Увс аймагт баруун бүс нутгийн бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Увс аймагт баруун бүс нутгийн бага хурал боллоо

“Баруун бүс нутгийн хөгжил, байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтад талуудын оролцоо” сэдэвт бага хурал  Улаангом хотноо болжээ. Бага хуралд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажилтан, сонгуультан 80 гаруй төлөөлөгч урилгаар оролцсон байна. Энэ үеэр Монгол улсын бүсчилсэн хөгжлийн асуудлууд, Баруун бүсийн хөгжлийн цаашдын хандлага сэдвээр  Бүсчилсэн хөгжлийн Академийн захирал Ё.Гантогоо, “Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтад талуудын оролцоо-хөтөлбөрийн орон нутгийн хэрэгжилтээс гарсан сургамж, санал, боломж, бололцоо” сэдвээр АНУ-ын Азийн сангийн байгаль орчны хөтөлбөрийн захирал П.Болормаа, Төсвийн тухай хуулийн талаар ЗГХЭГ-ын ахлах реферант А.Үрчээ нар илтгэл тавьсан байна. Мөн бүсчилсэн хөгжил ба байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалын талаар аймгуудад хийж буй ажил, цаашид тавих зорилтын тухай оролцсон аймгуудын удирдлага мэдээлэл хийжээ. Баруун таван аймгийн хувьд эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй гэвч томоохон үйлдвэр байгуулж, ажлын байр олноор бий болгохгүй бол алс хязгаар нутаг эзэнгүйдэж байна. Төврүү нүүж байгаа нүүдлийг төрийн хэмжээнд, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх нь зүйтэй хэмээн бага хурлын төлөөлөгчид үзэж байв. Сүүлийн жилүүдэд усны нөөц хомсдож, ойн санд багагүй хохирол учирч байгаа тул байгаль орчноо шүтсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох  хэрэгтэй байгаа талаар санал нэгдсэн байна. Энэ үеэр яригдсан бас нэг гол асуудал нь Баруун бүсийн зөвлөл олигтой ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл байжээ. Бага хурлын төлөөлөгчид Увс аймгийн Орон нутгийг судлах музей үзэж, Галдан Бошигт хааны өргөөгөөр зочилсоноос гадна “Чацаргана” хөтөлбөрийг санаачлагч Ж.Доожав, Л.Бат-Очир нарын чацарганы талбай хийгээд, “Увс хүнс” компаний үйл ажиллагаатай танилцсан байна. 

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж