Хоршоололд нэгдэцгээх үү

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хоршоолол байгуулья гэхээр нэлээд асуудал үүсгэдэг.  Адаглаад л хоршооны хөрөнгө дундын өмч учраас тэр бүр банкнаас зээл авч чаддаггүй. Арилжааны банкуудын зээлийн хүү  дэндүү өндөр. Хөрөнгө мөнгө муутай бидэнд тэр зээлд хамрагдахад хэцүү байгаа талаараа “Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд зохиогдож буй хоршоологчдын чуулга уулзалтаар иргэд гомдоллов. Засгийн газраас “Хөдөөг хоршоолох аян”-ыг зарлаж, уг аяны хүрээнд 21 аймгийн 330 сумын Засаг дарга  нар, хот хөдөөгийн 400 орчим хоршоологч оролцсон чуулган Төрийн ордонд өчигдөр  болсон юм.

Дээхэн үед сум нэгдэл гэж байснаа задарч, 1990-ээд оны үед хоршооллыг байгуулсан ч энэ нь төдийлөн үр дүнтэй ажил болж чадаагүй. Харин сүүлийн жилүүдэд иргэд бизнесийн салбарт ахиухан мөнгөгүй л бол ганцаарчилсан тоглолт хийгээд үр дүнгүй гэдгийг ойлгосон бололтой, хоршоолол байгуулах хандлага нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2000 хоршоо үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх жилээс энэ тоо улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай дуулгасан. Учир нь өнгөрсөн жил УИХ-аас хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж байгуулах шийдвэр гаргасан. Хөдөө аж ахуйн биржээр зөвхөн хоршоолол байгуулсан нөхдүүд л үйлчлүүлэх боломжтой бөгөөд төрөөс үзүүлж буй зээл тусламж, дэмжлэгэд хоршоолол байгуулсан иргэд илүү хамрагдах боломжтой гэнэ лээ. 2011 онд УИХ-аас  малчдыг дэмжиж ноосоо тушаасны урамшуулалд 50 тэрбум төгрөг өгөх тухай хэлэлцэх үеэрээ цаашлаад энэ дэмжлэгийг  хоршоолол байгуулсан малчид хүртэнэ шүү гэдгийг анхааруулж байсан билээ. Тиймээс өрх гэрээрээ уулын ам сахих, ганц нэгээрээ гутал, оймс нэхэхээс илүү хоршиж зүтгэвэл төрийн дэмжлэг, туслалцааг хүртэх юм байна гэдэг ойлголт ч иргэдэд төрсөн бололтой, хоршоолол байгуулбал ямар, ямар зээл тусламж хүртэх боломжтойг уг чуулга уулзалтаар ихэд сонирхож байна лээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан. Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь хоршооноос ашиг хүртэж, 100 сая ажлын байрыг бий болгосон байна. Мөн дэлхийн эдийн засгийн хямралыг хоршоолол хамгийн гарз хохирол багатайгаар даван туусан тухай олон улсын байгууллагын судалгаа гарчээ. Үүнээс харахад хоршоог шинэ төвшинд өөр утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх зорилттой тулгарч байгааг Ерөнхий сайд С.Батболд Хоршоологчдын үндэсний III чуулганд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд хөдөө­гийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгах зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлснээ дуулгав. “Хөдөөг хоршоолох аян”-ыг хүрээнд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь жишиг хоршоо байгуулахад зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад зохицуулалт хийх замаар 2012 онд хоршоололд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгах, хоршооллын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн хоршооллыг  хөгжүүлэхийн тулд  хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох,  малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжүүлэх  гэсэн. Үүний тулд Хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийг байгуулж байгаа юм билээ.

“Хөдөөг хоршоолох аян” бүтэн жилийн турш үргэлжлэх бө­гөөд  хөдөөгийн сум бүрт жишиг хоршоодыг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих,сум бүрээс хор­шоо­дыг удирдах хүмүүсийг сонгож сургаж, мэргэшүүлэх аж­лыг энэ жилдээ багтаан эхлүүлэх, “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн 80-аас доошгүй хувийг жишиг хоршоодод олгох, малчид, тариаланчдыг дэмжих урамшууллын тогтолцоог хоршооны бүтэц үйл ажиллагаатай шууд холбон хөгжүүлэх гээд  төрөөс энэ мэтчилэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир “Хоршооны гишүүдийн мэдлэг, оролцоо дэндүү сул. Тэд идэвхтэй оролцож байж хоршоо хөгждөг. Түүнээс гишүүн нэрнээс цаашгүй үйл ажиллагаа, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахгүй бол тэр хоршоо хэзээ ч хөгжихгүй. Иймээс энэ талын сургалт ч их үгүйлэгддэг гэсэн үг. Өрсөлдөх чадварыг сайжруулахад нэн түрүүнд хэрэгтэй зүйл нь орчин үеийн техник технологи. Энэ мэт зүйлийг авах гэхээр хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй. Хэдийгээр манай хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид сүүлийн жилүүдэд импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа ч түүнийх нь сав баглаа боодлоос эхлээд энгийн зүйлээрээ гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна” хэмээн ярьсан. Ер нь хоршоолол байгуулья гэхээр хөдөөгийнхөнд боловсон хүчний том асуудал тулгардаг гэнэ.  Хоршоолол бол багийн тоглолт. Гэтэл тэр багийн тоглолтыг удирдах чадвартай хүн хөдөөд цөөхөн байдаг. Тиймээс хөдөөгийнхнийг сургалтад хамруулж, хоршоолол хэрхэн байгуулж, яаж ажиллуулах талаар  Хоршооллын үндэсний нэгдсэн холбооноос олон улсын байгууллагуудтай хамтарч сургалт зохион байгуулдаг гэсэн.

Төр засгаас  хоршооллыг дэмжиж, өнгөрсөн онд гэхэд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн хоршоологчдод олгосон. Мөн 20 гаруй аймагт загвар хоршоо байгуулах зорилгоор таван жилийн хугацаатай тус бүр 45 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж