ЕАБХАБ-ын удирдлага Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын удирдлага Монголд айлчилна

Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны дэргэд суугаа ажиглагч Элчин сайд Ж.Энхсайхан тус байгууллагын энэ жилийн дарга улс болох Ирланд улсын Байнгын төлөөлөгч Ион Оулиарийтай уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлыг  ярилцав. Уулзалтын үеэр Ирланд улсын Байнгын төлөөлөгч Ион Оулиарий болон ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер тэргүүтэй тус байгууллагын төлөөлөгчид ирэх зургадугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төр, засгийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй тус тус уулзаж, үйл ажиллагаатай нь танилцах бөгөөд Монголд ажилласан тухайгаа гишүүн орнууддаа Байнгын зөвлөлөөрөө дамжуулан илтгэх ажээ. Тус байгууллагад бүрэн эрхт оролцогч улсаар (гишүүнээр) Монгол Улс нэгдэх асуудлыг энэ оны намар гэхэд шийдэх бодолтой байгааг Ирландын Байнгын төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.

Европ, Хойд Америк болон Төв Азийн 56 улсыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллагын удирдлагаар ахлуулсан төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал үр дүнтэй болж, тус байгууллагад элсэх Монгол Улсын хүсэлт эергээр шийдэгдэнэ гэдэгт Монгол Улсын Элчин сайд итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, гишүүнээр элсэхтэй холбогдсон зарим асуудлыг хөндөж ярьжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж