Жазз хөгжим эгшиглэх “Strangers In The Night”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Жазз хөгжим эгшиглэх “Strangers In The Night”

Монголд анх удаа жазз хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Strangers In The Night" тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 13-нд 19.00 цагт “Тусгаар Тогтнолын Ордон”-д болох юм. Энэхүү тоглолтыг “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар бие даан  “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран хийх гэж байгаа юм. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жазз хөгжмийн  бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог аж.  Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг алдартнуудын бид бүхний сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь мэдрүүлэх нь ээ.

Тоглолтонд Монголын жазз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох бөгөөд концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд байлгахаар уран бүтээлчид нь ажиллаж байна.

Жазз хөгжмийн сонсогчдын хүсэн хүлээсэн энэхүү тоглолтыг хийснээр цаашид өөрийн орондоо жазз хөгжмийн урсгал, стилийг хөгжүүлэх, сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зориулсан гайхалтай тоглолтуудыг сар бүр зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн уг тоглолтыг зохион байгуулж байгаа  уран бүтээлчид дуулгасан юм.

Түүнчлэн, “Hot spot” хамтлаг, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, төгөлдөр хуурч, концерт мистер Н.Ариунаа, дуучин Ц.Хулан, “Nature sound” дуулаачийн сургуулийн шилдэг төгсөгчид болох Э.Номин, Б.Солонго, “Universe Best Songs-2009 наадмын шилдэг оролцогчид, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, жүжигчин Э.Ууганбаяр нар оролцож, нийслэл хотын нэгэн үдшийг жазз хөгжмийн уянгалаг, тансаг эгшиг аялгуугаар  чимэх юм байна.

Дуучин Н.Наранбаатар нь “Hot spot” хамтлагийн ахлагч, дуучнаас гадна “Jazz big band” хамтлагийн гоцлол дуучин юм. Дашрамд сонирхуулахад энэ үдэш “Hot spot” хамтлагийн цомог хэвлэлтээс ирээд удаагүй байгаа анхны бие даасан “Retro pop” худалдаалагдах юм байна.

 
Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж