”Хэрвээ би шидтэн байсан бол…”

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

”Хэрвээ би шидтэн байсан бол…”

Өнгөрөгч лхагва гаригт хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Тодруулбал, уг хуульд заасан “мажоритари 48 тойрогт нэр дэвшигчид тойргийн нийт сонгогчдын 28 хувиас илүү санал авсан бол УИХ-д сонгогдсонд тооцно” гэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ заалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн “шууд сонгох эрх”-эд халдаж, иргэдийн өгсөн санал хөдөлшгүй байх агуулгыг зөрчсөн гэсэн иргэн П.Одгэрэл нарын гомдлыг Цэц хүлээж авсан байна.

Хуульд зааснаар УИХ-ын дунд суудлын хуралдаанаас гарсан энэ шийдвэрийг УИХ хаврын чуулган нээснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахгүй байх эрхтэй ч үүний дараа Цэц дээд суудлаараа хуралдахад хүрвэл тэр нь эцсийн шийдвэр байх болно. Гэхдээ хууль санаачлагчдын зүгээс “УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон” гэдэг тайлбарыг бас хийж байгаа. Энэ тайлбарыг мөрдлөг болгоно гэвэл Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг УИХ хүлээж авахдаа 2016 оны сонгуулиас эхлэн хэрэгжүүлэхээр хийж ч болох л юм. Гэхдээ энэ бол зөвхөн “хэрвээ …” шүү дээ. Харин бодит байдал гэвэл Цэцийн эхний шийдвэр. Тиймээс “Хэрвээ би шидтэн байсан бол…” гэдэг шиг “гулсдаг 28 хувь” байхгүй болсноор сонгууль яаж явах вэ гэдгийг харах гээд үзье.

Хамгийн товч бөгөөд тодорхой зүйл нь нэр дэвшигчдийн хувьд тойрогтой нь тойргоосоо, жагсаалтад орсон нь жагсаалтаасаа сонгогдох л ганц зам үлдэж байгаа юм. Мажоритари тойрогт нэр дэвшигчид пропорциональ тойрог руу гүйдэг 28 хувийн босгыг үгүй болгосноор тухайн тойрогт оногдсон мандатын тооноос илүү гарч УИХ-д сонгогдох боломжгүй болж байгаа юм. Тиймээс хууль батлагдсаны дараа мажоритари тойрог руу тэмүүлж байсан гишүүдийн дур хүсэл Цэцийн шийдвэр гарсны дараа пропорциональ тойрог руу эргэж ч магадгүй. Гэхдээ хүссэн болгоныг нь пропорциональ тойрог руу чихээд байвал нам нь өөрөө сонгуульд ялалт байгуулах боломж хомсдоно. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад орох гишүүдийн шалгуурыг өндөрсгөх шаардлагатай болж байна гэсэн үг. Ингэхийн тулд улс төрийн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах ч юм уу, эсвэл нэр дэвшигчдээ тодруулах журмаа тодорхой болгож, илүү олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар шийдвэрлэх ёстой гэсэн үг.

Уг нь сонгуулийн хуулинд пропорционалийн систем оруулж ирж байх үед “Үүнийг дагаад улс төрийн намуудын тухай хуульд ч бас өөрчлөлт оруулах ёстой” гэж ярьцгааж байсан боловч одоо нэгэнт тийм хугацаа үлдээгүй билээ. Хэдийгээр намын дүрэмд өөрчлөлт оруулах байдлаар нэр дэвшигчдийн шалгуурыг тодорхойлж болох авч үүний тулд намууд их хурлаа зарлаж хуралдуулах ёстой. Гэтэл тийм хугацаа ч бас байхгүй. Угаасаа намын их хурал дөрвөн жилд ганц удаа хуралддаг, энэ нь УИХ-ын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болдог учраас бас л боломжгүй гэсэн үг. Тиймээс хариуцлага одоо зөвхөн намын удирдлага, удирдах байгууллагууд дээр ирж байна.

Уг нь бол сонгуулийн системд пропорционалийн элемент орсон тохиолдолд намын листийг хаалттай хийх үү, нээлттэй хийх үү гэдгийг ярих ёстой байсан ч тэр нь одоо хэр нь тодорхойгүй байгаа. Ихэнх тохиолдолд хаалттай буюу нам дугуйлах, гэхдээ жагсаалтад орсон нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудасны ард хавсаргах, эсвэл санал өгөх байруудад байрлуулах, үгүй бол тухайн намын мөрийн хөтөлбөртэй хамт сонгогчдод тараах гэсэн гурван хувилбар л яригддаг юм. Энэ нь өөрөөр хэлбэл, хаалттай листний тухай ярьж буй хэрэг.

Харин нээлттэй лист гэдэг нь намын жагсаалтад орж буй 28 нэр дэвшигчийн нэр саналын хуудас дээр өрөгдөж, сонгогч тухайн намаас нэр дэвшиж буй аль нэг хүний нэрийг дугуйлахад нэгэн зэрэг тухайн намд санал өгсөнд тооцогддог. Нэг зэрэг намдаа ч санал цуглуулж, өөртөө ч санал авна гэсэн үг. Тэгээд тухайн намын авсан саналын эрэмбээр хэдэн хүн парламентад суудал авсныг тодорхойлох ба хамгийн олон санал авсан нэр дэвшигчээс эхлэн суудлыг хуваарилна. Давуу тал нь сонгогчийн санал илүү бодитой гарч ирнэ. Хэн УИХ-д суухыг нам бус, сонгогч шийдэж байна гэсэн үг. Харин сул тал нь намын удирдлагын байр суурь болон бодлогоос үл шалтгаалан УИХ-д суугчид гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, намын бодлогоос түрүүлээд хувийн тоглолт хийгчид олшроод ирэх боломжтой. Намын дарга нарын эрх мэдэл хумигдаад, улс төрийн нам дээр ирэх хариуцлага сулраад ирж байгаа юм. Тиймээс аль ч намын хувьд энэ нээлттэй листээр санал авахыг урьтал болгохгүй байгаа билээ.

Ямартай ч сонгуулийн хуулийн санал гулсдаг заалт үгүй болбол пропорционалийн элементийг хуульд тусгасны давуу тал илүү томорч харагдах ёстой. Гэхдээ энэ нь жагсаалтад орж буй нэр дэвшигчдийн чанар чансаа ямар байхаас илүү хамааралтай болж байна. Мажоритари 48 тойрог дээр нэр дэвшигчдийн хариуцлага, шалгуурыг ч гэсэн улам л өндөрсгөх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл тухайн тойрогт олгогдсон мандатын тооноос хамааралгүйгээр “28 хувийн босго давсан” гэдэг шалгуураар пропорциональ суудал руу гулсаж орох боломжгүй болчихож байгаа учраас.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж