“Бүртгэлээс хоцорсон элсэгчдийг шалгалтад оруулахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Бүртгэлээс хоцорсон элсэгчдийг шалгалтад оруулахгүй”

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл дуусахад 17 хоног үлдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн уг бүртгэл ирэх сарын 16-ны 18:00
цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс хугацаандаа амжиж бүртгүүлэхийг
Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс сануулж байна. Энэ талаар тус
төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Шалгуулагчдын хувьд ажрахгүй явсаар бүртгэлээс хоцрох тохиолдол гардаг.
Энэ жилийн хувьд нэмэлт бүртгэл явагдах уу?

-Үгүй ээ. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй. Хоцорсон тохиолдолд
нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг их, дээд сургуульд шинээр элсэгчдэд
сануулъя. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл онлайн www.eec.mn веб сайтаар давхар явагдаж байгаа.

-Одоогоор хичнээн шалгуулагч бүртгүүлээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 27200 гаруй шалгуулагч бүртгүүлээд байна. Тэдний
9300 орчим нь Улаанбаатар хотын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид юм.

-Төгсөгчид шалгалтын бүртгэлд хэр хариуцлагатай хандаж байна. Бүртгэлийн явцад гаргаж буй нийтлэг зөрчил нь юу бол?
-Нэг үеэ бодвол шалгуулагчид болон сургууль, багш, эцэг эхчүүд
хариуцлагатай болсон байна. ЭЕШ-ыг БҮТ-өөс долоо дахь жилдээ зохион
байгуулж байгаа болохоор аль аль талдаа хариуцлагатай, хангалттай мэдлэг
мэдээлэлтэй, туршлагатай болжээ. Мөн манай байгууллагын зүгээс энэ жил
ЭЕШ-ын бүртгэлийн талаар найман дүүргийн хэмжээнд энэ сарын 9-нөөс ирэх
сарын 13-ныг дуустал 130 гаруй сургуульд очиж, сургалт яриа, мэдээ
мэдээллийг тогтмол хийсэн.

-Өнөө жилийн хувьд хичнээн хүүхэд шалгалт өгөх бол. Тодорхой тоо нь гарсан уу?
-БСШУЯ-наас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны
хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөнө. Үүн дээр нэмэгдээд өмнөх онд
төгссөн 3000-5000 орчим шалгуулагч дахин шалгалт өгнө гэсэн тоо байгаа.

-Өмнөх онд болон гадаадад дунд сургууль төгссөн элсэгчид бүртгэлд хэрхэн хамрагдах хэрэгтэй вэ?
-Бусад шалгуулагчдын адил аль аль нь онлайнаар бүртгүүлнэ. Өмнөх оны
төгсөгчдийн хувьд шалгалт өгөх газраа өөрсдөө сонгож байгаа. Харин
гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн шалгуулагч бүрэн дунд
боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дипломоо орчуулгын товчоогоор орчуулуулан
БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газарт өгч баталгаажуулах шаардлагатай. Мөн
Боловсролын үнэлгээний төвд ирж бичиг баримтаа давхар бүртгүүлэх
хэрэгтэй юм.

-ЕБС төгсч байгаа хүүхдүүд ерөнхий шалгалтаас гадна төгсөлтийн
шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд элсэлтийн шалгалт яг хэзээ эхлэх вэ?

-2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ны сайдын 2012 оны 03 дугаар
сарын 06-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар баталсны дагуу дараах
хуваариар явагдана.

2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
10:00-11:20 цагт Орос хэл
13:00-14:40 цагт Хими
16:00-17:20 цагт Англи хэл

2012 оны 06 дугаар сарын 09-ний өдөр
08:30-09:50 Монгол улсын түүх
11:30-13:10 цагт Математик
14:30-15:50 цагт Биологи
17:00-18:20 цагт Монгол хэл

2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
08:30-09:50 цагт Газарзүй
11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг
14:20-16:00 цагт Физик

-Дүн онооны батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй гэдэг. Энэ хэвээрээ юу, ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй. Шалгалт өгсөн жил болоод дараагийн жилд хүчинтэй байна.

-Интернэтээр бүртгүүлэхэд заавал өөрийн нэр дээр виза карттай
байх ёстой юм уу. Аав, ээжийнхээ цалингийн картаар төлбөрөө тушаах
боломжтой юу?

-Хэний ч виза болон мастер картаар төлбөрөө хийх бүрэн боломжтой. Гагцхүү карт эзэмшигч зөвшөөрсөн байх ёстой юм.

-Боловсролын үнэлгээний төв шалгуулагчдад зориулж элсэлтийн
шалгалтад бэлтгэх ном хэвлүүлдэг. Эдгээр ном хэзээнээс элсэгчдэд хүрэх
вэ?

-2006-2011 ЭЕШ-ын хичээлийн даалгавруудын эмхэтгэл номыг энэ жилийн
хувьд хичээл тус бүрээр хэвлэн гаргаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар
БҮТ дээр Газар зүйн хичээлийн эмхэтгэл ном 5000 төгрөг, Орос хэлний
хичээлийн эмхэтгэл ном 4500 төгрөгийн үнэтэйгээр хэвлэлтээс гарсан.
Бусад хичээлийн эмхэтгэл ном удахгүй хэвлэгдэж бэлэн болно.


-Таны хувьд шалгуулагчдад хандаж өөр анхааруулах зүйл байна уу?

-ЭЕШ-ын бүртгэл жилд нэг удаа, улсын хэмжээнд нэг өдөр, нэг цагт эхэлж,
адилхан цаг, хугацаанд дуусч байгаа. Тиймээс их, дээд сургуульд шинээр
элсэгчид сонголтоо зөв хийж, хугацаандаа амжиж бүртгүүлэх хэрэгтэйг
дахин сануулмаар байна.

Ч.Ану

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж