ОБЕГ-аас анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

ОБЕГ-аас анхааруулж байна

Өнгөрсөн шөнө буюу  2012 оны гуравдугаар сарын 29-нд  Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурга, Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр шороон шуурга шуурч, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсчээ. Салхи, шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн Орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээнд онцгойлон анхаарч, баталгаатай зам гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй  байдлыг хангах, бензин шатахууны нөөц, дулаан хувцастай замд гарах талаар сэрэмжлүүлэг, сануулгыг ОБЕГ-аас өгч байна.

-Гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх хоногуудаас нимгэрч мөс харлах, усан зах үүсч тошин, харз, зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа тул автомашинаар зорчих, мал тууварлах үед мөс цөмрөх аюултайг анхаарах;

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шар усны аюулд өртөх эрсдэлтэй голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд бууж суурьшихгүй байх;

-Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг  ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж