Сонгуулийн хуулийн зүйл заалт цэц дээр унах уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн зүйл заалт цэц дээр унах уу?

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн
хэлэлцүүлгийн шатанд ч, батлагдсаны дараа ч нэгэн асуултын хариуг олон
нийт болон хэвлэлийнхний зүгээс сонирхож байсан юм. Тэр нь “Сонгуулийн
хуулийн зарим заалт Үндсэн хуулийн Цэц дээр унах уу” гэдэг байв. УИХ энэ
хуулийг гаргахын тулд Тамгын газрын хуульчдаас эхлээд, Засгийн газрын
мэргэжилтнүүд, гишүүдийн гээд чамгүй олон хуульчдын гар дамжиж явахдаа
“Үндсэн хууль зөрчсөн зүйл” байхгүй гэх тайлбартайгаар шат дамжин явж
байсныг санаж буй байх. Гэвч Үндсэн хуулийн Цэц дунд суудлын
хуралдаанаараа уг хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт
гаргаад орхив. Цэцийн энэ шийдвэр зарим хүнд шинэ зүйл байсан бол
заримд нь тийм ч гайхаад байх зүйлгүй байсан бололтой. Нэр бүхий иргэд
Цэцэд маргаан гаргасны дараа МАН-ын голдуу гишүүд өмнө нь энэ талаар
нэлээд эргэлзсэн, Цэц бараг л хүчингүй болгочих болов уу гэсэн байр
сууринаас хандаж байжээ. Ингээд Сонгуулийн хуулийн зүйл заалт Үндсэн
хуулийн Цэц дээр унах уу гэсэн асуултад гишүүд хэрхэн хариулж байсныг
эргэн харъя.

Л.Гансүх: ЗӨВШИЛЦӨЛД ХҮРСЭН ХУУЛИЙГ ЦЭЦ УНАГАХГҮЙ БАЙХ

-Үндсэн
хуулийн Цэцийнхэн арай гэж зөвшилцөлд хүрсэн хуулийг унагахгүй байх.
Энэ хуулийг батлахад маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Улс орон
эрчимтэй хөгжлийнхөө шатанд байгаа энэ үед нийгмийг эрүүлжүүлэх чиглэл
рүү хандсан хууль гарч байгаа учир үүн дээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүд
өөрсдийн байр сууриа илэрхийлнэ байх гэж бодож байна.

Д.Очирбат: БИ ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА

-Чухамхүү
28 суудал дээр намын гишүүд намын нэр бичигддэг. Нэр нь бичигдсэн
хүмүүс нь сонгогчийн хийсэн сонголтод багтаж чадах үгүй дээр би эргэлзэж
байгаа. Энэ санал дээр Үндсэн хуулийн Цэц юу гэж хэлэхийг би мэдэхгүй.
Энэ тал дээр маргалдаж, санал нийлэхгүй хүмүүс олон байгаа юм билээ.
Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц юу гэж хариу өгөхийг би мэдэхгүй байна.
Бусад талаараа сонгуулийн хууль сайн болсон.

Д.Лүндээжанцан: ЦЭЦ ДЭЭР ОЧИХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-Сонгуулийн
хуу­лиа ямар ч гэсэн ба­тал­­чихлаа. Гэхдээ энэ хуулийн зарим заалт
Үндсэн хуулийн Цэц дээр очихыг үгүйс­гэхгүй. Угаасаа ингэх сонирхолтой
хүмүүс байгаа байх. Гэхдээ тийм зүйл болбол Үнд­сэн хуулийн Цэц
ший­двэрээ гаргах байлгүй. Би одоо тэгнэ, ингэнэ гэж өмнөөс нь хариу
хэлж болохгүй биз дээ.


Ж.Энхбаяр: ҮНДСЭН ХУУЛИЙН АГУУЛГАТАЙ ЗӨРЧИЛДӨЖ ТААРАХ НЬ

-Мажоритари
той­рогт нэр дэвшигчид намын жагсаалт руу гүйдэг байхаар хийсэн нь
пропорциональ буюу 28 дээр жагсах нэр дэвшигчид иргэ­дээс санал авахгүй
болж харагдаж байгаа. Ингэхээр Үндсэн хуу­лийн агуулгатай зөрчил­дөж
таарах нь. Гэхдээ нэг хэсэг нөхөд маань 76 нэр дэвшигчээ нэр заачихсан
болохоор УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг
хангана гэж тайлбарлаад байгаа л даа


Д.Зоригт: ОЛОН ТАЛААС НЬ ЯРИАД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ ГЭЖ ҮЗЭЭД Л БАТАЛСАН

-Үндсэн
хуулийн Цэц хэрхэн үзэхийг би мэдэхгүй. УИХ дээр олон талаас нь яриад
Үндсэн хууль зөрчихгүй гэж үзээд л баталсан. Олон улсад ч ийм жишиг нь
байна. Сонгогчдын санал гээгдүүлэхгүй гэдэг утгаар нь манайхтай ижил
хуулийн тогтолцоотой Германд ч ийм жишиг байна. Олон сонгогчийн санал
авчирсан гэдэг утгаар нь намаа төлөөлж орох эрх нь нээгдэж байгаа гэсэн
утгатай.


Н.Энхболд: БИД УГ НЬ ТОЙРОГ НЬ ТОЙРГООСОО, ЖАГСААЛТ НЬ ЖАГСААЛТААСАА ГАРДАГ БАЙВАЛ ЗҮЙТЭЙ ГЭЖ БАЙСАН

-Ажлын
хэсэг, байнгын хороо, УИХ-аас ийм хууль байж болно гээд л баталсан.
Үндсэн хуулийн Цэц дээр маргаан гарсан бол ингэж үзэж баталсан УИХ-аас
тодорхой төлөөлөгчид очиж тайлбар өгөх байх. Тэр жагсаалттай холбоотой,
нэр дэвшигч шилждэг тухай заалтын талаар батлаад өнгөрсөн хойно нь тийм,
ийм гэж ярих нь дэмий л байх. Гэхдээ чамайг асуусан болохоор хариулья.
Манай бүлгийн гишүүдийн дийлэнх гишүүд тойрог нь тойргоосоо, жагсаалт нь
жагсаалтаасаа гардаг байвал зүйтэй гэсэн байр суурьтай байсан.
Ардчилсан намын бүлгээс тойрогтоо өндөр оноо авсан хүмүүс тодорхой
хэмжээгээр сонгогдох эрхтэй байж болох ёстой гэж үзэж байсан. Ингээд л
хоёр намын бүлгийнхэн хоорондоо ярилцаж байгаад л шийдсэн. Гэвч эцсийн
шийдийг Үндсэн хуулийн Цэц л гаргана шүү дээ.

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЦЭЦ УНАГАЧИХЛАА?

Сонгогчийн
саналыг гээхгүй байхаараа ач холбогдолтой хэмээн бахархаж байсан
Сонгуулийн тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй
болгочихлоо. Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг “парламентийн гаднах”
гэгдэх улс төрийн хүчнүүд дэмжиж байр сууриа илэрхийлж “УИХ эртхэн
хүлээн авах нь зүйтэй” хэмээн зөвлөцгөөв. Үндсэн хуулийн Цэцийн
шийдвэрийг хуулийн дагуу хаврын чуулган эхэлснээс 15 хоногийн хугацаанд
УИХ-аар хэлэлцэн зөвшөөрөх эсэхээ шийднэ. Цэц дээр ч очихоос өмнө
эргэлзэж буйгаа илэрхийлж байсан хүмүүс, дээрээс нь олонхтойгоо санал
нийлдэггүй “эсэргүү” гэгдсэн гишүүд бараг хүлээн авах бодолтой байх шиг
байна. Ингээд Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэц
унагасан шийдвэрийн талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.


Ц.Шинэбаяр: УНАХ ЁСТОЙ ЗҮЙЛ Л УНАЖ БАЙНА

Сонгуулийн
хуу­лийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэц дээр унагачихлаа. Үүнийг нь
Үндсэн хуулийн л дагуу явсан гэж ойлгож байна. Угаасаа унах ёстой зүйл л
унаж байна шүү дээ.


С.Эрдэнэ: НАМУУДЫН НЭРИЙН АРД ЛУЙВАРЧИД НУУГДАЖ БАЙГААД ГАРААД ИРЭХ ХЭРЭГ ҮҮ

-Улс
төрийн за­хиал­гатай шийдвэр гарлаа. Хэдий бү­рэн эрхийнхээ хү­рээнд
шийдвэр гар­­­­гаж байгаа бо­ловч, хуулийн хү­рээнд гаргаж бай­гаа
шийдвэр биш. Цэцийн гишүү­дийн дийлэнх нь одоо­­гийн МАН-ын
то­мил­­гоотой хү­мүүс. Цэцийн шийдвэрээс болж засаглалын хямрал
нүүрлээд байна. Төрийн эрх бүхий байгууллагууд нэгнийхээ шийдвэрийг
үгүйсгэдэг, улс төрийн эрх ашгийн дагуу ханддаг байдал газар авсанд
харамсч байна. Хэрэв Сонгуулийн хуулийн одоогийн заалтыг үгүй болгон 28
болон 48 нэр дэвшигч гэж тусдаа явахаар болговол улс төрийн намуудад
сууж байгаа этгээдүүд намын нэрийн ард нуугдаж, УИХ-д сонгогдох
боломжийг л баталгаажуулна. Өнөөх С.Баяр, Ц.Нямдорж нар дахиад л гарна.
Ард түмэн тэдэнд санал өгөхгүй байсан ч тэр. Тухайн сонгогч АН, МАН
эсвэл ИЗНН-д санал өгч байна гэж бодтол намуудын нэрийн ард луйварчид
нуугдаж байгаа. Мэдээж цаадуул нь нам дотроо бол арслан, бар шиг аашилж
жагсаалтын эхэнд гараад ирнэ. Үүнийг л Үндсэн хуулийн Цэц баталгаажуулж
өглөө.

Ц.Батбаяр: ЭНЭ ЗААЛТ АНХНААСАА БУРУУ БАЙСАН

-28
ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч ялагдчихаад шил­жих
замаар намын нэрийн жаг­саал­­таар УИХ-д ороод ирнэ гэдэг ард түмний
шууд сонгох эрхийг хаа­сан хэрэг бол­­сон. Нөгөө та­лаар шилжинэ гэдэг
ойлголт байж болохгүй. Энэ заалт анхнаасаа буруу байсан. Би бүр
анхнаасаа хэлж байсан. Ингэж байгаад сонгуулийнхаа хуулийг ч хүчингүй
болгуулах байдал үүсэх нь. Тогтолцоог өөрчлөхөөр сонгуулийн хуулийг ч
өөрчлөхгүй гэх газаргүй. Гол нь Цэц ямар өнцгөөс асуудалд хандсаныг
мэдэх хэрэгтэй. Бид сонгуулиа холимог тогтолцоогоор явуулах гэж
оролдлоо. Тэгээд ч ер нь холимог тогтолцоо гэж байх ёстой ч юм уу, үгүй ч
юм уу. Монголын ард түмэн УИХ-ыг шууд сонгох учиртай. Цэцийн дунд
суудлын шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Их суудлаараа л дахиад шийдвэрээ
баталчихна. Тэгэхээр цаг алдахгүйн тулд хүлээж аваад асуудлыг
шийдвэрлэх өөр ямар боломж байна вэ гэдгийг олох хэрэгтэй.

С.Бямбацогт: МАНААЧ НЬ ӨӨРӨӨ ХУЛГАЙ ХИЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

-Эцэг
хуул­ийн манаач нь Үндсэн хуулийн Цэц. Гэтэл манаач нь өөрөө хулгай хий
гэсэн дүгнэлт гаргалаа. Уг нь Үндсэн хууль болон Сон­гуу­лийн хуулинд
сонгууль боло­хоос зургаан са­рын өмнө гар хүрэх эрх байдаг­гүй. Гэтэл
Үндсэн хуулийн Цэц нь өөрч­лөлт хий гэсэн шийдвэр гаргаж байна шүү дээ.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж