Хаврын чуулганаар юу амжуулахаар төлөвлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар юу амжуулахаар төлөвлөв

УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө УИХ-ын дарга хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох учиртай. УИХ-ын хаврын чуулганы нээлт ирэх сарын 5-нд болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамжаа гаргажээ. Энэ захирамжийн талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Хаврын чуулганаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай бусад асуудлуудыг тухайн үед нь хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт өнгөрсөн намрын ээлжит чуулганаар яригдаж байсан Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслүүд байгаа бөгөөд гишүүн Л.Гансүхээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа, ажлын хэсэг хоёр удаа хуралдаад ажил нэлээд урагшилж байгаа гэнэ.

Дараагаар нь Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтож. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд эрхтний донор болох боломжийг хориглосон байгаа бөгөөд “донорын хуулиар цусан төрлөөс бусад хvн сайн дурын vндсэн дээр эрхтнээ шилжvvлэхийг зєвшєєрдєггvй. Эхнэртээ нөхөр нь өрөөсөн бөөрөө өгье гэвэл Донорын хуулийг зөрчих болдог” гэх олон гомдлыг хуульд өөрчлөлт оруулснаар шийдэж болох юм.

Мөн Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Н.Ганбямба нараас тус тус өргөн мэдүүлсэн  Инновацийн тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр тогтож. Жагсаалтын дөрөв, тавдугаарт  “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр оруулсан байгаа аж.

С.Магнайсүрэнгийн мэдээлснээр дээрх асуудлуудын араас хуулиар заасан хугацаатай, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг оруулсан аж. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой. Тиймээс сонгуульт жил сонгуулийг зарлахаас өмнө улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм байна гэдгийг хэлэлцэн олон нийтэд хүргэх юм байна. Түүнчлэн  Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хэлэлцэн батлах нь. Сонгуулийн тухай хуулиар санал хураалт явуулахаас 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулиа товлон зарласан байх үүргийг ч биелүүлнэ гэв.

Дараагаар нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” ,  “Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” тогтоолын төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэхээр жагсаажээ.

Харин бусад асуудлын хүрээнд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон зайлшгүй шаардлагатай гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг холбогдох Байнгын хороод бэлтгэлийг хангавал хэлэлцэж болох юм гэсэн байдлаар тусгасан байна.

Бусад асуудал гэдэгт тухайлбал, Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэх зэрэг багтаж буй бөгөөд Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы завсарлагааны хуга¬цаанд гаргасан тул гаргасан тул  УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн орчин үүсч буй юм байна.

УИХ-ын Тамгын газраас дээрх асуудлуудын хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангахаар эрчимтэй ажиллаж байгаа гэж тэрээр сүүлд нь хэлээд “Энэ хаврын чуулган сонгуулийн үетэй давхцаж байгаагаараа онцлогтой. Өмнөх жилүүдийг харахад чуулганы үйл ажиллагаа тавдугаар сарын аравд хүртэл эрчимтэй өрнөн,  түүнээс хойш чуулган түр завсарладаг практик байгаа. Тиймээс энэ асуудлыг тухайн үед нь шийдвэрлэхээр УИХ-ын даргын зөвлөл тогтсон” гэлээ. .

Мөн төгсгөлд нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэх асуудлын дарааллын хаахна яваа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын тус тус өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл одоо хэлэлцүүлгийн нэгдүгээр шатанд яваа. Хууль зүйн талаас аль ч хувилбараар шийдэж болох бэлтгэлийг үндсэнд нь хангасан. Бусад асуудлын хүрээнд энэ асуудлыг хэлэлцье, бэлтгэлийг хангаач, намын бүлгүүд саналаа нэгтгээч гэсэн чигийг УИХ-ын дарга зөвлөлийн хурал дээр өгсөн байгаа. Тийм болохоор бусад асуудлын хүрээнд ярилцах боломжтой” гэж хариулсан юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж