Спрайт супер лигийн плей-офф эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Спрайт супер лигийн плей-офф эхэллээ

“TLG-13” ТББ болон “МCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2012 оны улирлын плейоффын шатны тоглолтууд эхэллээ. Энэ шатанд шалгарсан шилдэг найман багийн эхний тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөж, эцсийн мөчид тоглолтын ялагч тодорчээ.

Плей-оффын эхний тоглолтуудад “Танан Импекс”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Орчлон мон торх”, ИНЕГ-ын “Буянт-Ухаа” багууд өрсөлдөгчөө буулган авснаар цувралыг 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Ингээд тоглолтын тоймыг хүргэе. 
 

“Танан Импекс” илүүрхлээ

2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга, супер лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлэгч “Танан Импекс” баг плей-оффын тоглолтод лигийн плейоффт наймаар шалгарсан “Хөвсгөл нэг үе” багтай учраа таарлаа. Тоглолтын эхний үе  30:31 харьцаатайгаар, 2 үе 48:52 харьцаатайгаар тус тус “Хөвсгөл нэг үе” багийн давамгайлалд өндөрлөсөн хэдий ч төгсгөлийн сүүлийн хоёр үед “Танан импекс” илүү байснаар цувралын эхний тоглолтыг 116:98 харьцаатайгаар өрсөлдөгч багаа буулган авлаа. Ингэснээр тэд цувралыг 1:0 харьцаатайгаар тэргүүлж, нэг ч хожигдолгүй лигийн цувралаа үргэлжлүүлж байна. Тус тоглолтонд “Танан импекс” багаас О.Ууганбаяр 30 оноо, + 8 самбар,  + 4 оновчтой дамжуулалт өгсөн бол Алтангэрэл 20 оноо, + 13 самбар авч дабль дабль хийлээ. Харин Даваажав, Ихбаяр, Дорждагва, Отгонсүх нар тус тус 10-аас дээш оноо авч багаа хожилд хөтөллөө. “Хөвсгөл нэг үе” багаас Бат-Эрдэнэ 25 оноо, Тайванхүү 24 оноо, Мөнхсайхан 13оноо авч багаасаа шилдгүүд байлаа.  Тайванхүүгийн хувьд хэрэгтэй үед алсын зайнаас дөрөв удаа амжилттай довтолж шилдэг тоглолт үзүүлсэн хэдий  ч баг нь  хожигдлоо.

“Эрдэнэдрийлинг RIGS”  баг эцсийн мөчид ялалт байгууллаа

Плэйоффын хоёрдахь тоглолт “Эрдэнэдрийлинг RIGS” болон “УБЦТС ХК” багуудын хооронд боллоо. Тус хоёр багийн хувьд Спрайт лигийн шилдэг багуудын нэг бөгөөд 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө өрсөлдөж байсан билээ. Энэ удаад супер лигийн плэйоффын эхний шатанд дахин таарсан. Тоглолт эн тэнцүү өрнөж, тоглолтын тэргүүллийг багууд ээлжлэн авч байлаа. Хамгаалалтаас хурдан довтолгоо хийж тоглож байсан хоёр багийн тоглолт  “Эрдэнэдрийлинг RIGS”  багийн тэргүүллээр буюу тоглолтын эцсийн мөчид 95:92 харьцаатайгаар өндөрлөсөн юм.   Тус тоглолтонд “Эрдэнэдрийлинг RIGS” багаас Эрдэнэдалай 16 оноо, +11 самбар авч дабль дабль хийн шилдэг нь байлаа. Мөн  Баярбат 11 оноо, Оюунбат 9, Мөнхнасан 9 оноо авч багаа хожилд хүргэсэн юм.  Эцсийн мөчид хожигдол хүлээсэн “УБЦТС ХК” багаас Бямбадорж маш сайн тоглолт үзүүлсэн. Тэрээр 18 оноо, + 8 самбар авсан бол Батбаяр 16 оноо, Энхзориг 10 оноо, Бат-Эрдэнэ 10 оноо аван шилдгүүд байсан ч  баг эхний тоглолтонд хожигдлоо.

Хүчирхэг “ОТИС” багийг “Орчлон Мон торх”  баг хожлоо

Спрайт хөгжлийн лигийн анхны аварга, энэ жил багтаа өөрчлөлт шинэчлэлт нэлээн хийсэн лигийн хүчирхэг багуудын нэг “ОТИС” баг плэйофф 3-аар шалгарсан. Плэйоффын эхний шатанд Спрайт супер лигийн хоёр багийн нэгдсэн баг болох “Орчлон Мон торх” (Сак гуард + Орчлон  Li-ning) багтай таарсан юм.  Хоёр багийн тоглолтын эхний үе 20:20 харьцаатай өндөрлөсөн. Харин тоглолтын 2 үеэс  “Орчлон Мон торх” багийн ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж тоог холдуулж эхэлсэн юм.  “I chuk”  багаас солилцооны цонхоор орж ирсэн Ууганбат, Тамжид хоёр үүргээ сайн биелүүлж, шилдэг нь байсан. Улмаар 2 үед тасарсан оноо ойртох бус, холдсоор тоглолт дуусахад 104:87 харьцаатайгаар “Орчлон Мон торх” баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэж байсан “ОТИС” багийг буулган авлаа.  Тус тоглолтонд “Орчлон Мон торх” багаас холбон тоглогч  Тамжид 23 оноо, Ууганбат 21 оноо, +11 самбар, +4 оновчтой дамжуулалт, + 4 бөмбөг таслалт хийж, маш сайн тоглолт үзүүлсэн.  Мөн Ууганбат  алсын зайнаас дөрөв довтлоход гурав нь байндаа тусчээ. Харин “ОТИС” багаас гарааны таван тоглогч нь 10-аас дээш оноо авч, жигд тоглолт үзүүлсэн  ч багийн лидер тоглогчид сайн тоглосонгүйгээс болж баг нь хожигдлоо.

Хошой аварга илүү

Плэйоффын эхний шатанд Спрайт лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт Ухаа” болон 2010 оны аварга “Мега старс” багууд таарч, эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үед ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийн гарааны таван тоглогч маш сайн тоглож эхний үеийг 30:16 харьцаатайгаар ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг тэргүүлсэн. Тоглолтын 2 үед эсрэгээрээ  “Мега старс” багийн гарааны таван тоглогч сайн тоглолт үзүүлж, тоог нөхсөн. 3 үеэс тоглолтын оноо ойртож, эн тэнцүү тоглож, ээлжлэн тоглолтыг тэргүүллийг авч байлаа.  Харин шийдвэрлэх 4 үеийн төгсгөлд оноо ойрхон явахад ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийн Энх-Учралыг эсрэг багийн самбараас  бөмбөг авч, амжилттай довтолж багаа хожилд хүргэсэн юм. Улмаар 83:79 харьцаатайгаар ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг ялалт байгуулснаар цувралыг тэргүүлж эхэлсэн. Тус тоглолтонд  ИНЕГ-ын “Буянт Ухаа” багаас Цогтбаяр 17 оноо, Нямдаваа 14 оноо, Бямбанаран 13 оноо, Тэмүүлэн 11 оноо тус тус аван чухал тоглолтонд багтаа хожил авчирлаа. Харин “Мега старс” багаас Хүлэг-Эрдэнэ 17 оноо авсан бол түүнээс гадна гарааны таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч баг нь хожигдол хүлээлээ.

Спрайт супер лигийн плэйоффын эхний тоглолт ийнхүү явагдлаа. Харин хариу тоглолт болон энэ улирлын “Бүх оддын тоглолт” энэ бямба гаригт буюу 3 сарын 31-нд Эрдэнэт хотын Хангарьд  цогцолборт болно.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж