“Foxconn” аудитын шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Foxconn” аудитын шалгалтад бүдэрчээ

iPhone, iPad үйлдвэрлэгч Apple корпорацийн тусгай шинжээчид Хятад дахь ханган нийлүүлэгч үйлдвэрт шалгалт хийж, ажлын нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцаж, ноцтой зүйл илрүүлсэн гэнэ.

Хятадын үйлдвэрийн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг гэсэн мэдээллийн дагуу Apple корпораци Хятад дахь “Foxconn” үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийлгэхээр АНУ-ын “Шударга хөдөлмөр эрхлэгчдийн ассоциаци”-д хандсан аж.

Apple корпорацийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн лхагва гаригт Хятад дахь ханган нийлүүлэгч “Foxconn” үйлдвэрт очжээ.

Түүний зочилсон Шенжоу технологийн паркт 120,000 ажилчин ажилладаг байна. Өнгөрсөн жил Foxconn үйлдвэрт амиа хорлолт удаа дараа гарч шуугиан дэгдээсэн юм.

Apple корпораци өнгөрсөн сард тус үйлдвэрт аудитын шалгалт хийлгэхээр АНУ-ын “Шударга хөдөлмөр эрхлэгчдийн ассоциаци”-ийн тусгай шинжээчдийг явуулах болсноо мэдэгдсэн юм.

Apple корпорацийн хилийн чанад дахь хамгийн том ханган нийлүүлэгч тус үйлдвэр аудитын шалгалтаар ажилчдыг долоо хоногт 60-аас дээш цагаар ажиллуулдаг, заримдаа амралт өгөлгүй долоо хоног ажиллуулдаг нь тогтоогджээ. Түүнээс гадна илүү цагийн мөнгийг олгодоггүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл гэж авах юмгүй байдаг гэнэ.

“Foxconn”-ы гурван үйлдвэрийн ажилчид дунджаар 360-455 ам.долларын цалинтай байсныг саяхнаас 25 хувиар нэмжээ. Аудитын шалгалтын дараа “Foxconn” 2013 оны долдугаар сараас ажиллах нөхцлийг сайжруулж, АНУ-ын “Шударга хөдөлмөр эрхлэгчдийн ассоциаци”-ын стандартыг мөрдөж, ажилчдыг долоо хоногт дээд тал нь 49 цаг ажиллуулж байхаар болжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж