Ерөнхийлөгч ХБНГУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ХБНГУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг Ерөнхийлөгч Ё.Гаук, гэргий Д.Шадт нар “Бэллвью” өргөөнөө албан ёсоор угтаж авлаа.  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын  Ерөнхийлөгч Ё.Гаук нар уулзав.

Ерөнхийлөгч Ё.Гаук “Та бол Монголд ардчиллыг эхлүүлж, түүнийгээ бэхжүүлэх үйл явцыг удирдахад тасралтгүй оролцсоор ирсэн олноо танигдсан удирдагч юм. Миний Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны зочин болж ардчилсан Ерөнхийлөгч ирж байгаад  би туйлын баяртай байна” хэмээн яриагаа эхэллээ.

“Та бидний ярилцаад сууж байгаа энэхүү Ерөнхийлөгчийн өргөө нь хуучнаар Баруун Германд харъяалагддаг байсан тул бид ийшээ тухайн үед орох ч эрхгүй байлаа. Харин өнөөдөр бол нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Би энд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хувиар тантай уулзаад сууж байгаа нь  ардчиллын ач гавьяа юм. Гэхдээ сүүлийн үед хүмүүс, тэр тусмаа манай шинэ үеийнхэн болох залуучууд ардчилал гэж ямар үнэ цэнэтэй зүйл болох, ямар их үнээр энэ ардчиллыг тогтоосныг мартаад байна, зарим нь бүүр мэдэхгүй байна. Иймд залуучуудын боловсролыг дээшлүүлэх, ялангуяа ардчиллын боловсролыг дээшлүүлэхийн төлөө бид хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.

Тэрээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаад баяр хүргэж, амжилт хүсээд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр гарах аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ё.Гаукт Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, анхны төрийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлэв.

 “Ардчилсан хөгжлийн замаар Монгол Улс амжилттай замнахад герман нөхдийн хувь нэмэр их байсан. ХБНГУ-ын Засгийн газар, улст төрийн сангууд, ялангуяа Конрад Аденаурын сан шилжилтийн эхний жилүүдэд улстөр, хууль эрхзүйн институцууд бэхжихэд дэмжин тусалсныг бид мартдаггүй. Герман бол бидний Европ дахь гол түнш юм. Цаашид танай улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, германы томоохон хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах болно. Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгаа нь бидний харилцааг эдийн засгийн  харилцан ашигтай болгоход чиглэсэн үр дүнтэй алхам юм. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой орон. Манай говийн бүсэд нарны эрчим хүч ашиглах “Gobitec” парк байгуулах төслийг эхлүүлэхийг бид зорьж байна. Энэхүү төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

Боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь бидний харилцааны нэг чухал чиглэл юм. Монгол-Германы хамтарсан их сургууль байгуулах талаар бидний гаргасан саналыг Германы Засгийн газар дэмжиж байгаад бид талархаж байна.  Юуны өмнө харилцан суралцах оюутны тоог нэмэх, судалгаа шинжилгээний байгууллагуудыг дэмжих шаардлагатай байна.  Бидэнд байгаль орчин, хүнс, уул уурхай, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд чухам эдгээр нь та бүхний амжилт олсон салбарууд юм.

Герман Улсын онцгой анхаарлын дор Монгол-Германы археологийн хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж байна. Би Ерөнхийлөгчийн хувиар Хархорин төслийг ивээлдээ авсан бөгөөд эрхэм Ерөнхийлөгч таныг мөн түүнийг ивээлдээ авахыг хүсэлт болгож байна. Орхоны хөндийн малтлагын Хархорин төслийг нийтэд хүртээмжтэй болгох үүднээс ойрын хугацаанд Ерөнхийлөгч нарын ивээл дор үзэсгэлэн нээх хүсэлтэй байна” гэж  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярив.

Ерөнхийлөгч Ё.Гаук Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнтэй санал нэг байна гээд социализмын үед бүдгэрсэн монголчуудын бусдаас ялгарах хэв шинж, үндэсний бахархлыг сэргээх талаар Монгол Улс амжилттай ажиллаж байгааг сайшаалаа. Тэрээр “Монгол судлал бол Монгол Улсад их хэрэгтэй, их чухал асуудал юм. Дэлхийд тэргүүлэх эгнээнд явж ирсэн германы монгол судлал сүүлийн үед хумигдах болсон нь таагүй. Берлин, Бонн, Лайпциг, Мюнхень, Хумбольдын их сургуулиудад хийж буй монгол судлалын асуудлыг улам хөгжүүлэхэд цаашид анхаарч ажиллана”  гэв. Германы монгол судлалыг хамтран санхүүжүүлж, улам өргөжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа тэрээ илэрхийллээ.

Энэхүү уулзалтын үеэр тэд Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгох, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай нөхцлийг хангаж  хамтран ажиллах талаар санал солилцов.

Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэд санал нэгтэй дүгнэлээ.  Афганистан  дахь аюулгүй байдлыг сахиулах олон улсын хүчний ажиллагаанд манай хоёр орны цэргийн багууд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа  нь үүний илрэл гэж тэд үзлээ.

Ерөнхийлөгч нар хоёр орны харилцаа, бүс нутгийн байдлын талаар ярилцаж санал солилцов. Монгол Улсын ардчиллын өмнө тулгарч байгаа сорилтуудын талаар Ерөнхийлөгч Ё.Гаук ихэд сонирхон асууж байлаа.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук нь 1989 онд зүүн Германд ардчиллын “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан, арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын төвд улсаа төлөөлсөн гишүүн байсан. 2012 оны 3 дугаар сар 18-ны өдрөөс ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Эх сурвалж: http://www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж