”ЗГ-ын гишүүд зоригтой, хурдтай ажиллах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

”ЗГ-ын гишүүд зоригтой, хурдтай ажиллах ёстой”

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Ламбаатай ярилцлаа.


-Сайдын албаа өгчихөөд той­рогтоо очихоор сонгогчид зэмлэж байна уу. Та нэлээд олон хоногоор Архангай аймагт ажиллачихаад ирлээ?

-Архангай аймгийн 17 суманд ажиллаад ирлээ. Урин цаг ирж төлийн дуу цангинаад хөдөө нутагт сайхан байна. Малчин түмэн маань ёстой борви бохисхийхгүй зүтгэж байна. Сумын төвд иргэдтэй уулзалт хийж, багуудын зарим хот айлаар бууж малчидтай ярилцаж нийгмийн чиглэлийн хууль, тогтоолуудыг танилцууллаа. Зэмлэлийн тухайд янз бүр л байна. Ерөнхийдөө яагаад Ардчилсан нам Засгийн газраас гарав, эцсийг нь хүртэл зүтгээд дуусгахгүй яасан юм бэ гэсэн асуултыг манай намынхан ч,  нөгөө намынхан ч тавьж л байна. Хэдийгээр хүмүүс зэмлэж, дэмжиж янз бүрийн үг хэлж байсан ч надад хандаж Та эрүүл мэндийн сайдын албыг төрийн хүн шиг хашиж, их зүйл хийсэн шүү гэж хэлж байна лээ.

-Та ямар хариу барив?

-Бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн учраас УИХ дахь олонхийн бүлэг нь Засгийн газраа дангаараа аваад явахад болохгүй гэх газаргүй. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноор олон жил саатаж байсан тодорхой  төслүүдийг хөдөлгөөнд оруулсан. Үр дүн янз бүр байгаа ч эвийг эрхэмлэж хоёр нам хамтарч ажилласны хүчинд тодорхой ахиц дэвшил гарсан. 2008 онд манай нам тухайн үеийн МАХН-ын саналыг хүлээн авч улс төрийн шийдвэр гарсанаар бидний зургаан сайд Засгийн газарт орж ажилласан. Бид гурван жил дөрвөн сар зүтгэж хариуцсан салбартаа олон ажлуудыг хийж амжуулсан. Тэгээд 2012 оны нэгдүгээр сард намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан гэдгийг тайлбарласан.

-Таны хариуцаж бай­сан эрүүл мэн­дийн салбарт бодитой ажлууд хийг­дэж чадсан уу.  Эрүүл мэндийн даатгалд иргэд сар бүр шимтгэл төлдөг ч эмнэлгээр үйлч­лүүлэх бүрийдээ төлбөр төлж байна. Эмнэлгүүд ч бахь байдгаараа л…?

-Хамтарсан Засгийн газрын үеийн Эрүүл мэндийн сайдаар ажил­ласан хүний хувьд хэлэхэд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт бодитой бүтээлч ажлуудыг хийж чадсан гэж ам бардам хэлнэ. 2008 онд сайд болоход Эрүүл мэндийн  сайдын багцад 213 тэрбум төгрөг байлаа, одоо 506 тэрбум боллоо. Эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш ховор, зөвхөн “эрүүл мэндийн салбарын хөгжил” нэртэй хоер төсөл  хэрэгжиж байсан. Тэгвэл өнөөдөр Азийн хөгжлийн банкны гурав, дөрөв дэхь төсөл хэрэгжиж байна. АНУ-ын ММСС-ын 39,2 сая ам долларын буцалтгүй тусламжийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авлаа. БНСУ-ын 55 сая ам долларын зээлд хамрагдаж, Үндэсний оношлогооны төв барихаар болсон. Нийт дүнгээрээ эрүүл мэндийн салбарын зээл тусламж гуравхан жилийн хугацаанд 280 тэрбумд хүрсэн. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарт технологийн том шинэчлэлийн суурь тавигдаж байна гэсэн үг.  Хамтарсан засгийн газрын үед эрүүл мэндийн салбарт асар их  бүтээн байгуулалтын суурь тавигдсан гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байна.

-Шинээр эмнэлгүүд баригдаж байгаа гэж үү. Би л хувьдаа нийслэлд шинээр эмнэлэг барьж байгааг олж хараагүй?

-Болиорой…, Шар хаданд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дөрвөн том корпус баригдаж байна, нэг, гуравдугаар амаржих газрыг 150 ортойгоор тус тусад нь шинээр барьж байна. Яармагийн дэнжид 500 хүний суудалтай спортын ордон ашиглалтад орсон, түүний урьд 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг нийслэлийн эхчүүдэд зориулаад барьж байна. Ахмадууддаа зориулаад Геронтлогийн төвийг барьж байна. Геронтлогийн төвийн зорилго бол ахмад настнуудад эмчилгээ сувилгаа тэр бүх үйлчилгээг үзүүлэх ёстой. Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүдийг иргэд ялангуяа хөдөөнийхөн их шүүмжилдэг. “Ачааллаа даахгүй юм, оочер ихтэй, 20 хоног хүлээх  юм” гээд л. Үнэн шдээ. Олон жил эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хаяж ийм байдалд оруулчихсан байсан. Тийм л учраас Улсын клиникийн төв эмнэлгийн 1931 оны барилгыг нураагаад найман давхар хоёр барилга барьж байна. Гуравдугаар эмнэлгийг өргөтгөж байна. Харамсалтай нь, орчин тойронд нь газрын зохион байгуулалт алдагдсанаас болж гуравдугаар эмнэлэг харагдах ч үгүй болсон. Азийн хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээл авч нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төсөл хэрэгжиж байна. УИХ-аас баталсан Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар аймаг, дүүргийн эмнэлгийг яг ижил статустай болгосон. Тодруулж хэлбэл, дүүргийн эмнэлэг нь төрөх, гэмтэл, мэс заслын тасагтай байна гээд заагаад өгчихсөн.  Тийм учраас энэ жил Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг жинхэнэ загвар эмнэлэг болгох учиртай. Орон нутагт гэхэд аймгуудад 50 ортой төрөх эмнэлэг, 30 ортой Халдварт сүрьеэгийн эмнэлэг барьж байна.

-Халдварт, сүрьеэгийн эмнэлгүүд аймаг бүрт л байсан шүү дээ, тэдгээр нь хаачсан юм, дахиж шинээр барина гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Монгол Улс эрүүл мэндийн салбарт бодлогын алдаа их гаргасан байсан. Халдварт өвчин буурлаа, төрөх эхчүүдийн тоо буурлаа гээд эмнэлгүүдээ татан буулгаад нэгдсэн эмнэлэг рүүгээ шилжүүлээд, байрыг нь хувьчлаад үрэн таран хийчихсэн. Эхчүүдийн төрөлт нэмэгдээд, халдварт өвчин ихсээд ирэхээр нэгдсэн эмнэлэгтээ багтаж шингэх аргагүй болсон. Тийм учраас сайд байх хугацаандаа салбарын тогтолцоог өөрчилж, бүтээн байгуулалтын хүрээнд дээрх ажлуудыг эхлүүлсэн. Хамгийн харамсалтай нь, таны асуусан эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хуулиа батлуулж чадаагүй. Уг нь Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хамтарсан тушаал гаргаад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нь өргөтгөөд оношийн бүлгээр даатгал төлдөг тогтолцоонд шилжүүлсэн. Яагаад гэвэл ор хоногт таарсан даатгалын мөнгө төлдөг тогтолцоотой байхаар хамаг мөнгийг зөвхөн хэвтэж байгаа хүнд л  өгдөг. Өөр юунд ч өгдөггүй байлаа. Хамтарсан тушаал гарснаар хэвтэж эмчлүүлэхэд, гэрээр эмчлүүлэхэд,  амбулаториор үзүүлэхэд, оношлогоо хийлгэхэд, клиник сувилалд явахад уламжлалт эмчилгээ хийлгэхэд даатгалаас мөнгө олгохоор болгож тарифыг нь тогтоож өгсөн. Жишээлбэл, тархины мэс засалд орж байгаа иргэн даатгалаас 650 мянган төгрөг авах жишээтэй. Жирийн хэвтэн эмчлүүлж байгаа хүн 200, 300 мянган төгрөгийг даатгалаас авах жишээтэй. Ер нь даатгалд чинь хоёр, гуравдугаар шатлал буюу аймаг, дүүргийн эмнэлгүүд, Эрүүл мэндийн яамны харьяа 16 том нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүд хамрагддаг юм шүү дээ.

-Тэгэхээр Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталсан хэдий ч даатгалын тогтолцоо руу хандсан өөрчлөлт бол гарч чадаа­гүй гэсэн үг үү?

-Даатгалын тогтолцоо тусдаа хуулиар зохицуулагдана. Гэхдээ Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цоо шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, хүнийг өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх, хүнийг эрүүл байлгах тогтолцоонд шилжүүлсэн. Өнөөдөр өрхийн эмнэлэг, сумын эмнэлгүүд бүгд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв гэсэн нэртэй боллоо. Ингэснээр тухайн эмнэлгүүд харьяалж байгаа хүнийхээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанартай хийх ёстой. Монгол Улс их алслагдсан бүс нутгуудтай учраас сум орон нутгийн эмнэлгүүдийн 10 орыг хэвээр үлдээсэн. Дэлхийн улс орнуудад анхан шатны тусламж үйлчилгээ оргүй байдаг. Нөгөө талаасаа 1000, 2000 хүнтэй баг хүртэл байгаа. Тэр тохиолдолд сумынхаа эрүүл мэндийн харьяа салбар эрүүл мэндийн төвтэй байхыг хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ хуулийн хүрээнд эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг  шийдвэрлэж чадсан. Тухайлбал, эмч, сувилагч, бага эмч, мэргэжилтнүүд суманд ажиллаж байвал гурван жил тутамд, аймагт ажиллаж байвал таван жил тутамд  зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний, мөнгөн тэтгэлэг авна. Тэр байтугай суманд ажиллаад тэтгэвэрт гарвал 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Сумандаа арван жил ажиллаад аймгаасаа тэтгэвэрт гарах юм бол 24 сарын тэтгэмж авах жишээтэй. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа жолооч, асрагч нар тэтгэвэрт гарах бол 18 сарын тэтгэмж авахаар хуульчилж өгсний зэрэгцээ суманд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд Улаанбаатар хотод таван жил тутамд мэргэжлээ дээшлүүлдэг тогтолцоог хуульчилж өгсөн. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдад таван жил тутамд нэг хоногийн амралт хүртэл нэмж өгсөн.  Энэ бол эрүүл мэндийн салбарт хийсэн том шинэчлэл. Энэ тогтолцоог Боловсролын тухай хуульд оруулахаар өнөөдөр хэлэлцэж байна. Дархлаажуулалтын тухай, мансууруулах болон сэтгэцийн эмийн эргэлтийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад өөрчлөлт орууллаа. Үр дүнд нь товлолын вакциныг олон улсын байгууллагын шугамаар авахаар болж, мансууруулах болон сэтгэцийн эмийг худалдах зарчмыг өөрчиллөө. Бидний өргөн барьсан том хууль бол Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль. Харамсалтай нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо маш удаан ажилласанаас болж жил зургаан сар болоход батлагдсангүй. Уг нь их хурал өргөн барьсан хуулиудыг маш богино хугацаанд хурдан хэлэлцээд баталчих ёстой байхгүй юу. Тамхины хяналтын тухай хууль гурван жил болох гэж байна гээд боддоо. Нөгөө л сонирхлын зөрчлөөс болоод батлагдсангүй.

-Иргэний эрүүл мэндийн даатга­лын тухай хуулийг баталчих юм бол ямар ахиц дэвшил гарах вэ, даатгуулагчийн хувьд жишээ нь?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталчих юм бол даатгалын байгууллага бие дааж, даатгуулагчаас авсан мөнгийг чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ болгож хувиргах бололцоо бүрдэнэ. Өндөр өртөгтэй оношлогоо, эмчилгээний зардалд шаардах хөрөнгийн тодорхой хувийг даатгалаас гаргахаар хуульд тусгасан.  Жишээ нь, өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 50 сая төгрөгөөр Монголд хийж байна. Энэ 50 сая төгрөгийн 70 хувийг даатгалаас төлдөг болгочих юм бол 35 сая төгрөгийг даатгалаас 15 саяыг нь өөрөө төлнө гэсэн үг. Ингэж байж иргэн хүн даатгал төлсөнийхөө үр шимийг хүртэх ёстой. Өнөөдөр баахан даатгал төлчихөөд даатгалынхаа үр дүнг үзэж чадахгүй байна шүү дээ.  Тэгэхээр энэ хуулийг шахаж шаардаж байгаад хаврын чуулганаар батлуулах болно.  Дахин хэлэхэд, таван жил, арван жил даатгалд хамрагдчихсан мөртлөө даатгалаас мөнгө аваагүй байх юм бол урамшуулал ч хүртэл олгох ёстой. Тэр бүхнийг энэ хуулиар зохицуулах ёстой.

-Хуулийг баталлаа гэж бодъё, гэтэл нөгөө улсаар даатгалаа төлүүлчихээд ор эзэгнээд яваад байдаг хэсгүүдийг яах вэ. Жишээ татахад,  хавар болонгуут л хөгш­чүүл тэр аяараа эмнэлгийн оруу­дыг эзэгнэдэг, бие нь тэгтлээ мууд­чаагүй. Гэтэл тэднээс дор биетэй хүн хэвтэх гэхээр ор олддоггүй, энэ хуулийн хү­рээнд зохицуулагдаж чадах уу. Нөгөө­тэйгүүр, тэдэнд зориулж улсаас өгдөг даатгалын мөнгө нь маш бага. Тэгэхээр даатгалд их мөнгө төлж байгаа хэсэг нь мөн л ор олдохгүй байна гээд л үйл­чилгээ авч чадахгүй яваад байх юм биш үү?

-Хүн амын ихэнх хувийг эзэлж байгаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Төр хариуцдаг мөнгө дэндүү бага. Сард 670 төгрөг. Намайг сайд байх хугацаанд  500 төгрөг байсныг 670 төгрөг болгосон юм. Бодит тооцоогоор бол төр наад зах нь 3000 төгрөгийг сар тутам төлмөөр байгаа юм. Ингэвэл даатгалын сан арвижна. Аривжихын хэрээр эрүүл мэндийн даатгал хүндээ  хүрнэ. Үнэхээр  өнөөдөр даатгалд өндөр төлбөр төлж байгаа хэсэг эмнэлэгт хэвтэж чаддаггүй юм ш дээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 70 хувь нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэгэхээр яах ч аргагүй эдгээр хүмүүсийн даатгалын мөнгийг төр нэмэх л ёстой болж байгаа юм.  Өнөөдөр манайд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна, ойрын хугацаанд чөмөг, ясны хэм шилжүүлэн суулгах мэс засал хийнэ. Зүрхний, тархины том мэс заслууд хийж байна. Энэ өндөр өртгийг ард түмэн даахгүй байна.  Үүнийг хэн урдаас нь төлөх ёстой юм, нөгөө л эрүүл мэндийн даатгал байхгүй юу. Намайг сайд болж байхыг бодоход даатгалын хөрөнгө 216 тэрбум төгрөгт хүрч хоёр дахин шахуу өссөн байна. Ийм хэмжээнд хүрсэн нь даатгалд хамрагдаагүй байсан 400 мянга орчим хүний 9.3 тэрбум төгрөг төрөөс гаргаж, даатгалд хамруулсантай холбоотой. Одоо Монголд даатгалд хамрагдаагүй нэг ч хүн байхгүй. Одоо бидний өргөн барьчихаад байгаа хууль бол бүгд заавал даатгалд хамрагдахаар байгаа. Цаашдаа даатгалтай хүн баталгаатай оношлогоо эмчилгээ хийлгэдэг тогтолцоог л нэвтрүүлэх ёстой.

-Төрөөс даатгалыг нь төлж байгаа иргэдийн мөнгийг нэмэх шаардлагатай гэж хэллээ. Төрд мөнгө байгаа юу?

-Байлгүй яахав. Янз бүрийн хөтөлбөрт хэдэн зуун тэрбумаар нь зарж л байгаа ш дээ. Төр байгаа хөрөнгөөсөө нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарт л зарцуулах ёстой. Өнгөрсөн онд Хятадын зээлээс  “Цахим эрүүл мэнд”,  “ХХI зууны боловсрол” төсөлд  60 саяыг арай л гэж авсан. Би нэг асуудлыг дандаа хэлдэг. Юу вэ гэвэл гадны зээл тусламжийг битгий олон тийш нь тараагаач ээ гэж. Жишээлбэл БНСУ-ын 300 сая ам.долларын зээлээс 55 саяыг Үндэсний оношлогооны төвд авсан. Уг нь бүгдийг нь эрүүл мэндийн салбарт авахад л энэ салбарыг бүхэлд нь нэгмөсөн шинэчлэнэ шүү дээ. Тэгэхэд өнөөдөр тууштай хөөцөлдсөний хүчинд Үндэсний оношлогооны төвийн зээлийн гэрээ л батлагдаж байна. Бусад зээлийн гэрээ хийгдээгүй л байна. Тэгэхдээ 55 сая ам.долларын зээлд хамрагдаж  Үндэсний оношлгооны төвтөй болох гэж байгаа нь миний хувьд бахархах зүйл мөнөөс мөн.  Энэ оношлогооны төв баригдсан тохиолдолд монголчууд гадаад руу явах тухай ойлголт байхгүй. Үүнтэй холбогдуулж хэлэхэд оношлогооны төв баригдсан тохиолдолд гадгаш нь монголчуудаа зөөж бизнес хийдэг тогтолцоог зогсоох ёстой.

-Хоёрдугаар эмнэлгийг түшиглээд оношлогооны төв байгуулна гэ­хээр зөвхөн сайд дарга нар болоод төрийн албаны өндөр албан ту­шаалтнуудад үйлчилдэг болчих юм биш байгаа даа?

-Хоёрдугаар эмнэлэг дарга нарын эмнэлэг байхаа болиод удаж байгаа шүү дээ. Төрөлжсөн нарийн мэргэжлээр иргэдэд үйлчилдэг оношлогоо эмчилгээний  үндэсний том төв байх болно. Монгол Улсын нийт иргэнд үйлчилнэ. Бусад эмнэлэгт байгаа өвчтөний нарийн шинжилгээг ч хийх тохиолдол байх шүү дээ. Гэхдээ манай том эмнэлгүүд өөрийн гэсэн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангагдах ёстой.

-Манай эмнэлгүүд тэгээд хэр зэ­рэг хангагдаж байгаа вэ?

-Сүүлийн гурван жилд тоног төхөөрөмжийн шинэчлэл харьцангуй сайн хийгдэж байгаа. Угаасаа олон жилийн хоцрогдлоос гарахад хугацаа хэрэгтэй. Миний түрүүнд хэлсэн гадаадын 280 тэрбум төгрөгийн зээл тусламж бүхэлдээ тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулагдана. Зүрхний төв, Харвалтын төвд гэхэд Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаас 10 орчим мянган долларын тоног төхөөрөмж тавигдана. Хавдар судлалын үндэсний төвд Австрийн зээлээр хавдрын туяа эмчилгээний шугам, MRI, ангографын аппаратууд тавигдана. Тэр цагт иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ улам шуурхай, илүү чанартай болох болно. 

-Гэхдээ эрүүл мэндийн салбарт болов­сон хүчнийг бэлтгэх асуудал орхигдчихоод байгаа юм биш үү. Өчнөөн тэрбум төгрөгөөр өр зээл тавьж байгаад том том аппарат тавьдаг ч ажиллуулж мэддэггүй гэх юм билээ ш дээ?

 -Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын шинэчлэл маш том асуудал болж хувирсан. Тийм учраас 2011 онд 600 гаруй хүнийг гадаадад явуулж мэргэжил боловсролыг нь дээшлүүлсэн. Багаар нь явуулж мэргэжлийг нь дээшлүүлэх тогтолцоог нэвтрүүлсэн. Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг 22 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багийг хэд, хэдэн удаа БНСУ-руу явуулж сургаснаар эцсийн эцэст элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийдэг болсон. УКТЭ-т 600 сая төгрөг өгч элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөм авсан. Сүүлийн хоёр хүний мэс заслыг өөрийнхөө тоног төхөөрөмж дээр хийлээ шүү дээ. Одоо манай эмч нар чөмөг, ясны хэм  шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болохын тулд мөн л суралцахаар багаараа Солонгос руу яваад л байгаа. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болохын тулд эхний ээлжинд 300 сая төгрөгийг УИХ-аар батлуулж тоног төхөөрөмж авсан. Мэдээж техник технологийн дэвшлийг дагаад эрүүл мэндийн салбарт цоо шинэ зүйлүүд бий болж байна. Түүнийг дагаад эмч хүн чагнуур бариад та ийм тийм өвчтэй юм байна гэж оношлодог цаг ард хоцорлоо. Автомат тоног төхөөрөмжийн мэдээллийг зөв тайлж унших л чухал болж байна. Тэгэхээр 10, 20 жилийн өмнө анаагахын сургууль төгссөн хүмүүсийг дахин сургах зайлшгүй шаардлага гарч байна. Өөрийн тань хэлдэг үнэн л дээ. Жишээ нь, Архангай аймгийн сумдын бүх эрүүл мэндийн төвд 17 төрлийн онош тавих  хүчин чадалтай хагас автомат анализатор тавьсан. Эмч гараад ирсэн оношийг зөв уншихын тулд суралцах ёстой болж байна. 

-Тэгэхээр таны хувьд боловсон хүчнийг бэлтгэх талд хийж ам­жаа­гүй ажил байна аа гэж дүгнэж болох нь ээ?

-Би ганцхан л юманд харамсч байгаа, эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэж байгаа тогтолцоог нь өөрчилье гээд чадаагүй. Эрүүл мэндийн боловсрол олгодог их дээд сургуулиуд Боловсролын яаманд харьяалагддаг. Үнэнийг хэлэхэд Эрүүл мэндийн яамтайгаа ямарч холбоогүй мөртлөө чанаргүй хэдэн мэргэжилтэн бэлтгэж энэ салбарт шахдаг тогтолцоо л оршин тогтнож байна. Би олон удаа  сургуулийн удирдлагуудтай уулзаж, Эрүүл мэндийн яамны давхардмал харьяалалд орох хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд яамны харьяа 16 том эмнэлэг, үндэсний төвүүдтэй холбож өгье гэж санал тавьсан. Даан ч хүлээж аваагүй.  ЭМШУИС-д суралцаж байгаа оюутнууд өдөр нь онолын хичээлдээ суугаад  шөнө нь эмнэлгүүдэд цаг наргүй ажиллах ёстой. Тэгэж байж л эмч , сувилагч болно. 

-ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй бол­но ч билүү, УИХ-аар Эрүүл мэндийн тухай хуулийн ши­нэчилсэн найруулгыг хэлэл­цэх үед тийм юм яригдаад байсан шиг санагдах юм. Тэр асуудал юу болсон бэ?

-ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй болно гэдэг л юм. “Эрхэс” гээд жижиг эмнэлэгтэй л дээ. Тэрэндээ дадлага хийдэг юм шиг байгаа юм, оюутнууд. Тэглээ гээд яаж том нэгдсэн эмнэлгүүдийг гүйцэх вэ дээ. Хавдар судлалын, халдварт өвчин судлалын,  арьс судлалын төвийн, 1,2,3-р эмнэлгийн, цусны төвийн, эмгэг судлалын төвийн баазыг бүрдүүлж оюутнуудаа сургана гэдэг тийм ч амархан асуудал биш. Тийм учраас би ЭМШУИС-ийг Эрүүл мэндийн яамны харьяанд ирж энэ том эмнэлгүүдийг өөрийнхөө бааз болгох ёстой л гэж үзсэн. Даан ч сургуулийн удирдлагад тийм сонирхол байдаггүй юм билээ. Өнөөдөр манай эмч мэргэжилтнүүд сургууль төгсөгчдийн мэдлэг боловсролыг үнэхээр голж байгаа. Эмч хүн бол хүний амь настай холбоотой мэргэжил учраас төрийн бодлогоор зохицуулах ёстой гэж бодож байгаа. 

-Сургуулийн удирдлагуудаас дээ­гүүр бүр давж асуудлыг тавьж үзсэн үү. Иргэд бол хэлдэг л  дээ, “Жор бичиж чадахгүй хэрнээ сургуулиа төгсчихсөн, ажилд ор­чих­сон хүмүүсийг “алж” байна аа гэж…?

-Засгийн газарт хоёр удаа асуудал тавьсан ч хөдлөөгүй. Манай Боловсролын яамныхан хөдлөхгүй байгаа юм. Боловсролын яам сургалтын төлөвлөгөө агуулгыг батлаад салбарын яамдууд нь мэргэжил арга зүйгээр хангаж, материаллаг байзыг нь бүрдүүлэх үүрэг хүлээх хэрэгтэй. Ер нь тэгээд хэдий болтол ингэж дэргэдээ уях гэсэн юм, салбарынх нь яаманд шилжүүлэх л хэрэгтэй. Хүнс хөдөө аж ахуйн яаманд  ХААИС-ийг өгөх хэрэгтэй. Авах гээд байгаадаа биш, салбарынх нь яам сургуульдаа туслах ёстой байхгүй юу. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал ороход хаа очиж Ц.Нямдорж сайд “Эд чинь ямар авах гээд байгаа юм уу, тусалъя гээд байна шүү дээ” гээд дэмжиж байсан. Үнэхээр ч туслах л гэж байгаа байхгүй юу. Хуучин нэгдүгээр эмнэлэгт анагаахын оюутан гэдэг чинь битүү л байлаа ш дээ. Одоо хэдэн тийшээ харчихсан л байгаа ш дээ. Ер нь эрүүл мэндийн яамнаас хамаг юмыг салгаж завхруулсан байдаг. Жишээлбэл 5000 жилийн түүхтэй уламжлалт анагаах ухаан өнөөдөр дампуурах гэж байна. Яагаад гэвэл мэргэжлийн удирдлагаггүй болчихсон. Уламжлалт анагаах ухааны корпораци нь эрүүл мэндийн яамандаа байдаггүй, нөгөө л Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн сайдын багцаас 70 хувийн санхүүжилтээ авдаг тэр корпорацийг удирдаж юу хийх юм бэ. Угтаа  Уламжлалт анагаах ухааны корпораци Монгол даяар байж байгаа уламжлалт анагаах ухааны салбаруудыг мэргэжил, арга зүйгээр хангаад ажиллах ёстой. Рашаан сувилалаас өнөөдөр “Оргил” л төрийн мэдэлд үлдсэн байгаа юм. Бусад нь бүгд хувьчлагдсан, зарим нь бүр алга болсон. Тэр байтугай Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяанд зарим рашаан,сувилал байдаг гээд бодчих. Гэтэл рашаан сувилал гэдэг хүнээр тоглож болдог газар биш.  Зүгээр очоод залгилж байдаг ус ч биш. Тийм учраас “Оргил” рашаан сувиллыг төрийн өмчийн хорооноос авч, Эрүүл мэндийн яамны харьяанд нь буцааж оруулах ёстой. 2006 онд Төрийн өмчийн хороонд шижлүүлсэн байгаа юм ш дээ. Энэ бол нэг хэсэг хүмүүс хувьчилж авах гээд холдуулаад байгаа хэрэг. 

-Та эмч нарын чадварт итгэдэг үү?

-Эрүүл мэндийн салбарыг шинэчилж, өөрчилж чадвал энэ салбар Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэж чадна гэж боддог. Би эмч, мэргэжилтнүүдээ голдоггүй, Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ сайхан туршлагатай эмч мэргэжилтнүүдийн гарт нь тоног төхөөрөмжийг нь бариулаад, цалингийнх нь сүлжээнээс гаргаад, барилга байгууламжийг нь сайхан болгоод өгчихвөл Монголын эмч нар хэний ч дор орохгүй. Гадаадаас элэг, зүрх шилжүүлэх эмч нар ирээд “Танай эмч нар үнэхээр чадалтай чадвартай” л гэдэг. Ганцхан тэр тоног төхөөрөмжийг нь хангаад өг гэж захидаг. Хоёр жилийн дараа гэхэд тоног төхөөрөмжийн хангамж сайжирна.

-Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэл­баатар сайдыг томилогдох үед та тодорхой санал бодлоо хэлж бай­сан. Хэр зэрэг ажиллаж байна даа?

-Эрүүл мэндийн шинэ сайд маань надтай гурван жил хамт ажилласан болохоор миний бичих боловсруулах, илтгэх, хүнтэй харьцах, ажилд шуурхай, хурдтай хандах гэх мэт зүйлээс сурсан байлгүй дээ. Би өөрийгөө магтаж байгаа юм биш, төрд олон жил ажилласан хүний хувьд төрийн ажлыг ингэж хийдэг гэдгийг мэддэг учраас ажилд хариуцлагатай, шуурхай хандахыг хичээдэг. Хүрлээ маань эмнэлэгүүдээр  л яваад байх шиг байна. Надтай хамт их л явсан болохоор бүх юмаа мэдэх учиртай. Хамгийн гол нь өнгөрсөн гурван жилд эхлүүлсэн ажлаа дуусгахад л гол нь анхаарах хэрэгтэй. Яагаад гуравдугаар амаржих газар баригдахгүй байна. Яагаад хавдар судлалын төвийн өргөтгөл зогсоод байна. Австрийн зээлийн гэрээ юу болж байна гэдэгт анхаарал тавьж явах хэрэгтэй.  Би сайд байхдаа өглөөний онгоцоор Солонгост очоод, өдөр нь Эрүүл мэндийн сайдтай уулзаад, “Асана” төвийн ерөнхийлөгчтөй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад оройны онгоцоор Монголд буцаж ирж байлаа. Тэр гэрээний үндсэн дээр элэг шилжүүлээд л эхэлчихсэн шүү дээ. Сайд хүн ингэж  хурдтай ажиллах ёстой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж