Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 21-нд тарааж дуусна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 21-нд тарааж дуусна

Өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр иргэний цахим үнэмлэхийг ирэх зургадугаар сарын 21 гэхэд тарааж дуусна гэдгээ мэдэгдлээ. Уржигдар буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан иргэний үнэмлэхийг тараах ажлын хэсгийн анхдугаар хурал болж, иргэний үнэмлэхийг хэвлэх, түгээх, тараах хуваарийг албан ёсоор баталсан байна. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 498 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан иргэн бүрт шууд олгох ажээ. Иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил ирэх сарын 6-нд албан ёсоор эхлэх юм. 21 аймгийн иргэний үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл тараах бол нийслэл, дүүргүүдийн иргэний үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс зургадугаар сарын 9-ний хооронд бүрэн хэвлэж дуусгахаар төлөвлөж байгаа ажээ. “Иргэний үнэмлэхийг тараах ажлыг Дорнод аймгаас эхлүүлнэ. Уламжлал, бэлгэдлээ бодсон ч тэр энэ аймгаас эхлэх нь зөв гэж үзсэн. Дараа нь баруун таван аймагт тарааснаар аймгуудад зургадугаар сарын 9-ний өдөр гэхэд тарааж дуусна гэж үзэж байгаа. Алслагдсан аймгуудад бид онгоцоор хүргэх бол авто зам тавьсан аймгууд руу өндөр хамгаалалтан дор машинаар хүргэх юм. Аймаг, сум, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга нараар дамжуулан иргэн бүрт цахим үнэмлэх тараахаар төлөвлөж байна” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа ярилаа.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хаяг дээрээ байхгүй тохиолдол бага зэрэг ажиглагдаж байгаа бөгөөд энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх юм байна. “Иргэд бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй тохиолдол гарч байгаа. Гэхдээ бага зэрэг. Үүнийг бид арилгахын төлөө ажиллаж байна. Гэхдээ тийм их биш учраас нэг их асуудал үүсгэхгүй болов уу” гэж Л.Амарсанаа ярьсан юм. Аймаг, нийслэлээр тараагдах цахим үнэмлэх маш өндөр хамгаалалтын дор түгээгдэх учраас замаасаа алдагдах, хулгайд өртөх тохиолдол гарахгүй гэдгийг албаны хүмүүс баталж байсан юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Датакарт компанийн иргэний үнэмлэх хэвлэх “МХ 6000ТМ” маркын хоёр машиныг оруулж ирсэн байна. Эдгээр машинууд нь нууцлалын төхөөрөмж, программ хангамжийн хувьд бүрэн гүйцэд орж иржээ.  Нэг хэвлэх машин хоногт 21 цаг ажиллаж, хоногт дунджаар 21600 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Ийнхүү хэвлэгдэж бэлэн болсон иргэний үнэмлэхийг нислэг үйлддэг есөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст онгоцоор хүргүүлэхийн зэрэгцээ хэвлэгдэн иргэний үнэмлэхийг нэг ч хоног саатуулахгүйгээр түгээх ажлыг орон нутгийн нэгжид хариуцуулах ажээ. Мөн нислэг үйлддэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж