Ширээний теннисний багийн 51 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Дортмунд хотноо үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй 120, эмэгтэй 96 орны багийн тамирчид оролцож байгаа юм. 2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон багийн ДАШТ-д D ангилалд амжилттай тоглосноор чансаагаа ахиулсан Монголын эмэгтэй теннисчид энэ удаад С группт өрсөлдсөн ч хожил авч чадсангүй. Улмаар өнөөдөр 69-70 дугаар байрын төлөө Азербайжаны багтай тоглож 3:2-оор буулган авч анхны хожлоо авлаа. Улмаар Монтенегрогийн багтай маргааш тоглоно.
Харин эрэгтэй багийн тухайд Е группт таван тоглолт хийж, бүх өрсөлдөгчөө буулган авснаар хэсгээ тэргүүлсэн юм. Өчигдөр Исландын багийг 3:1 харьцаатай хожсон тэд өнөөдөр Ямайкийн багтай тоглоно. Хэрэв энэ тоглолтод ялалт байгуулж чадвал Е группийн аваргын төлөө тоглож, улмаар чансаагаа ахиулах боломжтой болох юм.
Тэмцээн дөрөвдүгээр сарын 1-нд өндөрлөнө.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР