
Ардын нам, Ардчилсан намынхан хэрэлдэж, хэлэлцэж, зөвшилцөж, бас тэрсэлдэн байж Сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн. Харин тохиролцож, хуйвалдаж, ард түмний сонгох эрхийг “хулгайлан” байж өөрсдөдөө ашигтай хууль баталсан нь үнэн. Ардын намынхан “Сонгуулийн тогтолцоог 52:24 болгон өөрчилье” гэсэн бол Ардчилсан намынхан “”Үгүй ээ, 50:26 болгож өөрчилнө. Аль эсвэл 38:38 гэсэн хувилбарыг хуульчилъя” хэмээн гэдийж, хууль тогтоох дээд байгууллагын хэмжээнд бойкот хийсэн. Гэвч хоёр намынхны харилцан тоглолтын цаана нуугдсан нэг зүйл бол мажоритари тогтолцоо бүхий 48-аас пропорциональ тогтолцоо бүхий 28 руу шилжих тухай заалт юм. Өөрөөр хэлбэл, намууд нөлөө бүхий лидерүүдээ УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдүүлэхээр хэдийнэ жагсаачихсан байгаа. Харин хэн нэгэн нь ялагдсан ч ард түмнээс тухайн намд өгсөн оноо 28 ба түүнээс дээш хувьтай байх юм бол тэр эрхэм УИХ-ын сонгуульд ялагдсан ч ялна гэсэн үг. Ардын нам, Ардчилсан намынхан өнгөн дээрээ бие биенээ өдөөн хатгаж байсан ч ашиг сонирхлоороо нэгдэж, лидерүүддээ “Аврах хантааз” өмсгөхөөр зэхсэн нь энэ.
Үндсэн хуулийн Цэц уржигдар дунд суудлын хуралдаанаа хийж, 48-аас 28 руу шилжих заалтыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэв. Намынхаа лидерүүдэд “аллерги”-тай нөхөд үүнийг алга ташин дэмжив. Харин лидерүүдтэй зэрэгцэн жагсахын төлөө намдаа тэрбум, тэрбумын хандив өргөчихсөн зарим нь “Үндсэн хуулийн Цэц биднийг хуулийн заалт хулгай хий гэж байгаа юм биз дээ” хэмээн эсэргүүцэв. Ард түмний эрх ашгийг гэгээн цагаан өдөр “хулгайлсан” нөхөд төр, түмний өмнө булхайгаа дэлгүүлсэндээ ичив. Одоо тэд “Эцэг хууль”-ийг сахиулагчдаас бултах аргагүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хуульд заасанчлан 15 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэх үүргийг эрхэм гишүүд хүлээлээ. Хамгийн сонирхолтой нь яг энэ үед УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах, аль эсвэл тусад нь хийх тухай маргаан төрийн түшээдийн дунд “түймэр” асаачихаад байгаа. Төрийн ордонд ассан “гал” дээр Үндсэн хуулийн Цэц тос нэмэв. “Ямар ч байсан бид Сонгуулийн тухай хуулиа шинэчилж чадсан. Энэ бол хамтарсан Засгийн газрын түүхэн ололт” хэмээн оргилуун дарс буудуулж байсан нөхдөд Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, бас хүлээн авахгүй байх эрх бий. Гэлээ гээд яах вэ. УИХ “Эцэг” хуулийг сахиулагчидтэй тэрсэлдэж, 48-аас 28 руу шилжих заалтыг хэвээр нь үлдээлээ гэхэд Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулна. УИХ-ын шийдвэрт дахин хориг тавина. Эрхэм гишүүдийг ингэж мад тавих хуульчлагдсан эрх мэдэл Цэцийн гишүүдэд бий. Харин эрхэм гишүүдэд “Мажоритари тогтолцоо давамгайлсан 48:28 гэсэн хувилбарыг хэвээр үлдээх үү. Аль эсвэл сонгуулийн төгөлдөршлийг хүчингүйд тооцож, хуучин тогтолцоогоо сэргээх үү” гэдэг л сонголт байгаа юм. Харамсалтай нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс Үндсэн хуулийн Цэц ч, УИХ ч энэ заалтыг зөрчих болчихоод байна.
"Улс төрийн тойм" сонин
