Яагаад би караокед хооллоно гэж

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Яагаад би караокед хооллоно гэж

Хөндөх сэдэв

Биднийг хэн ч албадаагүй. Гэхдээ бид эрээнтэй бараантай хорвоод идэж, уух язгуур эрхтэй гэж боддог. Энэ эрхээ ямар ч даргаар, тэр ч битгий хэл Ерөнхийлөгчөөр ч заалгахгүй. Хэн нэгнийг сүү уухыг зөвлөж болохоос тулгаж болохгүй. Бор дарс балгахыг маань болихыг зөвлөнө үү гэхээс хориглох эрх чамд, надад ч байхгүй, Бурханд ч тэр. Тийм үү? Тийм!

Монголчууд мулгуу мулгуу гэлээ ч хаана, хэзээ, хэдэн цагт хоолоо идэх, юугаа уухаа мэдэхтэйгээ улс гэж эргүү би итгэдэг. Тиймээс л,

-Чи 22,00 хүртэл кафед хоол ид. Харин түүнээс хойшхи хоёр цагт хэнгэрэг хагартал хөгжим хангинуулсан диско бааранд эсвэл караокед дуулангаа, таалагдахгүй бол дэлгүүрээс хоол, ундаа аваад гудар, хохино гэснийг нь ойлгосонгүй. Яагаад вэ, яагаад. Тэд намайг, би тэднийг бодоод нэг нь зараад, нөгөө нь авсан зүйлгүй. Энд зөвхөн би гэх философи л ноёрхдог болохоор үйлчилгээнийхэн ашгаа бодоод нойроо хугаслан маньд үйлчилж, би тэдэнд орлого оруулдаг юм. Би түүнд орлого оруулж, тэр надад үйлчилснийхээ төлөөсийг зохицуулчихсан. Үүрэх хариуцлага, үр дагавраа ч ухамсарлачихсан. Тийм болохоор л “тэдэнд цагт чи ид, чи үйлчил” гэдэг ч юм уу эсвэл “энэ хориотой цагаар ажиллаж байна” гэх нь утгагүй. 

Ердөө л энэ. Бид хоёрын дундуур төрийнхөн яагаад орох ёстой юм. 

Яагаад би хоол идээд, аяга шар айраг ажлынхантайгаа шимэнгээ ярилцахын төлөө заавал диско бааранд, тэгээд хөгжимнөөс нь илүү гарах гэж хоолоогоо сөөтөл хашгирах ёстой юм. Яагаад би ажлынхаа стрессээс ангижирч андтайгаа аяга хоол идэж, хундага дарс тулгахын төлөө караокед илүү мөнгө төлөх ёстой гэж.

Яагаад караокед 00 цаг хүртэл шавиагаа ханатал дуулчихаад гэртээ харихдаа ээждээ цайных нь сүүг дэлгүүрээс аваад орчихож болдоггүй юм бэ. Яагаад ар гэрээ тэжээх гээд “Нарантуул” дээр 20,00 цаг хүртэл гутал зарж, 21,30 цаг хүртэл түгжрэлд зогссон миний найз 30-аас илүү минут кафед тухалж болдоггүй юм. Яагаад орой ээлжинд гараад 00,30 цагт ажлаасаа буусан эмэгтэй дэлгүүр ороод хүүхдээ баярлуулах чихэр авчихаж болдоггүй хот вэ? энэ чинь.

Халамцуу дуулж, бүжиглэж болдог, хоол идэж яагаад болдоггүй хорвоо вэ, хүмүүс ээ?

Караоке ажиллуулдаг хүн кафе ажиллуулдаг хүнээс юугаараа илүү төрчихсөндөө давуу эрх эдэлж, ахиу орлого олох ёстой юм. Ижилхэн үйлчилгээний газрынхныг ингэж гадуурхаж болдог юм уу. Дуулж, дэвхцэж болдог ярьж болохгүй гэх үү. Ингэлээ гээд Монголд архичны тоо цөөрөх үү. Гэмт хэрэг буурах үү, биеэ үнэлэхээ больчих уу. Авлига арилаад өгөх үү, үйлдвэрлэл ч хөгжчих үү.

Амьдралыг мэдэхгүй, аргуу хуурай шийдвэр гаргагчид минь гэгээрчихээсээ өмнө бод доо. О.Бальзак өнөөгийн Монголд амьдарч байсан юм шиг яг голыг нь олоод та нарыг хэлчихэж. Та нар мундаг гэгээрчихсэн, мөнгөтэй, хөрөнгөтэй байж болно оо. Гэхдээ сонс. Цаадах чинь “Аливаа хөрөнгө хэтэрхий их бол гэмт хэргээс эх сурвалжтай” гээд хэлчихсэн байгаа юм. Ганц тэр ч биш хэдэн арваараа эдийн засгийн эрх чөлөө яагаад хэрэгтэй вэ, түүнийг хумиснаар ямар гамшигт хүрдэг вэ гэдгийг хэлсээр ирсэн. Хэлж ч, хэрэгжүүлж ч байгаа. Энэ бүхэнд төр оролцсоноор бүх зүйл буруу тийшээ хандаж, та нарын тэмцэнэ гээд байдаг хээл хахууль, авлига гаардгаас цааш хэтэрдэггүй. Нарийндаа татвар бус төр байгаа цагт авлига оршин тогтносоор ирсэн шүү.

Энэ тухай “Загалмайлсан эцэг” киноноос хангалттай хараарай. Америкчууд архидалтыг зогсоох гээд архийг хорьсноор авлига, далд бизнес, гэмт хэргийн бүлэглэл хэрхэн хөгжиж, эцэст нь хэнд ч дийлдэхээ байсныг үзүүлдэг юм.  Хамгийн гол нь бүхнийг хуулиар хорьж, баглах нь өнөөдөр харагдсанаасаа ч илүү хөнөөл сүйрэл авчирдаг гэдгийг цаадуул чинь хэлээд байгаа юм шүү дээ. Кино гэлтгүй, монголчууд ч хэзээний тар нарын тусламжтайгаар тийм болчихсон. Өнөөдөр зөвхөн цөөн тооны дарга нар, улс төр эдийн засгийн бүлэглэл л хангалуун амьдарч байна. Насаараа төрд ажилласан хүмүүс хэдэн үеэрээ идэх хөрөнгийг хураасныг энд хэлэх хэрэггүй. Харин насаараа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлсэн иргэд хэдэн тэрбумыг авлигад зарцуулсныг асуугаарай. Энгийн ард иргэдийн хувьд сайжирч дээшилсэн зүйл алга. Хуучны коммунистуудын лайгаар харин ч эсэргээ, эрх чөлөөгөө өдөр хоногоор хязгаарлуулах болжээ. Тэд архидалтыг дэлгүүр, кафег хаачихсанаар зогсоочихно гэж төсөөлдөг. Нэгэнт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь тэдэнд ердөө хамаагүй. Тиймээс ч энэ аргаар явсан улс орон хөгжөөд гавиагүй. Ийм тогтолцоонд хэрэглэгчдийн ашиг сонирхол нь бараг үргэлж үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө золиослогддог. Үгүй гэвэл 1980-аад оны ганцхан загвар хийчихээд хэдэн жилээр нийлүүлдэг гутлын үйлдвэр, жилийн турш баншнаас өөр хоолгүй баншны кафе, сонголтгүй талхаа нэг санаарай.

Тийм болохоор л бүхнийг төр мэдэх ёстой, иргэдийнхээ өмнөөс ингэж шийдвэрлэж байна гэдэг нь худлаа . Дээрх шийдвэрийг л гэхэд гурав дөрөвхөн хүний гомдлоор шийдчихсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс л Монголд хүний жам ёсны эрх гэж үнэндээ алга.

Архинаас иргэдээ гаргах гээд архины үнийг нь нэмбэл архины үйлдвэрүүдийн л ашиг өснө. Иргэд татгалзахгүй. Үсрээд л уудаг давтамж нь холдоно. Энэ хооронд гаднаас хямд үнэтэй, чанаргүй архи оруулж ирдэг бизнес бий болно. Ингээд хуучин байрнаасаа ч доошоо орно. Ахиад архидалт газар авмой. Иргэдээ боловсролтой болгож, түүний хөнөөлийг таниулсан цагт л энэ явдал багасна уу гэхээс иймэрхүү аргаар багасдагсан бол Монголын архины үйлдвэрүүд өдийд дампуурчихсан.   

Адам Смиттийн хэлсэнчилэн, элдэв хязгаарлал нь үйлчлүүлэгч үйлчлэгчдийн аль алинд нь сөргөөр нөлөөлдөг. Хориглох нь чухал биш. Илүү үйлчилгээг санал болгосноор л асуудлыг шийдвэрлэнэ.

НИТХ-ын үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчилсөн тогтоол өдгөө хэрэгжээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Архидалт, гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсангүй. Харин нэг шинэ үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Тэр нь авлига. Орлогоо бууруулахыг хүсээгүй кафеныхан 23,00 цаг хүртэл ажиллахыг тулд хар хувцастнуудад авлига өгч байгаа тухайгаа ярьж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа зөвхөн мөнгө төлөөгүй үйлчилгээний газрынханд энэхүү тогтоол журам үйлчлэх болно. Нэг ёсны кафе ажиллуулагсдын үйлчлэгчдийг булаах гэсэн оролдлого гэсэн ч болно. Тиймээс л би хөдөлмөрлөж олсон мөнгөө хэзээ, хэдэн цагт юунд, хаана зарцуулахаа заалгамааргүй байна. Ялангуяа ууж, идэхээ бүр үгүй шүү.

 Архиа ууна уу, айргаа шимнэ үү, согтоод унана уу, солиороод явна уу миний л эрх,  яадаг юм.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН  ТОГТООЛ
2012 оны 01 сарын 27 өдөр        дугаар 08               Улаанбаатар хот

                         
Тогтоол хүчингүй болгож, цагийн хуваарь шинээр батлах тухай

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.1.7 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2011 оны тг/1476 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2а/8307 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны “Санал хүсэлтийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 123 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

Хоёр. Согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг хавсралтанд зааснаар шинэчлэн тогтоож, 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлсүгэй.

Гурав. Батлагдсан цагийн хуваарийг дагаж мөрдөхийг энэ чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

            ТЭРГҮҮЛЭГЧ                         Ц.ЦОГЗОЛМАА

Нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 
2012 оны 08. дугаар тогтоолын
1 дүгээр хавсралт
 
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДДАГ БОЛОН ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

 

 

Худалдаа үйлчилгээний цэгийн
төрөл

Ажиллах цаг

Эхлэх цаг

         Хаах цаг

1 .

Хүнсний худалдаа

08.00

24.00

 

2 .

Зоогийн газар

07.00

24.00

 

3 .

Баар /шоу тоглолт, диско клуб,
караоке зэрэг нэмэгдэл үйлчилгээтэй баар/

15.00

24.00

4 .

Кафе

10.00

22.00

 

Л.НАРАНТӨГС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж