Байгаль орчны багц хуулиас юуг хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Байгаль орчны багц хуулиас юуг хүлээх вэ?

Хууль төрөхийн өмнө
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН НЬ

2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд БОАЖ-ын сайд Л.Гансүх Байгаль орчны багц хуулийг УИХ-д өргөн барьсан нь баялгаа ашиглан эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийг мөрөөдөж, нөгөө талаар байгаль орчин ихээр сүйтгэгдэж буй манай оронд 20 шахам жил огт хөндөгдөөгүй, “хуучирсан” хуулиудыг одоо л шинэчлэх байх гэсэн итгэл найдварыг ийн бодит ажил болгохоор хэлэлцүүлэгт оруулсан юм. Байнгын хороогоор Байгаль орчны тухай багц хуулийн төслийг намрын чуулганы хаалтын үеэр хэлэлцүүлэх байсан ч амжаагүй. Гэхдээ УИХ-ын дарга чуулганы хаалт дээр “Байгаль орчны тухай багц хуулийг хаврын чуулганаар яаралтай авч хэлэлцэж, зайлшгүй шийдвэрлэх ёстой” гэдгийг онцолсон нь ирэх чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлтийг бий болгоод байна. Хэдий яамны сайд нь солигдсон ч бодлого, хууль урагшилдгаараа урагшлах учиртай.

Эдгээр багц хуулиуд нь 2008 оноос өнөөг хүртэл тус яамныхны хийсэн нэлээдгүй том ажлын нэг ч гэж үнэлж болохоор.  Хамтарсан Засгийн газрын нэг гол зорилт ч байгаль орчны бодлогод эрх зүйн шинэчлэлт хийх явдал байв. Үндсэндээ 1990-2010 онд эдийн засгийн шилжилтийн үе явагдаж дууссан. Шилжилтийн энэ үед тухайн нөхцөлдөө зохицсон байгаль орчны хууль, бодлоготой байсан. Гэвч тэр бодлого, өнөөгийн нөхцөл байдалтай тохирохгүй нь ойлгомжтой. Байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгийн өндөр өсөлтөд хүрчихээд сүүлд нь нөхөн сэргээнэ гэвэл маш их зардал гарах нь тодорхой. Бусад орны ийм гашуун сургамжуудыг давтахгүйг зорьж байгаа нь бүр ч ойлгомжтой. Тийм учраас эдийн засгийнхаа хөгжлөөс урьтаж, байгаль орчны бодлогоо тодорхойлох ёстой гэсэн байр суурийг баримтлан 2011 оны төгсгөлд УИХ-д Байгаль орчны багц хуулийг өргөн барьсан нь энэ аж.

БАГЦАД ХЭДЭН ХУУЛЬ БАГТАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжинд салбарын 33 хуулиас 18-ынх нь давхардал, хийдэл, зөрчлийг арилган, бодлогын хувьд цоо шинэ агуулга, зохицуулалтуудаар шинэчилжээ. Ингэхдээ 10 хуулийг системчилж, наймд нь нэмэлт өөрчлөлт оруулж, хоёрыг цоо шинээр боловсруулсан. Эцсийн хувилбараар шинэчлэн найруулсан найм, цоо шинээр боловсруулсан хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан аж. Олон жижиг хуулийг нэгтгэн, нэг системийн хууль болгосон нь хэрэглэхэд хялбар дөхмөөс гадна олон талын ач холбогдолтой ажээ. Тухайлбал, Ус, рашаан ашигласны төлбөр, Ойн гоожин, Ангийн хураамжийн тухай гээд таван хуулийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэсэн ганцхан хууль болгон системчилсэн байна.

ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ХОЁР ХУУЛЬ

Багц хуулиудын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулиудыг шинээр боловсруулжээ. Цөлжилтийн асуудлыг ярихын тулд хөрсийг хамгаалахыг чухалчилжээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйг буруу эрхэлснээс ч юм уу, уул уурхайн үйлдвэрлэлээс болж хөрс ихээр сүйдэж буй. Тиймээс хөрс хамгааллын асуудлыг эрх зүй, хуулийн түвшинд тавьж, хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах зэрэг асуудлыг бодлогоор зохицуулж өгчээ. Ялангуяа, орон нутгийн Засаг дарга нар, Иргэдийн хурал нэлээд үүрэг хүлээхээр тусгасан байна.

Өнөөдөр цөлжсөн газар нутгийн таван хувьд нь цөлжилт нэн хүчтэй, 18 хувьд нь хүчтэй илэрсэн. Мэдээж цөлжсөн газарт төсвөөс болон гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр нөхөн сэргээх ажил хийгдэнэ. Үлдэж байгаа 50 гаруй хувь нь цөлжилтөд өртөх магадлал өндөртэй эмзэг байгаа тул урьдчилан сэргийлэх шаардлагатайгаас энэ асуудлыг эрх зүйн хувьд хуульчилж өгөх гэж байгаад шинэ хуулийн ач холбогдол оршиж буй юм.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ҮҮРГИЙГ ӨНДӨРЖҮҮЛНЭ

Одоогийн хууль тогтоомжоор аймаг, сумдын Засаг дарга нар эрх мэдэл ихтэй хэрнээ үүрэг хариуцлага багатай байгаа нь нууц биш. Харин шинээр боловсруулсан төслөөр орон нутгийн Засаг дарга нарт тодорхой үүрэг ногдохоор болжээ. Тухайлбал, аймгийн Засаг дарга дөрвөн жилийн дараа ажлаа хүлээлгэн өгөхдөө хүлээн авч байсан үед тухайн аймаг хэдэн га ой модтой, хэдэн булаг шандтай, хэдий толгой аргаль, бөхөнтэй байсан гэх мэт байгалийн нөөцийг төрөл тус бүрээр данслан хүлээж аваад, мөн тэгж тайлагнан хүлээлгэж өгдөг болох зохицуулалтыг багтаажээ. Ингэснээр хүлээн авч байгаа Засаг дарга хөтөлбөрөө боловсруулахдаа энэ баялгийг багасгах бус, нэмэгдүүлэх зорилт тавих механизм бүрдэх нөхцөл болж буй аж.

Хэрэв Засаг дарга байгалийн нөөцийг хомсдуулсан тохиолдолд огцруулах хүртэл арга хэмжээ авах механизмыг хуульчилж өгсөн. Өөр нэг гол зохицуулалт бол байгальд хохирол учруулсан хүмүүс бас хариуцлага хүлээж, нөхөн төлбөр төлдөг болох механизмыг нарийвчлан хуульчилсан. Одоогийн хуулиудаар экологид хохирол учруулсан этгээд маш бага хэмжээний мөнгөн торгууль төлдөг, нөхөн сэргээлт хийлгэх зохицуулалт байхгүй.

БОХИРДУУЛАГЧ НЬ ТӨЛБӨР ТӨЛӨГЧ

Өмнө нь бид ус ашигласны л төлбөр төлдөг байсан. Тэгвэл шинээр боловсруулсан төсөл дээр бохирдуулсны төлбөр төлөхөөр зохицуулалт хийжээ. Энэ нь өөр жишээн дээр үр дүнгээ өгсөн бөгөөд өнгөрсөн жил Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль баталж, агаар бохирдуулагч цөөхөн эх үүсвэрээс төлбөр авч Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-д төвлөрүүлж эхэлснээр 2011 онд 30 тэрбум төгрөг хуримтлуулж, хөрөнгийн энэ эх үүсвэрээрээ олон жил хүлээгдэж байсан дорвитой ажлуудаа эхлүүлж чадсан билээ. Яг үүний адил ус бохирдуулсан этгээд 200 мянган төгрөгийн төлбөр төлөөд алга болчихгүй бохирдуулсан хэмжээгээрээ төлбөр төлөхөөр хийх зүйлээ санхүүжүүлчихдэг хуримтлалын сан бүрдэнэ.

Ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад ус тодорхой хэмжээгээр бохирдоно. Стандартын хэмжээнд байх юм бол бохирдуулсны төлбөрөө төлнө. Харин байх ёстой хэмжээнээс хэтэрвэл нөхөн төлбөр төлнө гэсэн үг. Түүнчлэн бохирдлын хэмжээ, зэрэглэлээс хамааруулаад суурь төлбөрийг 2-3 нугалан төлөх ч зохицуулалт агуулжээ. Ийнхүү хуримтлагдсан мөнгөөр бохирдсон усыг цэвэршүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах санхүүгийн боломж нээгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц ашигласны багц хууль гарснаараа төсвөөс үл хамаарч, байгаль орчин эдийн засгийн болон эрх зүйн бие даасан орчин бүрдэж буй хэрэг.

АШИГЛАГЧ НЬ ХАМГААЛАГЧ

Бохирдуулагч нь төлбөр төлөгч гэдгийн дараагийн зарчим “Ашиглагч нь хамгаалагч байх” тухай. Тухайлбал, багц хуулийн хүрээнд Амьтны тухай хууль гэж гарч байгаа. Энэ нь хуучин байсан Ан агнуурын тухай хуулийг Амьтны аймгийн тухай хуультай нэгтгэсэн хувилбар аж. Ан амьтан амьдрах орчинтой байх ёстой гэдэг утгаар нь ялангуяа оршин суугаа уугуул нутагт нь өсгөн үржүүлэх тал дээр анхаарсны зэрэгцээ тогтвортой ашиглах ёстой гэсэн бодлого баримталсан гэнэ. Яагаад гэвэл, энэ нөхөн сэргэдэг баялаг бөгөөд зарим амьтныг зөвхөн нутгийн иргэдийн оролцоотойгоор ашиглаж, түүнээс нөхөн сэргээх, үржүүлэх зардлыг нь гаргах зэрэг нөөцийн тогтвортой менежмент бий болгож буй юм.

Энэ талаар хуулийн төслийг гардан ажиллаж байсан Л.Гансүх сайд “нутгийн иргэд байгаль орчинтой харьцах харьцааг аль болох дэмжиж өгөх шаардлагатай гэж үзсэн. Ер нь бол байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүс ихэвчлэн нутгийн иргэд биш байдаг. Холоос ирсэн хүмүүс л тэр хавийн анг агнаж, ургамлыг нь түүж байна. Ядаж л аялал, зугаалга гээд бохирдуулдаг. Ашигт малтмал гээд байгалийн баялгийг нутгийн иргэд ашиглаад байгаа юм өнөөдөр алга. Тиймээс нутгийн иргэдийн хяналтыг эрс сайжруулах зохицуулалтыг хийж өгсөн. Дээр нь нутгийн иргэд байгалийн нөөцөөсөө хувь хүртэх, тэдэнд ашигтай байлгах чиглэлд гол хандлагаа тавилаа” хэмээн тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл, эдгээр багц хуулийн үндсэн, бас шинэлэг агуулга нь нутгийн иргэд нь байгалиа хамгаалах, байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэр бий болгох, нөөцийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх зэрэг үзэл баримтлалд суурилж байгаа аж. Хуульд улс төрийн гэх ямар ч утга санаа байхгүй нь тодорхой харагдаж байгаа тул Сонгуулийн хууль мэт гацаа үгүй биз. Иймд энд тайлбарласнаас ч олон эерэг үйлчлэлийг агуулсан арван хуулийн багцийг ирэх хаврын чуулганаар батлагдахыг л хүлээх үлдлээ.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж