Испанийн ажил хаялтад 800 мянган хүн оролцсон гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Испанийн ажил хаялтад 800 мянган хүн оролцсон гэв

Испанид пүрэв гаригт бүх нийтийн ажил хаялт болж, нийслэл Мадрид болон бусад том хотуудад жагсаал цуглаан болсон талаар ВВС бичлээ.

Засгийн газраас авч байгаа хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн мянга мянга жагсагчид зарим хотын гудамжаар эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нар жагсаалыг тараахын тулд нумимс асгаруулагч хий болон бороохой хэрэглэсэн ажээ. Ажил хаялтын улмаас бүх галт тэрэг болон онгоцны нислэгийн хуваарь өөрчлөгдөж, дотоодын болон Европын нислэгүүдийг цуцалсан байна.

Үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтыг зохион байгуулсан бөгөөд Барселонд болсон ажил хаялтад 800 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн юм. Харин энэ тоог цагдаа нар 80 мянга гэж хэлсэн байна.

Ажил хаялтад оролцсон жагсагчид ерөнхийдөө тайван жагсаал хийсэн ч Барселонд болсон жагсаалын үеэр  банк болон дэлгүүрүүдийн цонхыг хагалсан аж. Мөн Starbucks кафений сүлжээ хоёр дэлгүүрийг шатаасан байна. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөнөөс есөн хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний зургаа нь цагдаа нар байжээ. Олон жагсагчдыг саатуулан баривчилсан юм.

Нийслэл Мадрид хотод 900 мянган хүн жагсаалд оролцсон гэж үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн бол Засгийн Газраас тодорхой тоо хэлээгүй юм. Түүнчлэн Испанийн ажилчдын 80 гаруй хувь нь ажил хаясан гэж үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн ч Засгийн Газраас үйлчилгээний олон газрууд ажиллаж байсан гэжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сонгуулиар эрхээ авсан Испанийн Засгийн Газрын хувьд ажил хаялт хамгийн том асуудал болоод байна. Одоо Засгийн Газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогоор мөнгөө хэмнэхийн тулд албан газрууд ажилчдаа халахад хүрээд байгаа учир үйлдвэрчний эвлэлүүд энэ бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулж байна.

Испанийн 25-аас доош насны иргэдийн бараг тал хувь нь ажилгүй байгаа бөгөөд ЕХ-ны хувьд тус оронд ажилгүйдлийн хэмжээ хамгийн их буюу 23 хувьтай байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж