-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан уржигдар болж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэг заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр одоо нэр дэвшигчид “Гулсана” гэсэн ойлголт байхгүй болчихлоо гэсэн үг үү?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа УИХ-ын гишүүд хоёр муу зүйлийн нэгийг нь сонгосон төдий. Огт өрсөлдөлгүйгээр намын нэрийн ард нуугдаад УИХ-ын гишүүн болдог хувилбараас татгалзсан. Харин өрсөлдөөд босго давсан тохиолдолд УИХ-ын гишүүн болсон нь дээр юм байна гэж үзсэний үндсэн дээр тойрог дээр өрсөлдсөн гишүүд нь парламентын гишүүн болдог Герман улсын туршлагаас нэвтрүүлж хуульдаа тусгасан. Та бүхний нэрлээд байгаагаар “гулсах” заалтыг хуульд тусгасан нь намуудыг хариуцлагатай байлгах гэж л хийсэн шийдвэр. Харин Үндсэн хуулийн Цэцээс үүнийг буруу гэж байгаа тохиолдолд нөгөө хувилбар нь сэргэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн Цэц парлель системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа юм байна. Парлель гэдэг нь тойргоос сонгогдох хүмүүс нь тусдаа нэр дэвшиж, намын жагсаалтаар санал авах нь бас тусдаа сонгогдоно гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүд хоёр өөр системээр сонгогдоно гэсэн үг. Уг нь бид нэг жагсаалттай, жагсаалт нь хоорондоо гүйдэг холимог системийг Монголын нөхцөлд хамгийн сайн таарах юм гэж үзээд хуулиа баталсан.
-УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх хугацааг яагаад зааж өгсөн бэ гэхээр тухайн үеийн УИХ-ын гишүүд сонгуулийг өөртөө ашигтай байдлаар дур дураараа өөрчлөх боломжийг нь хааж өгөх зорилготой юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол энэ асуудлаас тусдаа. Хэн нэгэн хүний хүсэл сонирхлоор хуульд өөрчлөлт оруулахгүй. Тэгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан нь өөр байгаа биз. Үндсэн хууль зөрчсөн хуулиар сонгуулийг зохион байгуулж болохгүй учир “засвар” хийж болно гэж үзэж байгаа юм. Гэхдээ УИХ-ын хаврын чуулган эхлэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Тэгэхээр хэлэлцүүлгийн үеэр одоо үүсээд байгаа олон асуултад хариулт өгөх боломжтой болно.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу хоёр сонгуулийг зэрэг явуулбал “Орон нутгийн удирдлагуудын бүрэн эрх дөрвөн жил байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчинө гэдэг үндэслэлээр Ардын намынхан Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ. Цэц дахиад хориг тавибал яах бол?
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй. Учир нь энэ хуулийг 2008 оны дөрөвдүгээр сард баталсан. Харин 2008 оны аравдугаар сард орон нутгийн хурлын сонгууль болсон. Тухайн үед нэр дэвшигчид болон сонгогчид 2012 онд УИХ болон орон нутгийн хурлын сонгууль зургаадугаар сард зэрэг болно гэдгийг мэдэж байж сонголтоо хийсэн. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард баталсан хуулийг баримталж тухайн үеийн сонгуулиа явуулсан гэсэн үг. Тэгэхээр ямар ч зөрчил байхгүй. Ер нь Үндсэн хуулийн эрхзүйд их хурлуудын тоог тоолохдоо оноор тоолж байгаа шүү дээ. Сараар биш. 2008 оны их хурал гэж ярьдаг болохоос 2008 оны зургаадугаар сарын их хурал гэж ярьдаггүй. 2008 оны ИТХ гэж ярьдаг болохоос 2008 оны аравдугаар сарын ИТХ гэж ярьдаггүй. ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэдэн сар илүү, дутуу байлгах нь 10, 20 дахь асуудал гэж би бодож байгаа. ИТХ нь ард түмний төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг нь нэгдүгээр асуудал. Хэрэв чадаж байгаа бол төр засагтаа хандах олон түмний хандлага өнөөдрийнх шиг сөрөг байхгүй байх байсан. Наад захын хүн л ИТХ-д хэнийг сонгосноо мартчихсан байгаа шүү дээ. Осолдохгүй л УИХ-д хэнийг сонгосноо мартаагүй байгаа биз. Тиймээс “ИТХ-ын ач холбогдлыг өндөрсгөхийн тулд л хоёр сонгуулийг зэрэг явуулъя. Багаар нь сонгуулж хариуцлагаа нэг намаас нэхье” гээд байгаа юм. Гэтэл Ардын намынхан “Үгүй” гээд суучихаад байна.
-Танай намынхан Засгийн газарт “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг хий” гэсэн утгатай үүрэг өгсөн. Харин хариуд нь Засгийн газраас үүнийг “Боломжгүй асуудал” гэлээ. Үүнийг юу гэж харж байна?
-Үндсэн хуулийн хямрал руу л явж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхгүй ээ” гэж мэдэгдэж байна л гэсэн үг. Ерөнхий сайд, Засгийн газар бол Монгол Улсын бүх хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, Орон нутгийн хурлын сонгуулийн санхүүжилтийг Засгийн газраас баталж өгөхгүй бол ИТХ-ууд чинь ажиллахгүй шүү дээ. Тэд Засгийн газраар дамжуулж УИХ-д асуудлаа оруулж ирдэг юм. Энэ мэтээр орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг Ерөнхий сайд хэрэгжүүлэхгүй гэж тусад нь салгаж өгсөн заалт хуульд байхгүй. Учир нь гүйцэтгэх засаглалын байгууллага бол сонгууль байтугай олон ажил зохион байгуулах үүрэгтэй.
-Хэрэв хоёр намынхан тохиролцож чадахгүй байсаар байгаад УИХ-ын хаврын чуулганаар орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжихгүй бол яах вэ?
-Хэлэлцэхгүй бол эцсийн хариуцлагыг Ардын намынхан л хүлээнэ. Тэд “Хууль хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэж байна. Саналын хуудсыг машинаар тоолохгүй гэсэн. Иргэний ухаалаг үнэмлэхийг тарааж амжихгүй” гэж мэдэгдлээ. Энэ бүхнээс харахад энэ оны сонгуулийг явуулахгүй нь гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Нөгөөтэйгүүр, орон нутагт нэр дэвшигчдээр дамжуулж мөнгө тараах ажил хийх гээд байна гэсэн хардлагыг ч төрүүлээд байгаа юм. Эсвэл дүрмийн төдий сонгууль явуулдаг байсан социализмын үе рүү буцаж орох гээд байгаа юм уу, Ардын намынхан. “Сонгууль гэдэг чинь их балай юм байна. Больё. Иргэдийн саналыг авдаггүй сонгуулиа буцааж нэвтрүүлье” гэж хэлж байгаагаас ялгаа алга.
-Тэгэхээр хууль хэрэгжүүлэхээс татгалзсан Засгийн газрыг яах ёстой юм бэ?
-Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ёстой. Үгүй бол хууль хэрэгжүүлдэг Засгийн газартай болохоос өөр арга алга байна.
-Ардчилсан намынхан УИХ-ын хаврын чуулган эхлэхээр Засгийн газрыг огцруулах санал тавих уу?
-Ярилцаж байж болно. Сонгуулиа явуулах нь чухал асуудал. Түүнээс биш өнөөдөр хэн Ерөнхий сайд байх нь чухал биш. Энэ Ерөнхий сайд үүргээ биелүүлэхгүй гэвэл дараагийн хүнээ томилох ёстой.
-Долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор шүүгдэж байгаа цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал ээлж дараалан боллоо. Шүүх хурлын үеэр үүссэн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Иргэд жагсах эрхтэй. Түүнийг нь хэн ч болиулж чадахгүй. Харин жагссан иргэд рүүгээ бууддаг хүмүүсийг шоронд хийх ёстой. Ер нь бол буудах ч эрхгүй. Буудахаас наагуур авах арга хэмжээ олон байсан. Нас барсан хүмүүсийг дандаа ар дагзанд нь буудсан байсан. Хэрэв тэд буу гаргаад цагдаа руу буудаж эхэлсэн бол цагдаа тэдний өөдөөс буудаж болох л байсан. Хууль нь тийм юм. Хэрэв тийм зүйл болсон бол сум урдаас нь орох байсан шүү дээ. Гэтэл жагсаал тарчихаад зугатаж явсан хүмүүсийг л араас нь хөөгөөд буудаад байсан юм биш үү. Ийм асуудлын буруутныг шүүхээр шийтгэхгүй бол “Долоодугаар сарын 1” давтагдахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэр үед дөрөв биш 40 хүн ч буудуулж мэднэ. Тийм зүйлийг гаргахгүйн тулд л шүүн таслах үйл ажиллагааг явуулж байгаа. Маргааныг шийдэж буруутныг ол гэж шүүхийг байгуулсан. Ингэхдээ шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байж шийдвэрээ хараат бусаар гаргах эрхтэй. Янз бүрийн сонирхолтой хүмүүс шүүхэд очдог. Жагсагчдыг хамгаалж байгаад хилмэгдсэн гэгдэх цагдаа нарын асуудлыг шийдээд, нөхөн төлбөрийг нь өгөөд хэдэн зуун хүүхдийг шийтгээд яллаад явуулчихсан. Гэтэл дөрвөн хүн амиа алдчихаад байгаа асуудлын буруутныг олох гэхээр шүүх, прокурорын ажилд саад болж болохгүй байхаа. Жирийн иргэн хүн буудсан бол ялаа аваад л явна. Шүүхийн шийдвэртээ итгээд. Гэтэл цагдаагийн дарга нарыг шүүх болохоор яагаад шүүхдээ итгэдэггүй, шүүхийн ажилд саад болоод байгаа юм. Шүүхийн ажилд саад болсон тохиолдолд авах ёстой олон арга хэмжээ байгаа. Тиймээс шүүх ч гэсэн айлгүйгээр энэ арга хэмжээнүүдээ авах ёстой.
-Цагдаагийн бие бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх бус экс дарга нарынхаа хүсэл сонирхлыг хамгаалаад байх шиг. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж заналхийлсэн тохиолдол хүртэл гаргасан. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?
-Ер нь бол цагдаагийн байгууллагад маш том цэвэрлэгээ хийх ёстой. Тэгж давардаг дарга нар цагдаагийн байгууллагад маш олон бий. Жирийн цагдаа нар бол заналхийлж чадахгүй. Цагдаагийн дунд тушаалынхан хууль хэрэгжүүлэхгүй 20 жил явлаа. Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн талаарх саналыг Ардчилсан намаас гаргадаг ч Засгийн газар хүлээж авдаггүй. Бид цагдаагийн байгууллагыг орон нутгийн хэв журмын цагдаа, мэргэжлийн мөрдөн байцаах алба гэж хоёр хуваах нь олон улсын жишигт нийцнэ гэж байсан. Манайх шиг бүх цагдаа нь нэг дороо овоорчихсон, батлан хамгаалахынхнаасаа олон бие бүрэлдэхүүнтэй, өргөсөн тангарагаа бус хурандаа нараа хамгаалдаг цагдаагийн байгууллага байж болохгүй.
-Цагдаагийн дарга нар шүүхийн шийдвэрийг дураараа эсэргүүцэж, дураараа хэрэгжүүлж байна. Тэдний ийм зоригтой байгаагийн цаад шалтгаан нь “Хамгаалагч”-тай учир тэр” гэсэн яриа гарах болсон. Та юу гэж харж байна?
-Хамгаалагч байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Телевизийн эфирийг орой бүр эзэгнэж ярилцлага өгч байгаа Ардын намын гишүүдийг хар л даа. “Бид нар та нарыг хамгаалж байна. Та нар шүүхийг нулимаад бай” гэж хэлж байгаатай л адилхан үйлдэл хийж байна. Хууль ёсыг хэрэгжүүлэхийн оронд шүүх шийдвэрээ гаргах гэж байхад нь саад учруулж болохгүй биз дээ.
-Шүүгдэгч тал болон гэрч нарын зүгээс шүүх хурлыг нээлттэй хийх санал тавьсан ч шүүхээс шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байгаа. Та алийг нь дэмжиж байна вэ?
-Шүүхийг зөв, буруу гэж би хэлж чадахгүй. Гэхдээ шүүх хурлыг нээлттэй хийх юм бол бүх асуудал ил тод болно. Шүүхийнхэн ямар нэгэн шалтгаантай болоод л шүүх хурлыг хаалттай хийх гэж байгаа байх. Ер нь бол долоодугаар сарын 1-тэй холбоотой асуудлыг нээлттэй байлгажбайж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Тухайн үед Ардчилсан намын даргын хувиар жагсаалд оролцож байсан учир цагдаа нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах ёстой” гэсэн байр суурийг зарим хүн илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хэрэв шүүхээс тийм шийдвэр гаргавал очиход буруу зүйл байхгүй. Жагсаал цуглааныг иргэд хийдэг. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч иргэнийхээ хувиар л тайлбар өгч болно. Харин тэр үед жагсаал цуглааныг зохицуулах үүрэгтэй. Цалингаа аваад сууж байсан С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, цагдаагийн удирдлагууд, гудамжинд зогсож байсан цагдаа нар төрийн албан хаагч байсан. Тэд хуульд заасны дагуу жагсаал цуглааныг зохицуулах үүрэгтэй байсан. Харин Ц.Элбэгдоржид тийм үүрэг байгаагүй. Ц.Элбэгдорж сонгуульд оролцсон 20 намын нэгнийх нь л төлөөлөл байсан төдий. Тэгэхээр Ц.Элбэгдорж хариуцлага хүлээхгүй. Жагсаал цуглааныг зохицуулж чадаагүй хүмүүс л хариуцлага хүлээнэ. Ийм ялгааг ойлгохгүй байж улстөржүүлэх маягаар хэргээс мултрах гэж оролдож байгаа үйлдлийг цагдаагийн экс дарга нар хийж байна билээ. Тэр ч бүү хэл эмнэлэгээс согтуу гарч ирж байсан байх аа. Тэгэхээр тэр эмнэлэг бол тэдний архи ууж, орогнодог газар болсон байна. Гэтэл иргэн Дорж хэрэг хийчихсэн байсан бол эмнэлэг нь хүлээж авч архи өгөх байсан уу гэдэг бас сонин. Тиймээс задарсан дарга нараас нь цагдаагийн байгууллагыг салгаж шинэчлэл хийхгүй бол жирийн цагдаа нар хохирох гээд байна. Иймэрхүү авирыг цагдаагийн дарга нар л гаргаж байгаа биз дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин