Унгарын Ерөнхийлөгчийн эрдмийн зэргийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Унгарын Ерөнхийлөгчийн эрдмийн зэргийг цуцаллаа

   

    Пал Шмитт. Фото ©AFP

Унгарын Ерөнхийлөгч Пал Шмитт эрдмийн зэргээ хураалгалаа. Энэ шийдвэрийг өчигдөр буюу 3 сарын 29-нд Земмельвайсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөл гаргажээ.

Шмиттын докторын диссертаци нь шинжлэх ухааны бүтээлийн мэргэжлийн хийгээд ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй болохыг их сургуулийн ректор Тивадар Тулласай онцолсон байна. Шмиттын эрдмийн зэргийг цуцлахын төлөө Зөвлөлийн 33 гишүүн саналаа өгч, 4 гишүүн эсэргүүцсэн байна.

Палл Шмитт “Орчин үеийн Олимпийн тоглолтын хөтөлбөрийн задлан шинжилгээ” нэртэй докторын диссертацийг 1992 онд хожмоо Земмельвайсын Их сургуулийн бүрэлдэхүүнд багтсан Унгарын Биеийн тамирын Их сургуульд хамгаалсан юм. 2012 оны 1-р сард унгарын HGV сэтгүүл Шмиттын диссертацийг шинжилснийхээ үр дүнд энэ бүтээл нь болгарын эрдэмтэн Николай Георгиевын ажлын өөрчлөөгүй хэсгүүдийг агуулж байна гэж дүгнэжээ.

Унгарын Ерөнхийлөгчийн диссертацийг шалгахын тулд 4 профессор, хуульч нар бүхий тусгай хороо байгуулсан байна. Өчигдөр нийтэд дэлгэсэн энэ хорооны тайланд Шмиттын 215 хуудас диссертацийн 200 гаруй нь бусад эрдэмтдийн ажлын “шууд орчуулга” болон “хэсэгчилсэн хуулбар” байна гэж дурдсан байна. Ингэхдээ хороо бурууг горилогчид биш Биеийн тамирын Их сургуулийн багш нарт ногдуулжээ. Чухамхүү багш нар Шмиттэд ажилдаа бусдын эхийг хуулж оруулж болохгүй гэдгийг хэлэх ёстой байсан гэж тэд үзэж байна. Үүнээс гадна, дээрх алдаануудаас үл хамааран Шмиттын диссертаци бүхэлдээ тухайн үеийн хамгаалалтын шаардлагад нийцэж байсан болохыг онцолжээ.

Пал Шмиттыг оюуны хулгайд буруутгасны дараа сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардах болсон юм. Шмитт одоогоор суудлаа орхих бодолгүй байна.

Пал Шмитт 1968, 1972 онуудад туялзуур жадны төрөлд Олимпийн аварга цол хүртэж байсан юм. Тэрээр 1983-1988 онд Унгарын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, улмаар 1990 оноос ҮОХ-ны Ерөнхийлөгч болж байжээ. Шмитт мөн димломатчийн албанд ахиц гаргаж Испани, Щвейцарит элчин сайдаар ажиллаж, 2009-2010 онд Европарламентын гишүүн болж, 2010 онд Унгарын парламентаас таван жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Шмитт нь диссертаци бэлтгэхдээ оюуны хулгай хийсэн цорын ганц улс төрч биш юм. 2011 онд бусдаас хуулбарласан хэсгүүд Германы батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенбергийн диссертациас илэрч байсан бөгөөд тэрээр эрдмийн зэргээ хураалгаж, төдөлгүй өөрийн саналаар огцорсон билээ.

Эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж