Өмгөөлөгчдийн холбооноос мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн холбооноос мэдээлэл хийлээ

Монголын өмгөөлөгчдийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд болсон цагдаагийн хуучин удирдлагуудыг шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгчид, шүүх бүрэлдэхүүний хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурал өнөөдөр болсон юм. Тус хурлаар цагдаагийн экс-удирдлагуудад өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Ц.Мөнхдэлгэр, Д.Энхтунгалаг нарын гаргасан хүсэлтийг хэлэлцсэн байна. Дээрх нэр бүхий таван өмгөөлөгч  Өмгөөлөгчдийн холбоонд  гаргасан хүсэлтдээ “шүүх хэргийг өмгөөлөх үйл ажиллагааны баталгаа алдагдуулж байна” гэжээ. Тухайлбал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх бүрэлдэхүүнд тавьсан хүсэлтийг удаа дараа хүлээж авахгүй байна, Г.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Мөнхдэлгэр 29 хавтас хэргийн дөнгөж хоёртой нь танилцсан байхад хэрэгтэй танилцах боломжоор хангахгүй байна, өчигдөр болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгчдийг хоёр цаг орчим саатуулж, заримынх нь биед халдсан байдал гаргасан талаар дурджээ. Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах, тэднийг ажиллах нөхцөлөөр хангахад анхаарал хандуулж ажилладгийн хувьд дээрх асуудлаар хуралдсан аж. Энэ талаар Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатараас тодрууллаа.

-Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гарав?

-Эхний ээлжинд өмгөөлөгчдийнхөө гомдлыг хүлээн авлаа. Гэхдээ шууд дүгнэлт хийж болохгүй. Хүсэлтэд дурдагдсан зүйлсийн дагуу судлаад цаашид ямар арга хэмжээ авах талаар тухай бүрт нь мэдээлнэ. Гомдолд дурдагдсан зүйлсийг шалгаж, судлах болно.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмгөөлөгчид  үйлчлүүлэгчээсээ татгалзаж, шүүх хурлыг орхиж гарсан нь хэд, хэдэн хуулийн зүйл заалт зөрчсөн талаар мэдээлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тийм мэдээлэл хийсэнд гайхаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүн таслах ажиллагаанд оролцох ёсгүй.

-Тэгэхээр өмгөөлөгч нар шүүх хурлыг орхиж гарсан нь хууль бус үйлдэл биш гэж үзэж байна уу?

-Хуулиараа болон өмгөөлөгчдийн холбооны дүрэмд  үйлчлүүлэгчээс татгалзах эрх бий. Үйлчлүүлэгчээс татгалзана гэдэг өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хоорондын асуудал. Үйлчлүүлэгчээс татгалзсаны дараа тухайн үйлчлүүлэгчийн эрхийг хэрхэн хангах асуудал яригддаг.

-Шүүх хурлыг орхиж гарсан дээрх нэр бүхий таван өмгөөлөгчийг баривчлах захирамж гарсан гэх мэдээлэл  байна?

-Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар тийм захирамж гараагүй байна гэсэн.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж