PetroChina нефть олборлолтоор дэлхийд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

PetroChina нефть олборлолтоор дэлхийд тэргүүллээ

Хятадын PetroChina компани нефть олборлолтоор АНУ-ын ExxonMobil корпорацийг ардаа орхиж, дэлхийн хамгийн том нефть олборлогч болсон талаар РИА Новости мэдээлэв.

13 жилийн өмнө байгуулагдсан PetroChina компани өөрийн хувьцаагаа дэлхийн зах зээлд гаргаад удаагүй байгаа юм. Компани өнгөрсөн онд 886,1 сая баррель нефть олборлосон бөгөөд энэ нь нэг хоногт дунджаар 2,43 сая баррель нефть олборлосон гэсэн тооцоо гарчээ. Харин ExxonMobil корпораци нэг хоногт дунджаар 2,3 сая баррель нефть олборлосон гэсэн тооцоотой байна.

Хонгонкийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан PetroChina компани өнгөрсөн жил нефть олборлолтоо 3,3 хувиар өсгөсөн юм. Харин нефть олборлолтын гигант ExxonMobil корпораци өнгөрсөн онд олборлолтоо таван хувиар бууруулсан байна. Гэхдээ АНУ-ын зах зээлд газ олборлолтоороо толгой ExxonMobil корпорацийн зах зээлийн хөрөнгө нь 405 тэрбум ам.доллар байна. PetroChina компанийн зах зээлийн хөрөнгө 254 тэрбум ам.доллараар байгаа юм.

Мөн ExxonMobil корпораци ашгаараа Хятадын компаниас хамаагүй илүү байгаа бөгөөд өнгөрсөн онд корпораци нь 41 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ажээ. Нефть олборлолтоор дэлхийд тэргүүлсэн PetroChina компани өнгөрсөн жил 21 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж