлж буй иргэд хотын утаанаас, ажлын стрессээс, амралт зугаалгаар цагийг үр дүнтэй өнгөрөөхийн тулд амралтын газар хайх нь тэр. Хамгийн наад зах нь амралтын газруудын нэгдсэн лав­лагаа, мэдээлэл авчих сайт байхгүй. Лавлахаас амралтын газруудын байр­лал, утасны дугааруудыг жаг­сааж аваад нэг нэгээр нь залгаж эхэлнэ. Зарим нь “Юу яриад байгаа юм. Юун амралт, утас андуурсан байна” гэх мэт бэрхшээлтэй тул­гардаг шүү. Хэсэг хугацааны дараа нэг газартай холбогдон байрлал, үнийг нь судлаад захиалга өгсөн болно. Ингээд аль болох хотоос холгүй, боломжийн үнэтэй, аюул багатай, сайхан байгальтай газрыг сонгоод хүлгийн жолоо зална.

Амралтын газраа ирлээ. Хүлээн авах дээр нь очин захиалсан байр юм уу, гэртээ байрлана. Зарим тохиолдолд тухайн газрын хүлээн авах нь хаана байдаг юм, хэн гэдэг хүнтэй яаж уулзаж захиалсан байрандаа орох нь тодорхойгүй байдаг. Аль эсвэл “хүчээр” авчраад хүлээн авах дээр нь суулгачихсан юм шиг ярвайсан царайтай, дуугарч ядсан хүн тосож авах нь хачирхалтай бас эвгүй. Амралтын газрын дарга нар нь хотод өөр ажил эрхэлдэг хүмүүс байдаг. Аялал жуулчлалын салбарт хүч үзэж байгаа хэрнээ чадан ядан үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь хамаатан садандаа итгэн амралтын газраа хариуцуулан үлдээдэг гэж байгаа. Нийслэл хотыг тойрсон хэдэн амралтын газрууд нь зуны цагт мөнгийг хүүлдэг бололтой. Үүнийгээ тэд “мөнгөний улирал ирлээ” хэмээн хошигнодог гэнэ лээ.

Уг нь сайхан, цэвэрхэн  амрал­тын газрууд байдаг л даа. Гэхдээ л үйлчилгээ тааруу амралтын газ­руудын тоо сайнаасаа олон байдаг нь нууц биш. Үйлчилгээ сайн муугийн ялгааг хоёр янзаар ойлгож болно. Нэг талаасаа гэр нь хүйтэн, захиалсан гэртээ ирэхэд гэрээ цэвэрлээгүй байх жишээтэй. Нөгөө талаас буцалсан ус, утасгүй болсон тохиолдолд “үнэгүй юм гэж үгүй шүү дээ” гээд л гэдийх нь энүүхэнд.

Өвлийн улиралд амралтын газ­раа халуун дулаан байлгах тал дээр үнэхээр асуудалтай. Жишээ нь хотоос нэг их холгүй амралтын газарт түлэх түлээ нь дуусаж, уулын модноос хороох нь тэр. Тухайн газар ой модны харуул хамгаалалт, өнөөх ойн цагдаа гэдэг хүнийг мартсан гэмээр хэнэг ч үгүй хөрөөгөө барин уул руу орон 20 минутын дотор нэг мод унагах нь бур хачирхалтай.

Харин зуны улиралд амралтын газрууд битүү хүнтэй байдаг. Ашиг ч сайн олдог байх. Амрах гэж байгаа хүмүүсээс илүү залуучууд согтуу хөлчүү энд тэнд хөглөрөх нь энгийн л үзэгдэл. Наад зах нь тухайн газарт амарч байгаа хэсэг залуус зодоон цохион хийлээ гэж бодоход хамгаалалтын алба гэж байхгүй шахуу. Байсан ч настай юм уу, зодоон цохионыг зохицуулах хүн байх нь юу л бол. Нэг үгээр хэлбэл, хяналт, зохион байгуулалт байхгүй.  Жишээ нь өнгөрсөн зун Богд уулын аманд байрлах нэгэн амралтын газраас нэг охин ор сураггүй алга болж байсан. Энэмэтчилэн хяналт зохион байгуулалт тааруу амралтын газруудад гэмт хэргийн тоо буурдаггүй талаар ч харьяа цагдаагийн ажилтнууд онцолдог. Амралтын газрын зарим менежер “залуус нь амрах бус юу хүссэнээ хийх гэж зорьдог бол ахимаг настай, ахмад буурлууд хотын дуу чимээнээс хол байж алжаалаа тайлах гэж ирдэг” хэмээн санал нийлдэг. Энэ нь ч үнэний ортой.

Ойрын ирээдүйд Монголд аялал жуулчлалын салбар хөгжинө гэж яриад л байгаа. Аялал жуулчлалын хөгжил хөдөө орон нутаг руу чиглэсэн. Гадаадын жуулчид жилээс жилд нэмэгдсээр байгаа. Нэг зүйл дээр иргэд бухимдалтай ханддаг. Гадны жуулчдыг манайхан хүлээж авахдаа сүр дуулиан болох нь холгүй аятайхан угтаад, тухтайхан үддэг. Харин жирийн Монгол иргэн яагаад үйлчилгээ муутай аялал жуулчлалын салбар болох амралтын газруудаар сэтгэл дундуур үйлчлүүлэх ёстой гэж. Ер нь өөрийн гэсэн амралтын газар байгуулж, бүх үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжинд онцгой анхаарч тус салбарт хүч үздэг ч юм билүү. Хамгийн гол нь үйлчилгээ сайтай байх хэрэгтэйг анхаарах нь зүйтэй байх. 

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж