Ерөнхийлөгч, А.Меркел нар хамтран мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, А.Меркел нар хамтран мэдэгдэл хийв



Ангела Меркел: Эртний  андтайгаа уулзахад үргэлж дотно байдаг

Берлин хот дахь Холбооны Канцлерын Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер А.Меркел нар хамтран хэвлэлийн мэдэгдэл хийв. Хатагтай А.Меркел ярихдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Герман Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирснийг хүндэтгэж байна. Эрхэм Ерөнхийлөгч таныг манай оронд тавтай морилохыг хүсье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр өмнө нь уулзаж байсан хуучны танилууд. Энэ удаагийн төрийн айлчлал нь хамтын ажиллагааны хүрээнд яригдаж буй чухал асуудлуудыг ажил хэрэг болгоход том түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна.  

Монгол Улс ардчиллыг бэхжүүлж байгаагаа нэгэн чухал үйл явдлаар баталгаажууллаа. Энэ бол тус улс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар цаазаар авах ялыг халсан явдал юм.

Герман, Монголын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаад би сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн жил миний айлчлалын үеэр Герман Улс анх удаа Монгол Улстай Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа үеэр Хамбург, Дюсселдорф хотуудад зочилж манай улсын аж үйлдвэрийн томоохон төслүүдтэй танилцаж байгаа нь дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодит эхлэл гэж үзэж байна.

Бид болосврол, шинжлэх ухаан, тэр дотроо түүх археологи, хэл шинжлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, боловсон хүчний нөөцөө ашиглах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ.

Батлан хамгаалах салбар бол бидний харилцааны чухал хэсэг. Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд бид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд монголчууд энэ үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь би бахархаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлье” гэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярихдаа “Эрхэмсэг хатагтай Меркелтэй хийсэн уулзалт элэгсэг халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө. Таны 2011 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал онцгой чухал байсан. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа Төрийн айлчлал хийж байна. Энэ бол монголын ард түмэнд та бүхний зүгээс үзүүлж буй гүн хүндэтгэл гэж бодож байна. Би Ерөнхийлөгч Ё.Гаук, Канцлер А.Меркел нартай уулзаж нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах, газрын ховор элементийг ашиглах, технологийн мэргэжилтэн бэлтгэх, төмөр замын салбарт хамтрах зэрэг асуудлуудаар ярилцаж санал солилцлоо.

Монгол бол хамгийн том зах зээлтэй зэрэгцэн оршиж буй, хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орон. Энэ хурд, боломжуудыг сайн технологитой хослуулбал амжилт олох нь дамжиггүй юм. Монгол Улс бол 1990-ээд оны үед бүс нутагтаа гарч ирсэн хамгийн анхны ардчилсан орон. Тэр үед буюу  хүнд хэцүү цаг үед хамгийн их тусалсан орны нэг  нь Герман Улс. Өнөөдөр би Ерөнхийлөгч Ё.Гауктай уулзаж халуун дотноор ярилцсан. Энэ хүний амьдралын туршлага, хэрэгжүүлэхийг зорьж буй үйл хэрэг нь дотно санагдаж байлаа. Бид Герман Улсыг Европын Холбоон дахь хамгийн найдвартай түнш гэж сонгож байгаа” гэлээ.

Дараа нь сэтгүүлчид хоёр орны харилцааны асуудлаар сонирхсон асуултаа тавьж хариулт авлаа.


Эх сурвалж: http://www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж