ДБ-ны ерөнхийлөгчөөр Жим Ён Ким сонгогдох уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

ДБ-ны ерөнхийлөгчөөр Жим Ён Ким сонгогдох уу?

Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зоеллик удахгүй албан ту­шаалаа хүлээлгэн өгнө. Түүний оронд гурван хүн нэр дэвшиж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгосоос гаралтай Жим Ёонг Кимийг санал болгосон. Түүнээс гадна Нигер, Колумб хү­мүүс аж. Дэлхийн банкийг 1944 онд байгуулснаас хойш удирдлагаар нь америкчууд ажилласаар ирсэн би­лээ. Гэхдээ энэ удаад хөгжиж буй орнуудын төлөөлөл Дэлхийн банк­ны ерөнхийлөгчөөр сонгогдох магад­лалтай байна.

Б.Обама Өмнөд Солонгосоос га­ралтай хүнийг санал болгосон нь нэлээд анхаарал татаж байгаа. Өд­гөө 52 настай Жим Ён Кимийн хувьд 1987  онд Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагыг ДОХ-той тэм­цэх хэлтэсийг ахалж ажилладаг байж. Тэрбээр эмч мэргэжилтэй бө­гөөд эдийн засгийн салбартай тө­дийлөн холбогдож байгаа учраас нэ­лээд шүүмжлэл дагуулжээ. Жим Ён Ким Сөүлд төрсөн. Харин таван нас­тайд нь түүний гэр бүл АНУ-д нүүж очсон байна. Тэрбээр ахлах сур­гуульд байхдаа ангийн дарга болж, хөлбөмбөгийн шигээ багт хагас хам­гаалагч, сагсанбөмбөгийн багт төвийн хамгаалагчаар тоглож байжээ. Хожим нь Брауны их сур­гууль, Харвардад суралцаж, 1993 онд анагаах ухааны докторын зэ­рэг авсан байна. Харин 2009 оноос Дармут коллежийн   захирал болж, “Коллежийн авьяаст­нууд” шоу нэвтрүүлэгт оролцож байжээ. Хэ­­дийгээр тэрбээр эдийн засагч мэр­гэ­жилтэй биш боловч Дэлхийн банк­ны ерөнхийлөгчөөр сонгогдох ма­гадлал өндөр. Учир нь АНУ-ын са­нал өгөх эрх нь хамгийн өндөр бай­даг. Тиймээс Б.Обамагийн нэр дэвшүүлсэн хүн ялах магадлалтай гэ­сэн үг. Жим Ён Ким Дэлхийн банк­ны гишүүн орнуудад айлчилж бай­гаа билээ. Тэрбээр ирэх сарын 9 хүртэлх хугацаанд Этиоп, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразиль, Мексикт очих юм. Энэ үеэр төр, засгийн тэргүүн, Сангийн сайд нартай уулзах аж. Тэрбээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын та­лаар болон ядуурлыг бууруулах, хөг­жиж буй орнуудад ажлын байр бий болгох тухай өөрийн байр суурийг илэрхийлнэ. Жин Ён Кимийн энэхүү айлчлал нь дэлхий дахинд өөрийгөө таниулах боломжийг олгож байгаа юм. Б.Обама Дартмундын коллежийн захирал байсан хүнийг Дэлхийн банк­ны ерөнхийлөгчөөр томилохын тулд багагүй хүч хөдөлмөр зар­цуулах бололтой.

Нигерийн Сангийн сайд Нгози Окон­жо Ивеала мөн л Дэлхийн банк­­ны ерөнхийлөгчид нэр дэвшиж бай­­гаа. Түүнийг Өмнөд Африк, Ан­гол, Нигер улсууд дэмжиж бай­на. Дэл­хийн банкны одоогийн ерөн­хийлөгч Роберт Зоеллик Оконжо Ивеалаг санал болгосон юм. Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө 57 настай. Харвардын их сургуулийг төгсч, Массачусеттсийн Технологийн институтыг бүс нут­гийн эдийн засаг, хөгжилийн асууд­лыг хариуцсан мэр­гэжилтнээр төгс­сөн. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. “Тайм” сэтгүүлээс түүнийг 2004 онд Европын баатар хэмээн тодорхойлж байжээ.

Колумбын Сангийн сайд асан Жөүз Антонио Окампог Латин Америкийн орнууд дэмжиж байна. Тэрбээр санхүүгийн хямралын үед Колумбын эдийн засгийг тогтвортой байлгахын тулд олон зүйл хийж, тэдгээр нь үр дүнд хүрч байжээ. Антонио Окампо одоо Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны факультетын багшаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь НҮБ-ын Латин Америкийн орнуудын Эдийн засгийн комиссын тэргүүнээр ажиллаж байжээ.  Мөн 1976 онд Йелийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

Дэлхийн банкны ерөнхийлөгч болохоор яригдаж байгаа өөр нэг  хүн бол Жеффри Сакс. Тэрбээр Роберт Зоелликийн үйл ажиллагаанд үргэлж шүүмжлэлттэй ханддаг. Дэлхийн банкнаас явуулж буй бодлогыг өөрчлөх ёстой гэх саналыг тавьсаар ирсэн билээ. Ж.Сакс нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны тусгай зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Колумбын их сургуулийн салбар хариуцсан захирал. Өдгөө 57 настай тэрбээр сүүлийн 27 жилийн турш хөгжиж буй орнуудын ядуурлыг судалж, түүнийг багасгахын тулд Дэлхийн банкнаас тодорхой алхам хийхгүй байгааг шүүмжилсээр ирсэн билээ.

Дэлхийн банк хөгжиж буй орнууд руу хандсан бодлого явуул­даг. Хэдийгээр улс орнууд энэ­хүү байгууллагад хүч нөлөөгөө тог­тоо­хыг оролддог боловч гол хөрөнгө оруулагчийнхаа хувьд АНУ хамгийн их эрх мэдэлтэй байсаар ирсэн юм. Брюссельд төвтэй Олон улсын улс төрийн эдийн засаг судлалын төвийн тэргүүн Фредрик Эриксон “Б.Обамагийн санал болгосон хүн Дэлхийн банкны ерөнхийлөгч бо­лох магадлал хамгийн өндөр. Учир нь түүнийг АНУ, Европын ор­нууд дэмжинэ” гэжээ. Гэхдээ энэ удаад Дэлхийн банкны ерөн­хийлөгчөөр сонгогдсон хүнд олон улсын зүгээс нэлээд дарамт ирж магадгүй юм. АНУ, Европын сан­хүүгийн тогтвортой байдал алдаг­даж, уналтад орж байгаа энэ үед хөгжиж буй орнуудын эдийн зас­гийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа. Иймэрхүү нөх­цөл байдал цаашид ч хэвээр үр­гэлж­лэх төлөвтэй байна. Тиймээс дэл­хийн эдийн засгийн бодлогыг то­дорхойлохын тулд хөгжиж буй ор­нуудын эрх баригчид идэвхтэй хөдлөх бололтой. Тэд Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалыг зүгээр алдахыг хүсэхгүй л болов уу. Р.Зоелликийн хувьд ирэх сарын 20-нд болох Дэлхийн банкны чуулганы үеэр албан ёсоор огцорно.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж