”Эх дэлхийн цаг” гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

”Эх дэлхийн цаг” гэж юу вэ?

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. 

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Сан Франциско хот дахь Голден Гейт гүүр, Ромын Колизейн задгай театр, Сидней хот дахь дуурийн ордон, Тайм талбайд байрладаг сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.

“Эх дэлхийн цаг” хаанаас эхэлсэн бэ?

Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна.

2008 онд

Анх зохион байгуулагдсанаас нь хойш нэг жилийн дараа 35 орон энэхүү хөтөлбөрт нэгдэхээ мэдэгдсэн юм. Дэлхийн томоохон хотууд тухайлбал, АНУ-ын Чикаго хотын “Виллс” цамхаг, Атланта хотын Америка банкны барилга, Нью-Йорк хотын Эмпайр стейт билдинг, Италийн Ром хотын Колизейн задгай театр, Их Британийн Ливерпүүль хотын “Роял Ливер” банкны барилга, Норвейг Лидаросын сүм зэрэг уран барилгын төгс шийдэл болсон дэлхийд алдартай барилгууд нэг цагийн турш гэрлээ унтраасан. “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн албан ёсны цахим хуудаст л гэхэд тухайн өдөр 6,2 сая хүн зочилсон гэсэн тооцоо бий. Мөн “Эх дэлхийн цаг”-ийн АНУ дахь үйл ажиллагааг интернетээр үзүүлсэн Зогби цахим хуудаст 36 сая хүн зочилжээ. Эх дэлхийн цагт анх удаа Гүүгл компани нэгдэж цахим хуудасны эхлэл хэсгийг тас хар өнгөөр сольж олон нийтэд хүргэсэн байна.

2009 онд

“Эх дэлхийн цаг”-т дэлхийн 88 орны, 4159 хот нэгдэхээр болов. Зөвхөн АНУ-д л гэхэд найман мужийн 318 хотын 80 сая иргэн нэгдсэн юм. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбар хороо энэхүү хөтөлбөрийг албан ёсоор дэмжиж байгаагаа олон нийтэд зарласан юм. Өмнө нь нэгдэж байсан алдартай байгууламжууд дээр НҮБ-ын төв байр хүртэл нэгдлээ. Канадын Торонто хот эрчим хүчнийхээ хэрэглээг 15,1 хувиас, 6,1 хувь хүртэл бууруулах уриалгыг дэвшүүлэн олон нийтэд сурталчилсан байна. Шведэд гэхэд тухайн улсын алдартай брендүүд хаяг, шошгоо нэг өдөр хав хар өнгө болгосон төдийгүй Кока-Кола, Орбит, Швед улсын дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь хүртэл хар өнгөөр нэг өдрийн турш бүтээгдэхүүнээ худалдсан ажээ.

2010 онд

“Эх дэлхийн цаг”-т дэлхийн 126 орон нэгдэхээр болов. АНУ-д энэхүү хөтөлбөрт нэгдсэн хүмүүсийн тоо 90 сая болж өссөн ажээ. Шөнө унтдаггүй гэх тодотголтой Лас Вегас хүртэл нэгдсэн бөгөөд Рашмор ууланд байх дөрвөн ерөнхийлөгчийн хөшөө нэг цагийн турш гэрэлгүй болсон байна. Их Британи улс Лондон хотод байх Биг Бений цагийг 60 минутын турш унтраахаар болов. Хятад улс Хаалттай хотоо бас нэг цагийн турш гэрэлгүй байлгахаа зарласан юм. Эх дэлхийн цагт National Geographic Asia, Cartoon network зэрэг томоохон сувгуудаас гадна нэгдэн орсон бүх улсын томоохон телевизүүд дэмжин ажилласан байна.

2011 онд

Харин 2011 онд дэлхийн 135 орны 5200 хот суурингийн 1,8 тэрбум хүн нэгджээ. Энэ жилийн “Дэлхийн цаг” түүхэндээ хамгийн их хүнийг хамруулсан жил нь болсон юм. Энэтхэг улсад л гэхэд Дели хотын менежер Шейла Диксит, Болливудын од Видя Балан зэрэг алдартай хүмүүс оролцож гуравдугаар сарын 26-ны оройн 8:30-9:30 цаг хүртэлх нэг цагийг иргэдтэйгээ хамт өнгөрүүлжээ. Үүнээс гадна Азербайжан, Филиппин, Вьетнам зэрэг улсуудад ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Олон нийтийн хамгийн орох дуртай You tube сайт л гэхэд бүх бичлэгийнхээ хажууд хар цагаан болгох гэдэг сонголтыг энэ өдөр нэмжээ. Ийнхүү хар цагаанаар бичлэгээ үзэх боломжийг хүмүүст нэг цагийн турш олгосон юм.

2012 онд

Энэ жилийн хувьд “Таны амлалт миний урам зориг” уриан дор “Эх дэл­хийн цаг” дэлхийн өнцөг булан бүрт зо­хиогдож байна. Өнгөрөгч хоёрдугаар сард Фейсбүүк, Твиттер зэрэг олон ний­тийн сүлжээний томоохон компаниуд нэг­дэн оролцохоо мэдэгдсэн юм. Уламж­­лал ёсоороо дэлхийн томоохон байгуу­ламжууд гэрлээ унтрааж, эх дэлхий нэг цагийн турш харанхуйн дунд байх юм.

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл

Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа, чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж өнгөрсөнд тохиолдсон харамсах сэтгэлдээ зул болгон өргөх гэх мэт бэлгэдэлтэй. 60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

Эх дэлхийн цагтай холбоотой бусад баримтууд:

  • 2009 онд гуравдугаар 29-ний өдөр Вьетнамд болсон Эх дэлхийн цагийн үеэр замын гэрлүүд нэг цагийн турш унтарсан учраас замын түгжрэл нэг цагийн турш үргэлжилж, энэ үеэр гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна.
  • 2010 онд Финлянд улсад болсон “Эх дэлхийн цаг”-ийн үеэр үл мэдэгдэх нэгэн этгээд 48 настай нэгэн эрийг толгой руу нь хүчтэй цохиж амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Түүний 17 настай хүү ч бага зэрэг гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.
  • Эх дэлхийн цагийн эсрэг “Хүний цаг” гэдэг хөтөлбөрийг либертари үзэлтэй хүмүүс европийн улсуудад өрнүүлж эхэлжээ. Энэ нь нэг цагийн турш хүмүүс ямар нэгэн хоол идэхгүй байх утгатай аж.
  • Эх дэлхийн цагийг эсэргүүцэгчид энэ бол Кока-Кола корпорацийн албан ёсны сурталчилгаа учир дэмжихгүй байх хэрэгтэй гэж үзэн эсэргүүцлийн арга хэмжээг яг энэ үйл явдалтай зэрэгцүүлэн зохион байгуулдаг аж.
  • Филиппин улсад 2010 онд “Эх дэлхийн цаг”-ийн үеэр хотын төвд зогсч байсан 4-5 хүүхдийг хулгайлсан хэрэг гарчээ. Нэг өдрийн дараа хүүхдүүдийг олсон бөгөөд хүнд ажил хийлгэх гэж оролдсон байжээ.

Эх дэлхийн цаг Монголд

2010 онд

Австралийн Сидней хотод дөрөв дэх жилдээ зохион байгуулахад нь Монгол орон энэ хөдөлгөөнд нэгдэн орсон юм. 2010 оны гуравдугаар сарны 26-нд зөвхөн Улаанбаатар хотод “Эх дэлхийн цаг” анх удаа цохилж эхэлсэн бөгөөд 4000 орчим хүн оролцов. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн орой 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтраан уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлдэг энэ арга хэмжээний агуулгыг таниулах нь энэ удаагийн гол зорилго байсан юм.

Нэг цагийн турш гэрлээ унтраахыг уриалдаг энэхүү арга хэмжээний тухай монгол хүн юуны түрүүнд “тэртэй тэргүй цахилгаан тасардаг хойно бас л гэрэл унтраах гэлээ” гэсэн ундууцлаар хүлээн авч байсан нь нууц биш юм. Харин энэ нь хүчээр гэрэл цахилгаан таслах бус, тэрхүү эрчим хүчийг үйлдвэрлэхэд ялгардаг хүлэмжийн хийг багасгахад сайн дураараа хувь нэмрээ оруулах бэлгэдэл юм гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн нь том ололт байлаа.

2011 онд

Улаанбаатарт 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн юм. Монгол оронд энэ үйл ажиллагаа хөдөө орон нутагт тэлж, 2011 онд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдэн эх дэлхийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн гэдгээ илэрхийллээ. Энэхүү чин эрмэлзэл нь 60+ бэлгэдлийн гол илэрхийлэл болох зөвхөн нэг цаг гэрлээ унтраахаар хязгаарлагдахгүйгээр байгалийн аливаа нөөцийг хэмнэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ өдөр тутамдаа оруулах оролдлогоор өргөжсөөр байна.

Увс аймаг нь Монгол орны харьцангуй сэрүүн бүсэд оршдог тул 2011 оны “Эх дэлхийн цаг”-ийг цасан дээр тэмдэглэн өнгөрүүлснээрээ, мөн хөдөөний монгол хүн харанхуй бүдүүлэг гэж төсөөлдөг байсан гаднын олон хүнд ухаалаг монгол хүний имижийг өсгөж өгсөн онцлог үйл явдал болсон юм.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээний үеэр гэрлээ унтраан дэмжсэн хүн нэг бүрийг тоолох нь Монголын нөхцөлд хараахан боломжгүй ч 2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсан гэсэн үг юм. Хэдийгээр лаа асаах нь ялгаагүй нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул үр нөлөөгүй гэсэн зарим хүний хандлага гардаг боловч “Эх дэлхийн цаг” аяны үеэр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шалтгаан, байгалийн нөөцийг хэмнэхийн ач тусыг ойлгосон хүмүүсийн цаашдын өдөр тутмын амьдралд гарах эерэг өөрчлөлт нь хэмжээлшгүй ач холбогдолтой юм.

2012 онд

Энэ жил Улаанбаатар, Улаангом, Ховд хотуудад тус аян урьдын адил зохион байгуулахаас гадна Говь-Алтай аймгийн төв Алтай хотын залуус нэгдэхээ илэрхийлээд байгаа юм. Хүн амын хэмжээгээрээ, хөгжлийн төвшнөөрөө тэргүүлдэг улс гүрнүүдийг бодвол манай орон дахь эрчим хүч, байгалийн нөөцийн хэрэглээ харьцангуй бага боловч мал аж ахуй, түүхий нүүрсний хэрэглээ зэргийг хүн амд харьцуулбал хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дээгүүрт ордог. Иймд монгол залуус зөвхөн дуу хоолойгоо хүргээд зогсохгүй бодит санаачлага, уриалгыг дэвшүүлэн ажил хэрэг болгохоор төлөвлөөд байгаа юм. Улаанбаатар хотноо энэ жил ЕБС-ийн ахлах ангийнхан, Их, дээд сургуулийн оюутнууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд аяны хэмжээнд дэмжин оролцохоо мэдэгдээд байна.

Эерэгээр амьдарцгаая

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Австрали дахь салбарын санаачлагаар 2007 оноос эхэлсэн энэ хөдөлгөөнийг дэлхий дахинаа Кока Кола корпораци эхнээс нь дэмжиж ирсэн билээ. Монгол оронд ч мөн адил Кока Кола компани тууштай дэмжин ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон тууштай хамтарсаар ирсэн. Энергийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарчим нь Кока Колагийн “Эерэгээр амьдрах 7 зарчим”-ын нэгэн тулгуур багана юм. Тэд зөвхөн сургалт сурталчилгааны ажлуудыг дэмжээд зогсохгүй үйлдвэртээ аль болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлийг сонгодгоороо онцлог юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай

Эх дэлхийг “багалзуурдагч” дулаарал

Хөгжил заавал хохирол дагуулдаг бичигдээгүй хуулийн дагуу сүүлийн 50 жилд дэлхийн цаг агаарт маш их өөрчлөлт гарсан. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Хэрвээ бид дэлхийн дулаарлыг зогсоож эх дэлхийгээ аврахгүй бол удахгүй өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох юм. “Sunday Times”-т энэ талаар тодорхой бичжээ.
 

Дэлхийн дулаарал гэж юу вэ?    

Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас цаг уурын гоц үзэгдэл ихсэж, далайн усны төвшин, хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө.Энэ нь мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна.

Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?

Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно.

Хүлэмжийн хий гэж юу вэ?     

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог,нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг.Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.

Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?

Зургаан төрлийн үндсэн хий бий. Нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Уг нь эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Хий ямар хугацаанд алга болох вэ?

Хий агаар мандалд усталгүй олон арван жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэх юм байна.

Хүлэмжийн хий 2020 онд хоёр дахин нэмэгдэх үү?

Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хий, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.

“Киотогийн протокол” гэж юу вэ?

“Киото”-гийн протокол 1997 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна.

Хойд мөсөн далайн мөс хайлж байгаа нь дэлхийн уур амьсгалд нөлөөлөх үү?

Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн төвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн төвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлж байгаатай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж