Хөрөнгө оруулагчдын чуулган болов

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулган болов

Бидэнд ажил болоод эхэлсэн, ажил болгох боломжтой төсөл хөтөлбөрүүд байна. Та бүхэн хамтран ажиллана уу. Гэхдээ бид таны өмнөөс алгаа дэлгээд юу тавих бол гээд суухгүй. Бидэнд ч танд хэлэх,тавих санал, эдийн засгийн боломж байна. Гагцхүү хамтраад хийвэл цаг хугацаа хэмнэсэн, илүү бодит үр дүнд хүрсэн ажил болно. Тийм болохоор улаанбааатарчуудын төлөө, Монгол Улсын нийслэлийн хөгжлийн төлөө хамтарцгаая хэмээн Нийслэлийн төр, захиргааны байгууллага, удирдлагууд олон улсын хөрөнгө оруулагчдыг урилаа. Нийслэлийнхэн энэ удаа усан хангамж, цэвэрлэх байгууламж, нийтийн тээврийн шинэ төрөл буюу метро байгуулах, авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрсний усыг ашиглах болон ашиглаж буй байдал, хотын барилгажилтын өнөөгийн болон хэтийн төлөв, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, Туул голд минж нутагшуулах ажлын эхлэл цаашдын тухай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц, ирээдүйн талаар танилцуулан хэлэлцүүлсэн юм. Өөрөөр хэлбэл бүгд ажил нь эхэлсэн, үр дүн нь тодорхойлон тооцогдсон төслүүд.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Тамгын газраас гурав дахь удаагаа зохион байгуулсан Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган ярих сэдэвтэй, хийх ажилтай, тодорхой төслүүдтэй байлаа. Тиймээс ч жилээс жилд хотоос танилцуулах төсөл, хөтөлбөрийг сонирхон оролцохыг хүсэгчид нэмэгдэж байна. Aнхны чуулга уулзалтанд гарын хэдэн хуруунд багтах  гадныхан оролцож байсан бол энэ удаа гадаадын  87 байгууллагын 180 гаруй төлөөлөгч оролцлоо.

Улаанбаатар хот-түншүүдийн нягт хамтын ажиллагааг уялдуулах механизм бүрдүүлэх, зарим салбарт тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийнхэнд тэгш боломж олгосон харилцан ашигтай, хамтын ажиллагааг өрнүүлэхэд өмнөх хоёр удаагийн чуулга уулзалт чиглэсэн бол гурав дахь удаагийн чуулган Улаанбаатар хотод хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжтой зарим төсөл хөтөлбөртэй танилцан, нийслэлийн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын хандлага боломжийн талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл өмнө нь Улаанбаатарт хөрөнгө оруулагчдыг татах хамтын ажиллагааг өрнүүлэх гэж хичээдэг байсан бол өнөөдөр хөрөнгө оруулагчдад үзүүлэх эрх зүйн орчин нөхцөл, цаашдын хандлагын талаар ярилцаж байгааг хотын мэр онцолж байлаа.

2010 онд Улаанбаатар хотод 1,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилийнхээс 2,2 дахин нэмэгдсэн юм. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа нийт хөрөнгө оруулалтын 72,4 хувийг гадаадынх эзэлж байгаа бөгөөд өмнөх жилийнхээс 3,6 дахин өссөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих нэг гарц болгож гадаад харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөгжлийн томоохон төслүүдийг донор орнууд, харилцаат хотууд, олон улсын банк санхүүгийн байгууллагад өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаа цаашид улам эрчимжүүлнэ гэдгээ тэмдэглэн хэлсэн. Чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран оролцсон Азийн хөгжлийн банкны төлөөлөгч, Улаанбаатарын уулзалт олон чухал асуудлыг дэвшүүлэн шийдэх арга замыг нээж өгч байгааг тэмдэглэсэн бол  Японы олон улсын хамтын ажиллагааны Жайкагийн төслийн багийн ахлагч К.Нагаяама, Монгол Улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд болон  төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлтөөс харахад

2020 он гэхэд Улаанбаатар метротой болох бүрэн боломжтой гэсэн юм. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд чиглэсэн 115 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9,9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс метро байгуулахад хамгийн их буюу 4,3 тэрбум шардлагатай юм. ТЭЗҮ нь боловсрогдож буй, хотод хамгийн хэрэгцээтэй байгаа энэ ажлыг 2016-2019 оны хооронд хийнэ гэж үзэж байгаагаа Жайкагийнхан мэдээлсэн.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг салбар бүрээр авч үзвэл мэдээж хамгийн их нь тээврийн буюу метро барихад, дэд бүтэц, нийтийн аж ахуйд 20,5 хувь буюу 2,03 тэрбум ам доллар, амьдрах орчин нийгмийн үйлчилгээг сайжруулахад 15,1 хувь буюу 1,5 тэрбум доллар, орон сууц барьж байгуулахад 14,2 хувь буюу 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагтайг Жайка тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхдээ баримтлах зургаан тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Эрүүл, аюулгүй ногоон хот болох, хүний амьдрах таатай орчин бүрдүүлсэн хот болох, иргэд хувийн хэвшлийнхнийг төрийн үйлчилгээнд татан оролцуулсан сайн засаглалтай хот болгон хөгжүүлэх, дагуул хот, тосгодтой хот болгох, Азийн аялал жуулчлалын төв болгох, өрсөлдөх чадвартай хөгжилтэй орнуудын нийслэлийн жишигт хүргэх гэсэн чиглэлээр нийслэлийг хөгжүүлэх ажээ.

Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганаа өнөө жил хоёр үе шаттай хийсэн бөгөөд оны эхэнд  дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулан зохион байгуулсан арга хэмжээнээс хотын хөгжилд хандсан багагүй санал, санаачлага гарч, хөрөнгө оруулах боломж бий гэдгээ манай хөрөнгө оруулагчид илэрхийлсэн. Монгол орны зөвхөн уул уурхайд биш, хотын хөгжилд зориулан хөрөнгө оруулах сонирхол гадаадынхан улам нэмэгдсэн нь энэ удаагийн чуулганы үйл явцаас тодорхой харагдаж байлаа. Хот хөгжихийн,томрохийн хэрээр тийш хандах олны сонирхол, хүсэл нэмэгддэг ажээ. Улаанбаатарын уулзалт жил жилд өргөжин Монголын нийслэл тийш тэмүүлэх хөрөнгө оруулагчдын цуваа уртаас урт үргэлжлэх нь дамжиггүй боллоо. Хотын даргын хэлснээр, нийслэл хот ирэх жилээс санхүү, эрх зүйн талаасаа зээл авах, дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжтой болно. Энэ боломж Улаанбаатар тийш хөврөх хөрөнгийн урсгалыг даллаж, хотын иргэдийн амьдралыг тэтгэхэд ихээхэн боломжийг бүрдүүлэхнээ. 

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж